2014 он: Дэд байр Х.БОЛОРМАА. "Өнөөдөр" сонин "Эрэлтэд дөрөөлж эрээгүй аашилсан барилгынхан" цуврал

Хэнзээгийн БОЛОРМАА
“Өнөөдөр” сонин


 

 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2003 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлчийн ажлын гараагаа Дархан хотын “Найрамдлын Дархан” сониноос эхэлж, өдгөө “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны даргаар ажилладаг.

Эрэн сурвалжлах, эрүүл мэнд, хүмүний аж амьдралын сэдвээр бичдэг. “Гаргүй” гал сөнөөгчид, “100 цэцэрлэг” хөтөлбөр дэвшүүлье”, “Харийнхан хөнжлөө үүрээд айсуй”, “Тамгатай боол” зэрэг олон шилдэг нийтлэл туурвисан. 2012 оны шалгаруулалтад Шилдэг аравт багтаж байсан. Барилгын компаниуд иргэдэд худалдсан орон сууцныхаа талбайгаас хумсалдаг талаарх нийтлэлийг хэвлэлийн хуудаснаа анх удаа хөндөн бичсэн нь Монголын нийгмийг хамарсан томоохон сэдэв болж, үр дүнд хүрсэн.

Энэ талаарх “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” нийтлэлээрээ 2014 оны БАЛДОРЖ шагналын Дэд байрын эзнээр тодорч байна.

ЭРЭЛТЭД ДӨРӨӨЛЖ ЭРЭЭГҮЙ ААШИЛСАН БАРИЛГЫНХАН

Цуврал 1

БАРИЛГЫН КОМПАНИУД ИРГЭДЭД ЗАРСАН ОРОН СУУЦНЫХАА ТАЛБАЙГААС 2-17 АМ МЕТРИЙГ ХУМСАЛЖЭЭ

91.75 ам метр талбайтай орон сууц худалдан аваад байрандаа ортол таны байр 82.74 ам метр талбайтай байвал яах вэ. Барьж зарсан барилгынхаа талбайгаас есөн см биш, бүхэл бүтэн есөн ам метр талбай сох дутааж, нэг айлаас 18.9 сая төгрөг луйвардаж авсан компани байх юм. Ганцхан айлын байрнаас 17 ам метр талбай хумсалсан компани ч байна. Иргэдийг ингэж хохироож буй даварсан компаниудыг Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран шалгаж байна. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатартай ярилцлаа.

-Ямар ямар, хэчнээн компани иргэдийн орон сууцны талбайгаас хумсалж байсан юм бэ. Бүгдийг нь шалгаж амжив уу?

-Бүгдийг нь шалгаж амжаагүй байна. Хамгийн олон хүнийг, хамгийн их хохироосон нь “Тайгам Алтай”, ”Асар порпертиз” ХХК. Анх манайд 11 компанийн талаар гомдол ирсэн. Түүнээс хойш дахиад компаниуд нэмэгдэж байна. Иргэдийн гомдол ирсээр байгаа. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд нэг орцтой 24 айлын орон сууц бий. Энэ байрны бүх айлын талбайн хэмжээ дутсан. “Тайгам Алтай” компани гэхэд орон сууц худалдан авагчидтай гэрээ хийхдээ иргэдийг төөрөгдүүлэх арга хэрэглэжээ. Тухайлбал, гэрээ байгуулахдаа 45 болон 48 ам метр гэж хоёр өөр хэмжээ гэрээн дээр бичсэн байгаа юм. Үүнийгээ 45 нь стандарт хэмжээ, 48 нь манай компанийн стандарт гэж тайлбарласан. Худалдан авагчдад ч ингэж тайлбарласан байгаа юм. Тэгээд талбайгаа 48 ам метрээр тооцон, мөнгөө авсан. Гэтэл байрны гэрчилгээ гараад иртэл 48 биш 45 ам метр гээд биччихсэн байхаар нь тухайн иргэн гайхаад манайд хандсан. Бид шалгаад үзтэл бүр 45 биш 40 ам метр талбайтай байр байсан.

-Стандарт хэмжээ гэж юуг хэлээд байна?

-”Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 гэж стандарт бий. Компаниуд барилгын талбайн хэмжээг тогтоож, борлуулахдаа энэ стандартыг мөрдөх ёстой. Үүнээс өмнө Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журмаар орон сууцны талбайн хэмжээг тогтоож байсан. Уг журамд ч орон сууцны талбайн хэмжээг ханын дотор талаас хэмжинэ гэж заасан байдаг. Гэтэл барилгын компаниуд манай стандарт ийм гэсэн өөр юм ярьж, иргэдийг хохироодог юм байна. Ингэж болохгүй. Мөрдүүлэх гэж л стандарт баталдаг. Үүнийг барилгын компанийн эзэд, ажилтнууд мэдэхийн дээдээр мэддэг. Тэгсэн хэрнээ энэ стандартыг мөрдөхгүй, барилгын талбайн хэмжээг нэмж биччихээд бидний стандарт гэж тайлбарладаг юм байна. Энэ айлтай байгуулсан гэрээнд гэхэд талбайн хэмжээг 52.7, 55.8 гэж хоёр өөрөөр бичсэн байгаа биз (үзүүлэв). Нэг ам метр талбайгаа 1.2 сая төгрөгөөр тухайн үед заржээ. 52.7 ам метр талбайтай байрыг 55.8 ам метр талбайтай гэж 66.960.000 төгрөгөөр борлуулжээ.

-Манай стандарт гэж юуг хэлж байх юм. Барилгын компаниуд талбайг яаж хэмжээд иргэдийг ингэж хохироосон юм бэ?

-Барилгын компаниуд ханын голоос эсрэг талын ханын гол хүртэл хэмжээд байгаа юм.

-Гэрээн дээр нь хоёр өөр хэмжээ биччихсэн байхад иргэд яагаад анзаардаггүй, шалгадаггүй юм бол?

-Найман хувийн хүүтэй зээл хөөцөлдөөд талбайн хэмжээ энэ тэрийг анзаардаггүй бололтой. Дээрээс нь барилгын компаниуд их муухай аргатай. Гэрээн дээр “Орон сууцны талбайн хэмжээг ось тэнхлэгээс хэмжсэн болно” гээд биччихсэн байгаа юм. Иргэд анзааралгүй гарын үсэг зурчихсан байдаг. Эргээд барилгын компанидаа хандаад, “Манай байрны талбайн хэмжээ дутуу байна” гэхэд “Чи гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан. Одоо юу яриад байгаа юм” гээд хүлээж аваагүй байна лээ.

-Ось гэдэг нь ханын голоос гэсэн үг үү?

-Тийм. Ингэж төөрөгдүүлж бичээд, иргэдээр гарын үсэг зуруулчихсан. 48 ам метр талбайтай гэж зарсан байр нь 45 ч биш бүр 40 ам метр байсан.

-Стандарт гээд байгаа хэмжээндээ ч хүрэхгүй байгаа юм уу?

-Хүрэхгүй байна. Гэрээн дээрх хоёр тоо нь хоёул худал гэдэг нь хэмжилтээр тогтоогдсон.

-Хамгийн олон иргэнийг хохироосон нь ямар компани байх юм.

-“Хаан сивил” орон сууцны хороолол барьж буй “Асар порпертиз” гэж компани бий. Энэ компани иргэдийг хамгийн их хохироосон байна. Одоо манай шалгаж буй компаниуд дунд иргэдэд учруулсан хохирлын хэмжээгээрээ энэ компани нэгдүгээрт бичигдэж байна. Эднийх орон сууц худалдаж авсан бүх айлыг хохироосон байна лээ. Айлууд нь өргөдлөө өгөөд дуусаж байгаа. 91.75 ам метр талбайтай гэсэн айлын талбайг хэмжихэд 82.74 ам метр байсан. “Хаан сивил” хорооллын 200-гаад айлыг хохироожээ. Талбайн ам метр нь 2.1 сая төгрөгийн үнэтэй. Нэг л айлыг гэхэд 18.9 сая төгрөгөөр хохироосон. Ганц айлаас гэхэд л 17 ам метр талбай дутаасан байсан. Айл бүрийн талбайгаас дутаасан гэхээр дэндүү их мөнгө завшсан байгаа юм.

-Том талбайтай байр авсан хүнээс илүү их талбай хумсалсан байх нь ээ?

-Тийм. Талбайн хэмжээ нь томрох тусам хохирлын хэмжээ нь нэмэгдсэн.

-Эднийх гэрээгээ яаж байгуулсан байна вэ. Луйвардахдаа ямар арга хэрэглэсэн юм бол?

-“Асар порпертиз” ХХК худалдан авагчидтай хоёр удаа гэрээ байгуулжээ. Ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа зургаан сарын дараа оруулсан. Төлбөрөө 30, 30, 30, 10 хувиар дөрөв хувааж авчээ. Худалдан авагч иргэнээс бүх мөнгөө авч дууссаны дараа “Гэрээгээ шинэчилж байгуулна. Танай байрны дугаар 101 биш юм байна. Хот төлөвлөлтийн газар байрныхаа дугаарыг соль гэсэн. Тиймээс гэрээгээ шинээр хийе” гэсэн байгаа юм. Эсвэл гудамжны нэрийг гэрээндээ буруу бичих арга хэрэглэсэн. Гэрээгээ сольж, шинээр байгуулахгүй гэхээр “Тэгвэл больчих. Мөнгийг чинь буцааж өгье. Байраа буцаавал үнийн дүнгийн 10 хувийг суутгана. Та 2.1 саяар авсан, одоо манай байрны нэг ам метр талбайн үнэ 2.4 сая болсон” гэдэг. Ингэж шахаанд оруулахаар тухайн хүн яаж байраа буцаах юм бэ. Гэрээгээ сольж л таарна биз дээ. Сольж, шинээр байгуулсан гэрээн дээр нь байрны талбайн хэмжээ заагаагүй байсан. Анхны гэрээн дээр байрны талбайн хэмжээг заасан хэрнээ шинэ гэрээн дээр тийм тоо байхгүй. Ингэхээр шүүхээр заргалдаад ч нэмэргүй.

-Ямар муу аргатай юм бэ?

-Энэ компаниас байр авсан хүмүүс нэг ам метр талбайг 2.1 сая төгрөгөөр анх худалдаж авсан. Гэтэл гэрээ сольсноор гурван өрөө байр л төдөн төгрөгөөр авлаа гэсэн болчихсон. Ингэхээр байрны талбайн хэмжээ дутлаа гэж заргалдах ямар ч боломжгүй болж байгаа юм. Иргэдийг ийм аргаар хохироосон.

-Иймэрхүү байдлаар хууртаж, хохирсон иргэд олон байгаа. Тэд гэрээгээ барьж ирээд танайхаар шалгуулж болох уу?

-Иргэний хуулийн дагуу гомдол хөөн хэлэлцэх хугацаа гэж бий. Энэ хугацаа нь гурван жил. Орон сууц худалдан авах гэрээ байгуулаад гурван жил өнгөрөөгүй бол манайд хандаж болно. Гурван жилийн дотор гэсэн үг шүү дээ.

-Иргэд хохирлоо яаж төлүүлэх вэ. Шүүхэд хандах уу, танайх төлүүлж өгөх үү?

-Манайх төлүүлж өгч байгаа. Гол нь иргэдийг хохиролгүй болгуулах учраас үүнд анхаарч байгаа.

-Барилгын компаниуд иргэдийн хохирлыг төлөхгүй гэвэл яах вэ. Шүүхээр заргалдаад яваад байх уу?

-Манайх өнөөдрөөс эхлээд “Тайгам Алтай”, “МД Тоф” зэрэг албан шаардлага хүлээж авсан ч иргэдийн хохирлыг барагдуулахгүй байгаа компаниудыг бүгдийг нь торгож эхэллээ. Зөрчил бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулна. Таван айл хохироосон бол 50 сая гэх мэтчилэн хохироосон айл бүрийнх нь тоогоор 10 сая төгрөгөөр торгоно гэсэн үг. Айлуудыг хохиролгүй болготол нь 10 сая төгрөгөөр торгоод байх боломжтой. Торгууль тавиад дахин хугацаатай албан шаардлага өгнө. Тэр хугацаанд торгуулиа төлөхгүй бол дахиад торгууль ногдуулж, албан шаардлага өгнө. Гэх мэтчилэнгээр үргэлжлээд байх боломжтой. Манайд тийм эрх бий.

-Хэдий болтол торгоно гэж?

-Бид иргэдийн хохирлыг барагдуултал нь торгох боломжтой. Гэхдээ барилгын компани ашгийн төлөө явдаг, бизнесийн байгууллага учраас торгуулаад байхыг бодохгүй нь лав. Хэрвээ удаа дараагийн албан шаардлагыг биелүүлэхгүй бол барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцална. ШӨХТГ-аас БХБЯ-нд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналаа хүргүүлнэ. Энэ шалгалтыг БХБЯ манайхтай хамтран хийж байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл цуцлуулахад асуудалгүй.

-Зөвшөөрлийг нь цуцалчихсан ч гэсэн дахиад зөвшөөрөл аваад барилга барьчихдаг шүү дээ.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тохиолдолд тухайн компанийн захирлын иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар нь хар дансанд оруулна. Тиймээс энэ хүн дахиад барилгын компани байгуулж, тусгай зөвшөөрөл авах боломжгүй. Өмнө нь бол дахиад компани байгуулчихдаг байсан. Эрүүгийн цагдаагийн газар үүнийг анхааралдаа авч, бидэнтэй хамтарч ажиллая гэсэн. Иргэдэд учруулсан хохирлын хэмжээ нь барилгын компаниудад эрүүгийн хэрэг үүсгэхээр их байгаа юм. Компаниуд 45, 48 гэсэн хоёр өөр хэмжээ гэрээн дээр тавьчихаад иргэдээс мөнгө авахдаа 48-аар тооцож авсан мөртлөө татвар төлөхдөө 45-аар тооцож төлдөг. Энэ бол татвар нуун дарагдуулж, татвараас зайлсхийж буй үйлдэл. Гурван ам метр талбайн зөрүүнээс гэхэд 3.6 сая төгрөгт ногдох татвараас зайлсхийж байгаа.

-Иргэдийн хохирлыг төлж эхэлсэн компани байна уу?

-“Макс өргөө”, “Хурд групп” болон “Корей таун” гэдэг БНСУ- ын хөрөнгө оруулалттай компани иргэдийн хохирлыг бүгдийг барагдуулсан. Дахиад гомдол ирээгүй байна. “Ти Ди Си” гэж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани дөрвөн айлын хохирлыг төлөөд байгаа. Үргэлжлүүлээд төлнө гэсэн.

Орон сууц худалдан авагчдаа хохироосон компаниуд

“Асар портертиз”

“Тайгам Алтай”

“МД тоф”

“Их үйлсийн эрэлд”

“Эко констракшн”

“Тектоник”

“Гангар инвест”

“Меритон”

“Зүмбэр орд”

“Ти Си Ди”

“Макс өргөө”

“Хурд групп”

“Корей таун”

ЭРЭЛТЭД ДӨРӨӨЛЖ, ЭРЭЭГҮЙ ААШИЛСАН БАРИЛГЫНХАН

Цудрал 2

Өөрийн гэсэн хашаа байшинтай болоод айлын хажуу өрөөнөөс гарсан тэр өдөр миний хөл газарт хүрэхгүй байх шиг л санагдаж байв. Байшингаасаа байранд ороход надад бүр далавч ургах шиг л болсон. Хуруу хумсаа хуйхлах шахан байж хуримтлуулсан хэдэн төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч, зээл хөөцөлдөөд бүтмэгц, байраа тохижуулах, төвхнөх гэсээр орон сууцны өрөө талбай хэмжээндээ хүрч байна уу, үгүй юү гэдэгт нэг их анхаараагүй. Мөрөөдөл биелж байгаа мөчид тийм юм бодогддог ч үгүй юм билээ. Харин өдгөө олон орон сууцны барилга, тэр ч байтугай хотхон, хорооллоороо байрны талбайн хэмжээ нь дутсан тухай дуулиан дэгдэж байна. Манай байрны талбай хэмжээндээ хүрч байгаа юм болов уу гэж өөрийн эрхгүй бодогдов. Бараг бүх хүн дэлгүүрээс чихэр авахдаа нэг кг биш 800 грамм байх шиг санагдвал шалгуулдаг, бүр хяналт шалгалтын байгууллагад мэдээлдэг шүү дээ. Ганцхан хоромд идээд дуусгах чихрийн хэмжээнд тэгтлээ их анхаардаг хэрнээ нэг насаараа амьдрах орон байрныхаа талбайн хэмжээг бид нягталдаггүй юм байна. 200 грамм чихэр дутахыг хоёр ам метр талбай дутахтай харьцуулахад дэндүү өчүүхэн зүйл биз дээ. Мөнгөний хэмжээ нь ч хол зөрүүтэй. Уг нь орон сууцны талбай ам метрээр байтугай сантиметрээр ч дутах учиргүй. Барилгын компаниуд хамгийн багадаа нэг айлаас хоёр ам метр талбай хумсалсан байгаа юм. Энэ бол цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох талбай. Айлаас ийм хэмжээний талбай дутна гэдэг бол тэр айлд нэг хүүхэд мэндлэх боломжийг хааж буй хэрэг. Одоогийн залуу гэр бүл хэдэн хүүхэдтэй болохоо байрныхаа талбай, бэнчингийнхээ хэмжээнд тааруулж төлөвлөдөг болсон учраас хоёрхон ам метр талбай яршиг гээд орхиж болохгүй. Цаана нь монголчууд өнөр олуулаа болж чадах уу гэсэн том асуудал бий.

Дунджаас доогуур орлоготой бидэн шиг хүмүүс хоёр ам метр талбай худалдаж авах дөрвөн сая (зах зээлийн одоогийн хамгийн бага ханшаар тооцоход) төгрөгийг цуглуулах гэж бүтэн жил хөдөлмөрлөнө. Ийм хэмжээний талбай зээлээр авсан бол зээл, хүүгийн төлбөрийг төлөх гэж гурван жил ажиллана. Байр бол монголчуудын бараг бүгдийнх нь мөрөөдөл. Байргүй нь байртай болох гэж, байртай нь томруулах гэж хүсдэг. Монголын нэрийг дэлхий дахинд Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүйгээр таниулж байгаа зүйл бол утаа, агаарын бохирдол. Хөрсний бохирдол ч чимээгүй тахал тарьсаар. Үүнийг багасгах хамгийн найдвартай гарц нь иргэдээ орон сууцжуулах гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс барилгын салбарыг төр удам залгах ганц хүү шигээ харж хандаж, байдгаа барьж гүйсэн.

2008-2009 онд барилгын салбар уналтад орж, компаниуд барьсан барилгаа борлуулж чадахгүй сандрахад төрөөс тэдэнд хөнгөлөлттэй зээл олгож, “4000 орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэн, найман хувийн хүүтэй зээл анх удаа гаргаснаар орон сууц борлогдож, энэ салбар уналтаас гарсан юм даг. Үүний дараа тэнгэрт хадсан үнэтэй орон сууцнууд “Ашиглалтад орсон тул захиалга авч байна. Цөөхөн байр үлдлээ. Захиалга авах утас....” гэсэн зар бүхий хулдаас өлгөчихөөд хэдэн жил болсон. Борлогдоогүй тэр барилгууд өнгөрсөн зургадугаар сараас олгож эхэлсэн найман хувийн хүүтэй зээлийн хүчинд л эрэлттэй бараа болоод байгаа нь булзах аргагүй үнэн. Энэ жил барилгын гол материал болох цемент, арматурын үнийг өсгөлгүй, тогтоон барихын тулд Засгийн газар Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд нэлээд мөнгө зарцууллаа. Энэ бүх арга хэмжээ дан ганц барилгын компаниудыг дэмжихэд чиглээгүй, цаана нь иргэдээ бодсон бодлого байгаа ч ийм дэмжлэгийн ачаар барилгынхан башийж байгаа нь үнэн билээ. Ингэж бөөцийлөөд байхад барилгынхан худалдан авагчдаасаа хулгай хийж иржээ. Иргэдийн эрэлт хэрэгцээ, олонхийнх нь нэгэн насны мөрөөдлөөр даажигнан, арайхийж авсан ганц, хоёр өрөө байрных нь талбайгаас хумсална гэдэг байж боломгүй хэрэг.

19 КОМПАНИ ХУДАЛДАН АВАГЧДАА ХОХИРООСНЫГ ТОГТООГООД БАЙНА

Иргэдийн хохирлыг барагдуулаагүй компаниуд

(ШӨХТГ-ын мэдээгээр)

“Асар портертиз”

“Тайгам Алтай”

“Их үйлсийн эрэлд”

“Эко констракшн”

“Тектоник”

“Гангар инвест”

“Меритон”

“Зүмбэр орд”

“New world”

“Эс Би холдинг”

“Азийн идэр хүлэг”

“Отбар”

“Кэй Эйч Ари”

“Оршил констракшн”

“Эн Эм Си Жи”

Иргэдийн хохирлыг барагдуулсан компани

“Ти Си Ди”

“Корей таун”

“Макс өргөө”

“Хурд групп”

ЭРЭЛТЭД ДӨРӨӨЛЖ, ЭРЭЭГҮЙ ААШИЛСАН БАРИЛГЫНХАН

Цуврал №3

Галладаг зуухаа халдаг паараар сольж, халуун ус хананаасаа авах хэрэгцээ Монголын ард түмний 76 хувьд нь бий. Сумын төвд амьдардаг, хөдөө мал малладаг хүмүүс хүртэл наанаа ил гаргаж хэлдэггүй ч цаанаа ийм мөрөөдөл битүүхэн тээж явдаг. Оосор бүчгүй орд цагаан өргөөнд тухлахын тулд монголчууд харьд боолын хөдөлмөр эрхэлж, эх орондоо Туулын мөсийг долоож яваа. Ингэж хуруу хумсаа хуйхалж байж авсан орон сууцных нь талбайгаас барилгын компаниуд хулгайлж байжээ. Хулгайд үл хөдлөх хөрөнгийнхөө нэг хэсгийг алдсан иргэд байрныхаа талбайг хэмжүүлэх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргах, орон сууцыг нь барьсан компанийн хүмүүсийг олж уулзах, хохирлоо барагдуулж авах гээд хөл хүрэх газар бүрээрээ явж, хэл хүрэх эрх мэдэлтэн бүхэнтэй уулзан, 10 тамаа эдэлж явна.

Заавал мөрдөх ёстой стандартыг зөвшөөрөхгүй гээд шүүхэд ханджээ

Худалдан авагчдаасаа хулгай хийсэн барилгын компаниуд харин юу ч болоогүй мэт байх нь даажинтай. Зарим нь бүр ичсэн хүн хүн ална гэгчээр ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ. “Тайгам Алтай” компанийн Нарны гүүрний баруун урд барьсан “Алтай” хотхоноос байр авсан 47 иргэн ШӨХТГ-т хандаад байна. Тус компани эдгээр иргэнийг 227 сая төгрөгөөр хохироочихоод иргэдийн хохирлыг одоо болтол барагдуулаагүй байгаа аж. Стандартчилал хэмжил зүйн газар “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт баталж, 2010 оны хоёрдугаар сарын 1-нээс Монгол Улсын хэмжээнд мөрдүүлж эхэлсэн. Орон сууц барьж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хэн ч бай энэ стандартыг заавал мөрдөх ёстой. Хэрвээ ямар нэг стандарт алдаатай, мөрдөх боломжгүй бол батлагдсанаас нь хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг аж. Харин энэ стандарт мөрдөгдөж эхлээд дөрвөн жил болж байна. Гэтэл “Тайгам Алтай” компани “Энэ стандартыг хүлээн зөвшөөрөхгүй, ийм стандарт барьж биднийг шалгалаа” хэмээн ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ. Тиймээс ШӨХТГ тус компанийг 10 сая төгрөгөөр торгож, барилгын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхээр БХБЯ-нд хандаад байна.

“Гангар инвест” компанийнхан ч бас “Тайгам Алтай”-тай адил байж боломгүй зүйл ярин, ШӨХТГ-т гомдол гаргасан 11 худалдан авагчийнхаа 23 сая төгрөгийн хохирлыг төлөхгүй байгаа аж. ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр хохирсон иргэдийг хүлээн авч уулзахдаа “Гангар инвест” анх иргэдийн хохирлыг барагдуулна гэж байсан ч сүүлдээ үгнээсээ буцсан. Энэ компанийг 10 сая төгрөгөөр торгож, барилгын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхээр БХБЯ- нд хандахаар болсон” гэж тус компаниас байр худалдаж аваад хохирсон иргэдэд мэдээлсэн юм.

1.5 тэрбум төгрөгөөс 200 саяыг нь төлөөд байна

ШӨХТГ-т сарын өмнө барилгын 18 компанитай холбоотой гомдол ирсэн байсан бол өчигдрийн байдлаар энэ тоо 47 болж нэмэгдсэн байв. Эдгээр компани 180 худалдан авагчаасаа 1.5 тэрбум төгрөг хулгайлжээ. Түүнээсээ 23 иргэний 200 сая төгрөгийг буцаан өгөөд байгаа аж. “Макс өргөө” компани гэхэд таван худалдан авагчийнхаа нэгийнх нь, “Их үйлсийн эрэлд” компани “Баян Монгол” хорооллын 10 оршин суугчийнхаа бүгдийнх нь хохирлыг барагдуулжээ. Харин “Өндөр буянт” хоёр иргэний, “Эс Би холдинг” дөрвөн иргэний, иргэн Сүрэнцэцэг 14 иргэний, “Эко констракшн” таван иргэний, “Хан хур”, “Хараа сүмбэр” зэрэг компани иргэдэд учруулсан хохирлоо төлөөгүй байна. Тэд энэ сарын 20-ны дотор иргэдийг хохиролгүй болгохоор хугацаатай үүрэг авчээ. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниар орон сууцныхаа талбайг хэмжүүлэхэд талбай нь дутсан иргэдэд “Ти Ди Си” компани “Манайх хэмжилтийн компанитай тул өөр компанийн хэмжилтийг зөвшөөрөхгүй. Бид өөрсдөө хэмжинэ” гэж хэлжээ. “Хараа сүмбэр” компани “Орон сууцны талбай дутсан асуудлыг одоо хөндөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хариу иргэдэд өгсөн гэнэ.

“Хансвил” хорооллыг барьсан “Тектоник” компани 22 худалдан авагчаа нэгдүгээр сарын 15-ны дотор хохиролгүй болгохоор хугацаатай үүрэг авсан хэрнээ өчигдрийн байдлаар барагдуулаагүй байв. Орон сууцны дутсан талбайн мөнгөө буцааж авахаар очсон худалдан авагчдадаа “Барилгын материалын үнэ өссөн тул дутсан талбайн мөнгийг буцааж өгөх боломжгүй” гэж хэлжээ. Өдгөө орон сууцныхаа нэг ам метр талбайг гурван сая төгрөгөөр үнэлж буй тус компани зарим айлын байрнаас бүр 20 ам метрийг дутаасан байх юм. Тус компанийн санхүүгийн ажилтнууд орон сууц худалдахдаа мөнгөө хувийн дансанд хийлгэж авсан байна. Тиймээс ШӨХТГ-аас тус компанийг шалгуулахаар Татварын ерөнхий газарт хандахаар болжээ. Амласан хугацаандаа иргэдийн хохирлыг барагдуулаагүй тул ШӨХТГ-аас тус компанийг 10 сая төгрөгөөр торгосон ч торгуулиа төлөөгүй байгаа аж.

Улсын комисст ШӨХТГ-ын мэргэжилтнийг оруулъя

Уг нь Улсын комисс орон сууцны барилгуудыг ашиглалтад хүлээж авахдаа талбайн хэмжээ дутаж байгаа эсэхийг нягтлан шалгачихдаг байсан бол барилгын компаниуд иргэдийг ингэж хохироож, дараа нь уг хохирлыг барагдуулах гэж ШӨХТГ бөөн ажил болохгүй байв. Иймд Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжилтнээ оруулахаар ШӨХТГ-ын дарга О.Магнай Барилга хот байгуулалтын сайдад ханджээ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр иргэдтэй уулзаж, хохирлыг нь хэрхэн барагдуулж буйгаа танилцуулсан юм. Энэ үеэр “Компаниудыг 10 сая төгрөгөөр торгох нь багадаж байна. Торгуулийнхаа хэмжээг нэмж болохгүй юм уу” гэсэн иргэдийн асуултад тэрбээр “Барилгын компаниудыг торгох, эрхийг нь цуцлахыг урьтал болгохгүй. Манай байгууллага компаниудыг 10 сая төгрөгөөр хэдэн ч удаа торгох эрхтэй, тэгж болно. Гэхдээ та бүхний хохирлыг барагдуулж, дахин ийм хууль бус зүйл гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна. Энэ нь чухал биз дээ. Одоо хуульд өөрчлөлт оруулахдаа компаниудын дансыг царцаах гэх мэтээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаас нь заалт түлхүү оруулах шаардлагатай байгаа. Уг нь бид компаниудад нэлээд хугацаа өгч, боломж олгосон, иргэдийн хохирлыг барагдуулахыг хүлээсэн. Өнөө өглөө би компаниудын төлөөлөгчидтэй уулзлаа. Одоо дахиж хүлээхгүй” гэсэн юм.

ЭРЭЛТЭД ДӨРӨӨЛЖ ЭРЭЭГҮЙ ААШИЛСАН БАРИЛГЫНХАН

Цуврал №4

Барилга барьдаг инженер хүртэл гэр хороололд амьдарч, өөрийн гараар сүндэрлүүлсэн орон сууцандаа орох цагийг мөрөөдөж явна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй. Байртай болох, байгаагаа томруулахад зарцуулах мөнгийг ид шидээр бус ажил хөдөлмөрөөр бий болгодог. Гэтэл иргэдийн мөрөөдлөөс хулгайлж, орон сууцных нь талбайгаас хумсалсан барилгын компани ганц нэгээрээ биш хэдэн арваараа байна. Тэдний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, иргэдийг хохироосон арга мэх нь илчлэгдсээр байна. Орон байртай болох гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээнд дөрөөлөн, эрээгүй аашилсан барилгын компаниуд иргэдийг ямар аргаар хэрхэн хуурч мэхэлснийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Гэрээн дээр хоёр өөр хэмжээ бичин төөрөлдүүлжээ

Иргэдийг төөрөгдүүлж, гэрээн дээр хоёр өөр хэмжээ бичих аргыг олон компани хэрэглэжээ. Тэдний нэг нь “Тайгам Алтай”. Эднийх Улаанбаатарт барьж буй бүх орон сууцныхаа худалдан авагчидтайгаа байгуулсан гэрээнийхээ 1.1 дэх Захиалагчийн захиалга өгч байгаа орон сууцны үнэ, тодорхойлолт гэсэн хэсэгт талбайн хэмжээг MNS 6058:2009 болон МКВ гэсэн хоёр өөр тоо тавиад 1.2-т “Захиалагчийн захиалга өгч байгаа орон сууцны талбайн хэмжилт нь ханын ось тэнхлэгээс хэмжсэн болно”, 1.3- т “Талбайн хэмжээтэй танилцсан бөгөөд тайлбарласан болно”, 1.4-т “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг MNS 6058:2009 гарахыг зөвшөөрсөн” гэж бичсэн байв.

Гэрээн дээр хоёр өөрөөр бичсэн талбайн хэмжээг худалдан авагчдад “Нэг нь стандарт хэмжээ, нөгөө нь манай компанийн стандарт” гэж тайлбарласан байна. Тухайлбал, талбайн хэмжээг нь гэрээн дээр MNS 48 болон МКВ 45 гэж хоёр өөрөөр бичсэн айлаас 48 ам метрээр тооцон, мөнгөө авчээ. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараад иртэл 48 биш 45 ам метр гээд биччихсэн байж. Уг айл байрныхаа талбайг барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлтэл 45 биш бүр 40 ам метр байсан аж.

Талбайн хэмжээг тавьдаггүй

Худалдан авагчдаа хохироосон компаниудын түгээмэл хэрэглэсэн өөр нэг арга нь орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр тухайн худалдан авагчийн авч буй байрны хэмжээг бичээгүй явдал юм. Хуучны байруудыг л иргэд нэг, хоёр, гурван өрөө хэмээн талбайн хэмжээгээр биш, өрөөний тоогоор тооцон, зарж, худалдан авдаг. Ийм байрны гал тогооны өрөөг байрны тоонд тооцдоггүй. Хэмждэггүй учраас хонгил, ариун цэврийн өрөө, тагтны талбайг байрны хэмжээнд тооцдоггүй. Харин одоо бол энэ бүхнийг орон сууцны талбайд тооцдог болсон тул хоёр өрөө байр 60 сая төгрөгийн үнэтэй хэмээн иргэдтэй гэрээ байгуулах нь залилж буй хэрэг гэхээс өөр юу гэх вэ.

Иргэдийн олонх нь байраа бэлэн мөнгөөр бус банкны зээлээр авдаг. Барилгын компаниуд үүнийг далимдуулан иргэдэд “Гэрээгээ хурдан байгуулахгүй бол дараагийн хүнд байраа зарлаа. Банкнаас мөнгөө авах гэж бид ажил болдог. Түүний оронд бэлэн мөнгөөр зарчихвал амар. Шууд бэлэн мөнгөөр авъя гэсэн хүн бий. Таныг эхлээд ирж уулзсан учраас хүндэтгээд танд банкны зээлээр өгье гэж байхад гэрээ байгуулахгүй удаж, түвэг учрууллаа” хэмээн боловсон гэгч нь шахалт үзүүлдэг аж. Барилгын компаниудын борлуулалтын ажилтнуудыг ингэж хэлэхэд иргэд итгэж, “Дахиад байр хайвал цаг алдаж, чирэгдэл учирна” гэж бодоод гэрээгээ гүйцэд ч уншилгүй гарын үсгээ зурчихдаг юм байна. Барилгынхан иргэдийг ингэж олзолж, худалдан авагчид ч хялбархан зууш болсоор өдий хүрчээ.

Гэрээгээ өөрчлөх нь гэмтэй

Барилгын компаниудын түгээмэл хэрэглэсэн гурав дахь арга нь гэрээ өөрчлөх. Орон сууцны талбайн хэмжээг бичсэн гэрээ анх иргэдэд үзүүлж, гарын үсэг зуруулна. Энэхүү башир аргыг ашигласан компаниудын ихэнх нь орон сууцны төлбөрийг 30:30:30:10 гэх мэтийн харьцаатайгаар, хуваан төлүүлжээ. Захиалга өгч, гэрээ байгуулахдаа нийт үнийн дүнгийн 30 хувийг, барилга барих явцад 30, 30 хувийг, түлхүүр хүлээлгэн өгөхийн өмнө 10 хувийг төлүүлсэн байв. Ийм байдлаар худалдан авагчдаас мөнгөө бүрэн авсан барилгынхан “Улсын комисст байраа шалгуулах гэтэл танай байрны дугаар буруу байгаа тул өөрчил гэж шаардсан. Энэ байрыг 10 биш 11 гэж дугаарлах ёстой юм байна. Тиймээс гэрээн дээрх байрны дугаарыг бас өөрчлөх шаардлагатай болсон учраас гэрээгээ шинэчилж байгуулъя” гэж иргэдэд итгүүлдэг аргатай аж. Өнөө маргаашгүй шинэ байрандаа нүүж орох болсон иргэд тэдэнд гэрээгээ ямар нэг муу санаагүйгээр өгдчихдөг юм байна. Ингээд барилгынхан башир аргаа гүйцэлдүүлж, орон сууцны талбайн хэмжээ, ам метр талбайн үнэ ханшийг бичсэн өмнөх гэрээг нь устгаад талбайн хэмжээ огт бичээгүй шинэ гэрээ өгчихнө. Хуучин гэрээгээр бол иргэн А 40 ам метр талбайтай байрны нэг ам метрийг нэг сая төгрөгөөр худалдан авч, нийт 40 сая төгрөг төлсөн байсан бол шинэ гэрээгээр 40 ам метр талбайтай нэг өрөө байрыг 40 сая төгрөгөөр эсвэл нэг өрөө байр 40 саяар авсан болж хувирна.

Гэрээг нь ингээд өөрчилбөл иргэд шүүхээр заргалдах ямар ч боломжгүй аж. “Нэг өрөө байр 40 саяар зарсан байна. Буруу юм алга” гээд иргэдийн гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй. Хуулийн энэ цоорхойг барилгынхан дэндүү сайн мэддэг учраас гараа түүгээр иргэдийн халаасанд дүрсээр иржээ.

“Хансвил” орон сууцны хороолол барьж буй “Асар порпертиз” компани худалдан авагчидтай хоёр удаа гэрээ байгуулжээ. Ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа зургаан сарын дараа оруулж, төлбөрөө 30, 30, 30, 10 хувиар дөрөв хувааж авсан. Худалдан авагчаас мөнгөө авч дууссаны дараа “Гэрээгээ шинэчилж байгуулна. Танай байрны дугаар 101 биш юм байна. Хот төлөвлөлтийн газар байрныхаа дугаарыг соль гэсэн. Тиймээс гэрээгээ шинээр хийе” эсвэл “Гудамжны нэрийг гэрээндээ буруу бичжээ. Өөрлөх хэрэгтэй боллоо” гэж хуураад гэрээ сольсон. Гэрээгээ сольж, шинээр байгуулахгүй гэхээр “Тэгвэл больчих. Мөнгийг чинь буцааж өгье. Байраа буцаавал үнийн дүнгийн 10 хувийг суутгана. Та 2.1 саяар авсан, одоо манай байрны нэг ам метр талбайн үнэ 2.4 сая болсон” гэж сүрдүүлж байгаад гэрээг нь сольсон байх юм.

Ам метрийн үнэ бичихгүй байх нь бас нэг арга

Иргэн М Баянзүрх дүүргийн XVI хороонд “Тайгам Алтай” компанийн буй 156 айлын орон сууцны аравдугаар давхарт 53.1 ам метр талбайтай хоёр өрөө орон сууц захиалжээ. Түүнтэй байгуулсан гэрээндээ “Тайгам Алтай“ компани нэг ам метр талбайн үнийг тусгалгүй, нийт 84 сая 960 мянган төгрөг гэсэн нийт үнийн дүнг тавьсан байлаа. Энэ нь иргэдийг залилж буй барилгын компаниудын бас нэг шалгарсан арга нь аж. Дээрх гэрээ өөрчилсөнтэй төстэй энэ аргыг олон компани хэрэглэсэн байна.

Б.Александр: Дутсан талбайгаа дундаа хийчихье гэсэн

-Манайх “Тайгам Алтай” компанийн Баянгол дүүргийн I хороонд барьж буй “Алтай” хотхоноос 53.7 ам метр талбайтай байр 53 сая төгрөгөөр худалдаж авсан ч 5.0 ам метр талбай дутсан. Талбай дутаж байгааг “Тайгам Алтай”-н ажилтанд хэлэхэд дундаа хийчихье гэсэн. 2.5 ам метр талбайн мөнгийг л надад өгнө гэж байгаа юм. Эднийх анх байр худалдан авах гэрээ байгуулахад надад худал мэдээлэл өгч хуурсан байна лээ. ШӨХТГ-т энэ компани “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн байна. Монгол Улс даяар заавал мөрдөх ёстой стандартыг зөвшөөрөхгүй, мөрдөхгүй юм бол орон сууцны барилга барих хэрэггүй шүү дээ.

Б.Цэрэндолгор: Өөр өрөөнд ороод гарч ирэхдээ гэрээ өөрчилчихсөн байсан

-Би 2011 оны наймдугаар сарын 1-нд “Тайгам Алтай” компанийн Баянгол дүүргийн I хороонд барьж буй 18 дугаар байрны 154 айлын орон сууцнаас хоёр өрөөтэй 56.7 ам метр талбайтай орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан. Тухайн үед нэг ам метрийг нь 1.129.763 төгрөгөөр худалдан авахаар гэрээндээ тусгасан юм. Нийт үнийн дүн 60 сая 102 мянган төгрөг болсон. Гэтэл байрны талбайн хэмжээ дутахаар нь энэ компанийн санхүүгийн ажилтантай очиж уулзсан. Тэр хүн “Гэрээгээ өгч бай” гэж хэлээд надаас гэрээ аваад хажуугийнхаа өрөөнд ороод гарч ирэхдээ миний гэрээн дээрх “м.кв үнэ 1.129.763” гэж бичсэн хэсгийг байхгүй болгоод өөрчилсөн байсан. Тэр үед би хүүхэдтэй явж байсан болохоор гэрээ өөрчилснийг анзаараагүй. Дараа нь мэдээд өмнөх гэрээтэй тулгаад хартал үнэхээр өөрчилсөн байсан. Өмнөх жинхэнэ гэрээний нэг хувь нь надад байсан юм.

Х.Энхтуяа: Манай байрнаас 3.9 ам метр дутсан

-Би “Гангар инвест” компанийн байрнаас 66.7 ам метр талбай орон сууц худалдаж авсан. Гэтэл 3.9 ам метр талбай дутсан тул ШӨХТГ-т хандсан. “Гангар инвест” надаас гадна 11 иргэнийг хохироосон юм билээ.

Редакцын уулзалт:

СТАНДАРТ ЭХЛЭЭД ГУРАВ ДАХЬ ӨГҮҮЛБЭР НЬ “ЭНЭХҮҮ СТАНДАРТЫГ ЗААВАЛ МӨРДӨНӨ” ГЭЖ БАЙГАА

Орон сууц худалдан авахдаа талбай нь дутуу байх вий гэж эргэлзэхгүй байхыг хүсэж байна

Манай улсад барилгын тусгай зөвшөөрөлтэй 700 компани байгаагийн 150 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ 150 компанийн 50 нь худалдан авагчдаа залилан, орон сууцнаас нь 20 ам метр хүртэл талбай хулгайлж, нийтдээ тэрбумаар тоологдох төгрөг иргэдээс зувчуулжээ. Барилгын компаниудын энэ булхайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар илрүүлэн, иргэдийн хохирлыг барагдуулж, хэрэглэгчдийг хамгаалахаар ажиллаж байгаа юм. “Өнөөдөр” сонин энэ талаар “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэл гарган, уншигчдадаа хүргэсэн бол энэ удаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар, хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч К.Жаркынбек, БХБЯ-ны Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтын дэд захирал Д.Чинзолбоо, Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга С.Соронзонболд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав нарыг редакцдаа урьж, энэ сэдвээр ярилцлаа.

-Барилга барьдаг компаниудын гуравны нэг нь иргэдийг хохироож, залилсан гэхээр дэндүү олон юм. Иргэд барилгын компаниудад олон сая төгрөгөө алдсан. Тэднээс болоод дулааны төлбөр, банкны зээлийн хүү илүү төлж дахин хохирно. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй дөрөв дэхээ хохирч байна. Энэ зүй бус зүйлийг яаж таслан зогсоох вэ?

Ч.Батбаатар: ШӨХТГ-т гомдол гаргасан иргэд нийтдээ 2.9 тэрбум төгрөгөөр хохирчээ. Үүнээс 450 сая төгрөгийг нь буцаан төлүүллээ. Үлдсэн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Төсөл хөтөлбөр баталж орон сууцны борлуулалтыг дэмжих, бага хувийн хүүтэй зээл өгөх, барилгын материалын үнийг тогтворжуулах зэргээр барилгын компаниудыг төр бодлогоор маш их дэмжиж байгаа. Гэтэл барилгын компаниуд үүнд ханахгүй даварч байна. Монголчуудын олонх нь банкны зээлээр байр авдаг. Нэг ам метр талбай дутлаа гэхэд 1.5-2.5 сая төгрөг барилгын компанид илүү төлсөн гэсэн үг. Ингээд зогсохгүй, 15 жил түүнийхээ хүүг банкинд илүү төлнө. Байрныхаа дулааны төлбөрийг Орон сууцны конторт насан туршдаа илүү төлнө. Энэ хохирол надаар дуусахгүй. Миний үр хүүхэд тэр байрыг өвлөж аваад насаараа илүү мөнгө төлж, хохирно. Дэлгүүрт ороод хоёр кг цагаан будаа автал 500 грамм дутуу өгвөл бид яаж уурладаг билээ дээ. 1000 төгрөг илүү авсан худалдагчийг элдвээр дуудаж, бөөн юм болдог. Тэгсэн хэрнээ насан туршийнхаа хөрөнгө, орон сууц худалдан авахдаа хайхрахгүй байна. Шинэ байранд орж байгаа юм чинь хэл ам хийгээд яах вэ гэдэг. Яагаад ийм зүйл болоод байна вэ гэхээр одоо Монгол Улсад мөрдөж буй стандартыг барилгын компаниуд мөрдөхгүй байна. 2010 онд шинэ стандарт баталсан. Энэ стандартыг баталж, мөрдүүлснээр иргэдэд ч, барилгын компаниудад ч ашигтай болсон. Нэг ханаас нөгөө ханын дотор тал хүртэл хэмждэг болсон нь иргэдэд ашигтай. Өмнө нь ариун цэврийн, гал тогооны, харанхуй өрөө, тагт, хонгилыг орон сууцны талбайд оруулж тооцдоггүй байлаа. Одоо бол энэ стандартаар харанхуй өрөөг хүртэл хэмжээд байрны талбайд оруулан тооцож байгаа. Тиймээс энэ стандарт барилгын компаниудад бас ашигтай болсон. Энэ стандарт батлагдаад дөрвөн жил болж байхад барилгын компаниуд мэдээгүй гэж ярих нь утгагүй. Мэдсээр байж санаатай зөрчиж байгаа.

Иргэдийн хохирлыг барагдуулах ажиллагаанд саад учруулж буй зүйл зөндөө байна. Нэгдүгээрт, эрх зүйн орчин алга. Иргэдийн хэдэн тэрбум төгрөгийг луйвардаж авсан компаниудын эзэдтэй хариуцлага тооцохдоо Өрсөлдөөний хуулиар 10 сая төгрөгөөр торгож байна. Тэрбум төгрөг авчихсан хүнийг 10 саяар торгоход тэр хүнд хариуцлага болох уу.

-Иргэдэд ингэж онц их хэмжээний хохирол учруулсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

Ч.Батбаатар: Манайд тийм эрх байдаггүй. Эрх бүхий байгууллагад нь мэдэгдэнэ гэсэн л заалт хуульд бий. Үүний дагуу эрхийг нь цуцлуулахаар БХБЯ-нд, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр УМБГ-т, татварын шалгалт хийлгэхээр Татварын ерөнхий газарт хандсан. Бидний авах арга хэмжээ ингээд дуусаж байгаа юм. Хуулиар бидэнд олгосон эрх хэмжээ л энэ. Иргэдийг хохиролгүй болгохын тулд бүхий л боломжоо ашиглаж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бид дараагийн арга хэмжээг авч байна. “Иргэн Батбаатарын хохирлыг барагдуул” гэсэн албан шаардлага өгдөг. Биелүүлээгүй компаниудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтын дагуу нэг сая төгрөгөөр торгож байна. Хохироосон иргэн бүрийнх нь тоогоор нэг сая төгрөгөөр торгоно. “Тайгам Алтай” компани 49 айл хохироосон учраас 49 сая төгрөгөөр торгосон. Хохирсон айлуудын тоо нэмэгдэж байна. Тэр бүхний тоогоор торгоно. Бусад компанид ч шат дараатай хариуцлага тооцно.

К.Жаркынбек: Барилга угсралттай холбоотой ямар нэг асуудал үүсвэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэсэн заалт Барилгын тухай хуульд бий. Харин “Худалдан авагчаа хохироосон, бусдад их хэмжээний хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэсэн заалт байхгүй. Гэхдээ шинэчлэн найруулж байгаа Барилгын тухай хуульд тодорхой санал өгсөн, иймэрхүү зохицуулалт хийх хэрэгтэй байна гээд. Улсын комисс тухайн орон сууцыг хүлээж авахдаа талбайг нь хэмждэг болох хэрэгтэй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын, захиалагчийн төлөөллийг Улсын комисст оруулах ёстой. Улсын комисст орон сууцаа хүлээлгэж өгсөн компаниуд ийм зөрчил гаргаад байгаа. Тэгэхээр Улсын комисс хүлээж авахаас өмнө хянадаг шалгадаг болж, хуульд тусгаад өгчихвөл иймэрхүү асуудлаас сэргийлэх боломжтой.

Ч.Батбаатар: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Засгийн газрын саналыг авах шатандаа явж байна. Үүгээр манай байцаагч нар 50 хүртэлх сая төгрөгөөр торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах, хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг тодорхой эрхтэй болж байгаа.

А.Мягмаржав: Мэргэжлийн хяналтын байгууллага орон сууцны талбай хэмжих ажилд оролцдоггүй. Яагаад гэвэл орон сууцны талбайг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага тогтооно гэж “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартад заасан. “Улсын комисс талбайг хэмжиж, тогтоож өг” гэж ШӨХТГ санал гаргаж байна. Улсын комисс тэгж амжихгүй. Комиссоор шалгуулах гээд өчнөөн олон барилга хүлээж байдаг. Үндсэн хийц, бичиг баримтын бүрдүүлэлтийг нь шалгаж, өрөө тасалгааг түүвэр байдлаар үздэг. Айлын байрны талбайг Улсын комисс тогтоож өгнө гэж байхгүй. Ингэж амжихгүй, амьдралд нийцэхгүй. Бидний санал бол орон сууцны талбайг тогтоож, хянах үүргийг зураг төслийн байгууллагад хариуцуулъя. Тэд зургаа гаргаж, төлбөрөө авч байгаа. Тэгээд барилга барихад нь “Миний зургийн дагуу барилга барьж байна уу” гээд хяналт тавьдаг. Эцэст нь тэд Улсын комисст “Энэ барилга зургийн дагуу баригдсан” гэсэн дүгнэлт гаргаж өгдөг. Тиймээс орон сууц ашиглалтад орсны дараа зураг төслийн компани талбайг нь хэмжээд “Энэ байрны орон сууцнууд ийм талбайтай” гэж тогтоож өгдөг байлгахаар Барилгын хуульд тусгаач гэсэн саналтай байгаа. “Өнөөдөр” сониноор дамжуулж энэ саналаа хуулийн төсөл боловсруулагчдад санал болгож байна. Ингэхгүйгээр орон сууцны талбайг анхнаас нь бодитой болохгүй нь ээ.

-Одоо тэгээд яах вэ. Хуулиар олгосон боломж нь ийм гээд иргэдийг хохирохыг хараад суугаад байх уу. Шинэ хууль батлагдахыг хүлээвэл бас мөдгүй?

Ч.Батбаатар: Төрийн байгууллага иргэдийг төлөөлж шүүхэд хандах эрхтэй. Бид шүүх дээр ялах магадлал маш өндөр. Эрх бүхий албан тушаалтны илрүүлсэн зөрчлийн тэмдэглэл, улсын байцаагчийн дүгнэлт зэрэг нь шүүхэд хөдлөшгүй нотлох баримт болно. Үүнээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргахаар тэмдэгтийн хураамж болгож тухайн мөнгөн дүнгийн хоёр хувийг төлдөг. Энэ бол маш их мөнгө. Иргэд өөрсдөө шүүхэд хандвал тэмдэгтийн хураамжид их мөнгө төлнө. Харин ШӨХТГ хэрэглэгчдийг төлөөлж шүүхэд хандвал төрийн байгууллага учраас мөнгө төлөхгүй. Энэ бол иргэдэд их давуу тал болж байгаа юм.

-Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар байрны гэрчилгээн дээрх талбайн хэмжээг тухайн барилгын компанийн гаргаж өгсөн хэмжээгээр бичдэг. Үүнийг засаж, бодит хэмжээг байрны гэрчилгээн дээр бичүүлж болох уу?

Ч.Батбаатар: ШӨХТГ-аас тодорхойлолт аваад, барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниар орон сууцныхаа талбайг хэмжүүлсэн баримттайгаа хамт Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан, гэрчилгээгээ солиулах боломжтой. Тэр гэрчилгээний хуулбараа Орон сууцны конторт аваачиж өгөөд дулааны төлбөрөө бодитоор төлөх боломж нээгдсэн.

Мөн найман хувийн хүүтэй зээлийг 80 ам метрээс доош талбайтай орон сууц худалдан авахад өгч байгаа. 81 ам метр талбайтай байр худалдаж авсан иргэн манайд хандсан. Байр нь 80 ам метрээс дээш талбайтай гээд түүнд найман хувийн хүүтэй зээл өгөөгүй тул банкны өөрийнх нь эх үүсвэрээс сарын 1.5 хувийн хүүтэй зээл авсан байгаа юм. Жилийн найм биш, 18 хувийн хүүтэй зээл авсан гэсэн үг. Тэр айл талбайгаа хэмжүүлэхэд 81 биш 75 ам метр байсан. Гэтэл барилгын компани энэ айлын төрөөс үзүүлж буй жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах эрхийг хаачихсан байгаа юм. Тэр хүн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар байрны гэрчилгээгээ солиулан, манайхаас тодорхойлолт аваачиж банкиндаа өгөөд өндөр хүүтэй зээлээ найман хувийн хүүтэй зээл болгуулсан. Ийм үр дүн гарч байгаа.

-Стандартчилал хэмжил зүйн газар “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт баталж, 2010 оны хоёрдугаар сарын 1-нээс Монгол Улсын хэмжээнд мөрдүүлж эхэлсэн. Орон сууц барьж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хэн ч бай энэ стандартыг заавал мөрдөх ёстой биз дээ?

А.Мягмаржав: Энэ стандартыг хүчингүй болгуулахаар зарим компани ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн. Стандарт эхлээд гурав дахь өгүүлбэр нь “Энэхүү стандартыг заавал мөрдөнө” гэж байгаа. Орон сууц барьж, худалдаж байгаа бүх байгууллага энэ стандартыг мөрдөх ёстой. Ер нь орон сууцны талбайг бусад улс яаж тогтоодог юм бэ гэхээр зарим нь барилгын гадна ханаас хэмждэг. Зарим нь барилгын гадна ханын дотор талаас 20 см зайнаас тогтоодог. Манай улс стандарт батлаад, ханын дотор талаас нөгөө ханын дотор тал хүртэл хэмжиж тогтоохоор шийдвэрлэсэн. Тресс, тагтыг 0.3, лоожийг 0.5 хувиар тооцдог. Өөрөөр хэлбэл, тресс, тагтны 30 хувь, лоожны талбайн 50 хувь нь ашигтай талбай гэж тогтоосон. Энэ утгаараа уг стандарт хэрэглэгч, барилгын компаниудад ч ашигтай. Гэвч барилгын компаниуд гэрээн дээр өөр тоо бичиж иргэдийг төөрөгдүүлж байна.

Бас нэг зүйл бий. Ханын дотор талаас дотор талын хооронд тооцоод талбайг зураг төсөлд тусгадаг ч барилга барих явцад гүйцэтгэгч, захиалагч нар барилгын жинг хөнгөлөх, мөнгө хэмнэх зорилгоор өрөө, айл хоорондын ханыг өөрчилж байна. Жишээлбэл, тоосгон ханыг дулаалгатай, дуу чимээ тусгаарлагчтай гипсэн ханаар хийнэ. Тоосгоны зузаан 12 см, шавардлагатайгаа нийлээд 14-15 см зузаан болох ёстой. Гэтэл шавардлагагүй нимгэн хана бариад, обой наачихаж байгаа учраас талбайн хэмжээ өөрчлөгддөг. Эсвэл барилга барьж байхдаа хажуу талын нэг ханыг ялимгүй цааш нь болгочиход тэр айлын талбай зурагт зааснаас томорч, цаад айлынх багасна. Байрны талбай нь илүү байгаа хүн юм хэлэхгүй, багассан хүн гомдолтой байх жишээтэй. Зарим компани хоёр өрөө байр төдөн сая төгрөгөөр зарна гээд нэг ам метр талбайн үнийг заахгүйгээр иргэдтэй гэрээ байгуулдаг. Гэвч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тухайн байрны талбайг заавал бичих ёстой. Энэ утгаар нь авч үзвэл талбайн хэмжээг зураг дээр зурснаар биш, гэрээнд томсгож бичсэнээр биш, яг бодитоор тогтоох ёстой. Барилгын компаниудын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол хүн залилдаг, булхай нь илрэхээр шүүхэддэг, тэр хооронд иргэдийн мөнгийг эргүүлдэг ийм шударга бус зүйлтэй тооцох хариуцлагыг чангатгах ёстой.

Д.Чинзолбоо: Стандарт анх гарахад цөөнгүй вэб сайтад байршуулсан. “Ийм стандарт баталлаа. Мөрдөх хэрэгтэй шүү. Байр худалдан авахдаа гэрээн дээрээ тусгах хэрэгтэй” гэж хангалттай мэдээлсэн. Үүнийг иргэд мэдэлгүй өнгөрөөсөн байж болно. Харин барилгын компаниуд ийм стандарт гарсныг мэдэж, мөрдөх ёстой. Гэтэл тухайн үед мэдээгүй царайлж, мэдэн будлиад өнгөрөөсөн байна.

А.Мягмаржав: Иргэд энэ стандартын тухай мэдээлэл муутай байна. Иргэд байтугай барилгын жижиг компаниуд мэдэхгүй байна. Тэгсэн мөртлөө байшин бариад байгаа. Энэ стандартыг сайн сурталчлахад хэвлэл мэдээллийнхэн, төрийн байгууллагууд аль аль талдаа анхаарах ёстой.

Д.Чинзолбоо: Компаниуд барилга барих тусгай зөвшөөрөл авахдаа тодорхой хууль, журам, норм, дүрмийг биелүүлнэ гээд “Манайд ийм ийм хууль, стандарт, норм дүрэм байгаа. Бид үүнийг мэднэ, мөрдөнө” гээд жагсаалт гаргаж өгдөг. Түүн дотор нь энэ стандарт багтсан байх гэж бодож байна.

-Бүх дүрэм, журам, стандартыг мэдэж байж барилга эхлүүлнэ гэсэн үг үү?

Д.Чинзолбоо: Энэ жагсаалт бол барилга барихад юу хэрэгтэй, ямар норм, дүрмийн дагуу байх ёстой гэдгийг бүгдийг нь мэдэж байгаа гэдгээ нотолж буйн илэрхийлэл нь болдог. Үүнийг мэднэ, мөрдөнө гэж зөвшөөрөл хүсдэг.

Ч.Батбаатар: Цөөн компани л стандарт руу буруугаа чихээд, иргэдээс илүү мөнгө авах нь зөв гэж үзээд шүүхэд хандаад байна. Бусад компани стандартаа мөрдөөд болж л байна шүү дээ.

С.Соронзонболд: Олон вэб сайтад энэ стандартыг бүрэн эхээр нь тавьсан. Хайлтын дурын систем ашиглан, “орон сууц”, “талбай хэмжих”, “барилгын талбай” зэрэг түлхүүр үг бичихэд энэ стандарт гарч ирнэ. Дээр нь манай байгууллага Мэдээлэл лавлагааны том төв ажиллуулж байна. Энэ төвөөс уг стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Ямар ч стандарт гаргаад “Ийм стандарт гарлаа шүү” гэж мэдээлдэг. Манайд 6000 гаруй стандарт бий. Энэ бүгдийг хүмүүс мэдэж байна уу, үгүй юү гэж дахин дахин зарлах, танилцуулах хэцүү. Ингэх ч үндэсгүй. Нэр бүхий компаниуд энэ стандартыг хүчингүй болгуулахаар байсхийгээд л манайхыг шүүхэд өгдөг. Стандартыг баталсан байгууллага буюу Стандартын үндэсний зөвлөлд хаяглаад албан бичиг өгдөг. Шүүх “Энэ стандартыг хэвээр нь мөрдөх ёстой. Хүчингүй болгож болохгүй” гэсэн шийдвэр нэг бус удаа гаргасан байдаг. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөөх зүйл. Компани ашиг орлогын төлөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх магадлал өндөр. Тиймээс хоёр талд харилцан ашигтай байлгахын тулд стандарт хэрэгтэй. Тухайн компани байшингаа зарахдаа хана, шал зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг нь нийлүүлэн ам метр гэж тооцон, иргэдээс мөнгийг нь авдаг. Энгийн ухаанаар бодсон ч хүн амьдарда, ашигладаг талбайг тооцох ёстой шүү дээ. Компаниуд шал, хана барих мөнгөө иргэдээс ам метрийн үнэ гээд авчихсан мөртлөө тухайн хүнд хамаагүй мөнгө нэмж аваад байгаа хэрэг. Энэ стандарт гарснаар харин ч компаниудад ашигтай болсон. Өмнө нь талбайд оруулдаггүй байсан гал тогооны өрөө, хонгил зэргийг орон сууцны талбайд оруулан тооцдог болсон. Ийм ашиг гарсан байхад яагаад нэмж ашиг олох гэж шунаад байгаа юм бэ. Стандартыг өөрсдөө маш сайн мэдэж байгаа хэрнээ иргэдийг мэдэхгүйгээр нь далимдуулан, заль гаргасан байна. Түүнээс биш компаниуд стандарт мэдэхгүй байна гэж байхгүй. Стандартыг мэдээгүй гэж хариуцлагаас бултах ёс ч байхгүй.

А.Мягмаржав: Монгол Улсад мөрдөж байгаа бүх хууль дүрэм, норм, стандартыг хэрэгжүүлнэ гэсний үндсэн дээр л барилга барих тусгай зөвшөөрөл буюу эрхээ авч байгаа шүү дээ.

С.Соронзонболд: Өмнө нь “Орон сууцны барилгын норм ба дүрэм”-ээр талбайг хэмждэг байсан. Уг норм, дүрмийг нийтээр дагаж мөрдөх баримт бичиг болгож, стандарт баталсан. Заавал мөрдөх буюу Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.2 дахь “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэсэн заалтыг үндэслэн, энэ стандартыг гаргасан. Барилга, хот байгуулалтын яам нь боловсруулан, хоёр, гурван шатны хурлаар оруулан, холбогдох мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсны үндсэн дээр энэ стандартыг баталсан. Иргэний хөдөлгөөнүүд ч энэ ажилд оролцсон байдаг юм билээ. Нийтийн эрх ашгийн төлөө гаргасан энэ стандартын буруу гэж байхгүй. Мөрдөөгүй компаниудын л буруу.

К.Жархынбек: “Тайгам Алтай” компани энэ стандартыг хууль бусад тооцуулна гэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан. Тэд “Энэ стандартыг заавал мөрдүүлнэ гэдэг нь хууль зөрчиж, худалдаанд нөлөөлж байна. Стандартыг сонгож хэрэглэх ёстой. Энэ бол орон сууцны талбай тооцох аргачлал болохоос биш тооцохоор нарийн заасан зүйл биш. Үүнийг сайн дураараа мөрдөх ёстой. Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр биелүүлэх ёстой” гэсэн гомдол гаргаад байгаа.

Ч.Батбаатар: Барилгын компанийнхан намайг “Нэр хүнд унагаж байна. Компанийн ашиг сонирхлыг зөрчиж, ноцтой хохирол учруулж байна” гэж буруутгадаг. Компанийн эрх ашиг гэж яг юу яриад байгаа юм бэ. Компани яаж хохироод байгаа юм бэ? Би буруу үйл ажиллагааг нь ярьснаар тухайн компанийн нэр хүнд муудан, борлуулалт нь буурч, иргэд захиалсан байраа буцаах тохиолдол гарч болно. Гэхдээ үүнээс илүү иргэдийн эрх ашиг чухал байх ёстой. Барилгын компаниуд нийгмийн хариуцлагаа хамгийн эхэнд тавих ёстой. Тэд талх зараагүй. Хүний насан туршид амьдрах байр, амьдралын баталгааг нь зарж байгаа. Чанаргүй барьсан барилга, иргэдийн илүү төлж байгаа мөнгийг хамгийн түрүүнд ярих ёстой. Анх манайд 11 компанийн тухай гомдол ирсэн. Тэр дагуу компаниудтай холбогдоход нэг захирал нь “Өчигдөр гадаадаас ирлээ” гэсэн. Өвөл эхэлж, утаатай болох үеэр энэ компаниудын захирлууд бүгд гадаад явчихсан байна.

-Стандартыг гэдэг чинь сонгон хэрэглэж болдог зүйл мөн үү?

К.Жархынбек: Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ стандартыг заавал мөрдүүлэхээр баталсан. “Тайгам Алтай” компани стандартын маргаан шийдэгдтэл манай албан шаардлагыг биелүүлэхгүй гэсэн. Анхан шатны шүүх энэ асуудлыг хэлэлцээд стандартыг түдгэлзүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. Хоёрдугаар сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд “Тайгам Алтай” компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан шийдвэр болон бусад албан шаардлагыг түтгэлзүүлэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингэж торгуулиа төлөн, манай албан шаардлагыг биелүүлэх нөхцөл нь бүрдчихээд байхад Иргэний хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс шийдвэр баталгаажуулах захирамжийг хүчингүй болгосон. Энэ асуудлаар бид шүүхэд гомдол гаргачихаад байгаа. Учир нь “Тайгам Алтай” давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Давж заалдахгүй байна гэдэг чинь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна гэсэн үг. Давж заалдаагүй байхад өмнөх шүүхийн шийдвэрийг дараагийнх нь хүчингүй болгож, түтгэлзүүлдэг нь сонин байна.

Ч.Батбаатар: Хохирол нэмэгдэж байна. Он гарснаас хойш манайд 800 өргөдөл ирээд байна. Анх 10 компанийн тухай гомдол ирсэн бол өдгөө 52 компани боллоо. “Тайгам Алтай” компанийн барьсан орон сууцанд амьдардаг айл бүр байрны талбай дутлаа гэсэн гомдол гаргаж байна. Бид иргэдийн хохирлыг барагдуулахын төлөө эцсийг нь хүртэл явна. Хохирлыг нь заавал барагдуулж дуусгана.

К.Жархынбек: “Меритон” компанийн хятад эзэн нь нутаг руугаа явчихсан, олдохгүй байсан болохоор Улсын мөрдөн байцаах газраар шалгуулахаар шилжүүлсэн. Үүний үр дүнд хаана, юу хийж явааг нь тодруулсан. Одоо Хятадаас ирэх гэж байгаа гэсэн. “Меритон” компанийн барьж дуусаагүй, найман давхар барилгыг битүүмжилсэн. Эзэн нь ирэхгүй бол тэр барилгыг борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах боломжтой. Энэ мэтээр иргэдийн хохирлыг барагдуулж байна.

Ч.Батбаатар: “Тектоник” гэхчлэн томоохон компаниуд “Нэг дор ийм их мөнгө гаргах боломжгүй байна” гээд иргэдэд учруулсан хохирлоо хугацаатай, графиктай барагдуулах хүсэлт гаргасан. Тэд тодорхой хугацаанд иргэдийн хохирлыг барагдуулна. Ганцхан “Тайгам Алтай” л шүүхэд хандсан.

-52 компани байгаа байх аа?

Ч.Батбаатар: Тэдний 40 орчим нь нэг орон сууцны 2-3 айл гэхчлэн харьцангуй цөөн иргэнийг хохироосон. Эдгээр компани санамсаргүй, зураг төслийн алдаанаас болж ийм асуудал үүссэн. Маш олон иргэнийг санаатай хохироосон цөөн компани бий.

-Стандарт мөрдөгдөхгүй байгаа нь тодорхой байна. Тэгвэл үүнийг хэн мөрдүүлэх ёстой юм бэ?

Д.Чинзолбоо: Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиар стандарт батлах, техникийн хороодыг зохион байгуулах эрх, үүрэг нь Стандартчиллын үндэсний зөвлөлд хамаардаг. Баталсан стандартыг мөрдүүлэх ажлыг Хэрэглэгчийн эрх ашгийн тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага хариуцах ёстой. Стандарттай холбоотой санал, гомдол гарвал эдгээр байгууллага хариуцна гэсэн үг.

Ч.Батбаатар: Нэг зүйл тодруулж хэлэхэд иргэд тусгай зөвшөөрөлтэй компаниар байрны талбайгаа хэмжүүлээд манайд хандсан. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд барилгын компани тайлбар өгсөн. Шүүх тэгтэл мэргэжлийн хяналтын байгууллагыг шинжээчээр томилсон. Ингээд стандартын хэрэгжилт шүүх дээр байхгүй болоод, мэргэжлийн хяналт дүгнэлт гаргаж өгөлгүй хоёр сар болж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага хэмжих эрхтэй юү гэтэл стандартад тийм заалт байхгүй. Шүүх бүрэн эрхийнхээ дагуу шинжээч томилдог. Гэтэл тэр шинжээч нь хэмжилт хийх мэргэжлийн хүн үү гэхээр тодорхой бус. Стандартад бол хэн хэмжих ёстойг тодорхой заачихсан. Тэр заалт шүүх дээр зөрчигдөөд, олон иргэний асуудлыг хэлэлцэж байна.

Д.Чинзолбоо: Стандарт боловсруулахад манайх оролцсон. Энэ стандартыг анх боловсруулахдаа төр үүнд оролцох шаардлагагүй гэж үзсэн юм. Шүүх шинжээч томилбол зураг төслийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг томилж болно. Заавал мэргэжлийн хяналтын байгууллага байх шаардлагагүй.

А.Мягмаржав: Хэнийгээ шинжээчээр томилох нь шүүхийн мэдлийн асуудал. Иргэнийг ч томилж болно. Иргэн Мягмаржав энэ айлын байрны талбайг чи шинжээчийн хувьд үнэн бодитоор тогтоож өг. Буруу тогтоох юм уу, татгалзвал хуулийн хариуцлага хүлээнэ гээд заачихдаг.

Д.Чинзолбоо: Орон сууцны талбайн хэмжилтийг мэргэжлийн байгууллага хийнэ гээд стандартад заачихсан байхгүй юу.

-Шүүх асуудлыг эрхийнхээ хүрээнд шийднэ биз. Шүүхэд очихоос өмнө хэн энэ стандартын хэрэгжилтэд хяналт хэн тавих ёстой юм бэ?

А.Мягмаржав: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын хувьд ШӨХТГ, мэргэжлийн байгууллага хяналт тавина. Мэргэжлийн хяналт шалгалтын тухай хуульд орон сууцны талбайн тухай заалт байхгүй.

Д.Чинзолбоо: Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтын байгууллага, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд стандартын улсын байцаагч гэдэг хүмүүсийг зааж өгсөн байгаа. Стандартын, хэмжилзүйн улсын байцаагчийн орон тоо мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг.

А.Мягмаржав: Манайд хэмжилзүйн улсын байцаагч бий. Тэд голдуу жин хэмжүүр, цахилгаан тоолуур шалгадаг. Орон сууцны талбай шалгасан удаа байхгүй. Үүнийг эрх зүйн хувьд тодорхой болгомоор юм байна.

-Стандартын улсын байцаагч нар Улсын комиссын бүрэлдэхүүнд байдаг уу?

А.Мягмаржав: Байхгүй. Өмнө нь байсан. Олон гарын үсэг, хүнд суртлыг хөнгөлнө гээд стандарт, хэмжилзүйн байцаагч нарыг Улсын комиссоос хассан.

Ч.Батбаатар: Орон сууц худалдан авч байгаа иргэд өөрсдөө хариуцлагагүй ханддаг. Нөгөө талаас барилгын компаниуд өөрсдөө хариуцлагаас бултаж, иргэдэд илүү их хариуцлага үүрүүлсэн гэрээ тулгаж хийдэг. Тиймээс манайх хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар гэрээний жишиг төсөл боловсруулсан. Үүнийг манай www.1284.mn сайтаас татан авч, гэрээ байгуулж байхыг иргэдэд зөвлөе. Орон сууц худалдан авч буй иргэд манай жишиг гэрээг бариад барилгын компаниудад очих ёстой. Хамгийн гол нь хэрэглэгч өөрөө аливаад маш хариуцлагатай хандах ёстой.

А.Мягмаржав: Сая их үнэтэй санал хэллээ. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг маш тодорхой болгох, үүний тулд байр захиалж буй иргэд мэдлэгтэй, мэдээлэлтэй байж, гэрээгээ зөв байгуулах нь чухал. Барилгын компаниудын гаргасан гэрээн дээр гарын үсгээ зурчихдаг. Ингэж болохгүй. Монголчууд өнөөдөр ах дүү, үр хүүхэдтэйгээ хамжиж байж арайхийж байранд ордог. Байр бол таны амьдралын тав тух, бүх амьдралын тал хэсэг чинь байтал хайрамжгүй хандаж болохгүй. Мөнгийг нь авчихаад хугацаандаа ашиглалтад оруулдаггүй мөртлөө алданги өгдөггүй. Иргэд байраа хүлээгээд хохироод яваад байдаг. Тэгсэн мөртлөө иргэдийг мөнгөө хугацаандаа төлөхгүй бол алданги тооцно гэдэг. Мөнгөө буцааж авъя гэхээр “Манайд мөнгө байхгүй. Таны байрыг дараагийн хүнд зарж байж таны мөнгийг өгнө” гэдэг. Энэ бол давуу байдлаа ашиглан, хэрэглэгчийг хохироож байгаа хэлбэр биз дээ.

Ч.Батбаатар: Манайх гурван компанийг хуулийн хамгийн дээд шийтгэл 10 сая төгрөгөөр торгосон. Хан-Уул дүүргийн шүүгч манай шийтгэврийг баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гаргуулах болсон юм. Гэтэл тэр шүүгч өөрийнхөө шийдвэрийг “Тайгам Алтай” компанийн нэхэмжлэлээс болоод буцаагаад хэрэгсэхгүй болгочихсон. “Тайгам Алтай” компанийн гаргасан нэхэмжлэл тэр торгуультай огт холбогдолгүй байсан юм. Ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээж аваад, шийдвэрээ хүчингүй болголоо. Иргэдийн хохирлыг барагдуулах ажил ингээд доголдоод эхэллээ. Уг нь ШӨХТГ-ын шийтгэврийг шүүх баталгаажуулах шаардлагагүй. “Уучлаарай, та ийм ийм хууль тогтоомж зөрчсөн байна” гээд буцаах байтал манай шийдвэрийг баталгаажуулсан.

-“Тайгам Алтай” компани шүүхэд нөлөөлж байгаа хэрэг үү. Мөнгөтэй болоод ингээд байна уу. Эсвэл ард нь том хүн байна уу. Иймэрхүү даварсан компаниудын цаана улстөрчид, ямар нэг нөлөө байна гэж бид хардаж байна.

Ч.Батбаатар: Наад хардлага чинь надад та нарынхаас илүү байдаг. Та нар санаж байна уу, “Тайгам Алтай“ компанийн захирал Нарандаваа чинь I дэлгүүрийн дэргэдэх автобусны буудал дээрх ТҮЦ-нээс юм авч байсан хүмүүсийг дайрч хөнөөсөн нөхөр шүү дээ. Энэ компани “Олимп” гэх томоохон хотхон барьж байгаа. Энэ хотхоны орон сууцны талбай бас дутуу байна гэсэн гомдол ирээд эхэлсэн. Барилгын талбайн асуудалтай холбоотойгоор манайх Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан шалгалт хийж эхэллээ. Энэ шалгалтаар талбай, барилгын чанар, гэрчилгээ, иргэдээс захиалга авахдаа үзүүлдэг танилцуулга, зургийн дагуу барилгаа барьсан, эсэхийг шалгана. Иргэд цаасан дээрх танилцуулга, зураг дээрээс гаднах тохижилт, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэргийг үзэж, байр авах, эсэхээ шийддэг. Гэтэл компаниуд гаднах орчноо танилцуулга дээрх зургийн дагуу тохижуулдаггүй. Орон сууц барих газрын нийт талбайн 30 хувьд нь гарааш, ногоон байгууламж байх ёстой. “Хансвилл”, “Алтай” хотхоны зураг алтан морины хөшөөтэй, усан оргилууртай. Үнэн хэрэг дээрээ тийм зүйл одоо байна уу. Ингэж иргэдийг төөрөгдүүлж байхад хэрхэн хариуцлага тооцох вэ. Зураг төслийн, барилгын компанийн алинд нь хариуцлага тооцох нь тодорхойгүй. Ийм зөрчил манай барилгын компаниудад нийтлэг байна. Хариуцлагатай 2-3 газар л зургийн дагуу гүйцэтгэсэн байдаг.

А.Мягмаржав: Энэ бол Улсын комисстой шууд холбоотой зүйл. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор улс орны чанартай барилга байгууламж, төвийн шугам, 17-гоос дээш давхар барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг БХБЯ буюу төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг болсон. 17- гоос доош давхар барилга, байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцаж байгаа. Барилгыг ашиглалтад хүлээн авдаг байгууллагууд хариуцлагаа сайжруулж, энэ мэтийн асуудлыг анхаарч үзэхгүй бол шороон дотор шавааралдсан хороолол олшрох хандлагатай боллоо.

Ч.Батбаатар: Иргэд орон сууц худалдаж авах захиалга өгөхдөө эхлээд зураг, танилцуулга харж шийддэг ч дараа нь гэрээгээ байгуулахдаа гаднах талбайг анхааралгүй, урьдчилгаа мөнгөө хэрхэн төлөх тухай л боддог. Барилгын компаниуд ажлынхаа 90 хувийг хийчихээд иргэдэд түлхүүрийг нь өгөхийн өмнө гэрээн дээрх хаягаа буруу бичдэг. Жишээлбэл, Самбуугийн гудамж гэхийг Алтайн гудамж гэж биччихээд гэрээгээ шинэчлэе гэдэг. Иргэд “Гэрээгээ шинэчлэхгүй” гэвэл “Уучлаарай, манайх заавал шинэчлэх ёстой юм. Мөнгийг чинь буцаагаад өгье. Та төлсөн мөнгөнийхээ 20 хувийг гэрээний дагуу суутгуулаад үлдсэн мөнгөө ав” гэдэг. Энэ бол иргэдийн хувьд бөөн айдас. Байр худалдаж авахаасаа илүү сэтгэл санааны дарамтад ордог. Гэтэл тэр компани иргэдийн урьдчилгаа мөнгөөр барилгын сууриа цутгачихаад банкныханд үзүүлж “Энд ийм барилга барина” гээд зээл авдаг. Иргэдийн мөнгөөр барилгаа эхлүүлчихээд буцаагаад мөнгөө ав гэж юу яриад байгаа юм бэ. Бидний гол зорилго бол иргэд орон сууц худалдан авахдаа талбай нь дутуу байх вий гэж огт эргэлзэхгүй байх орчныг хүсэж байна.

ЭРЭЛТЭД ДӨРӨӨЛЖ, ЭРЭЭГҮЙ ААШИЛСАН БАРИЛГЫНХАН

Цуврал №5

Оосор бүсгүй орд цагаан өргөө монголчуудад ямар чухал байгааг харуулсан үйл явдал ид өрнөж байна. 1764 айлын “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгыг авч эхлээд ердөө гурав хоноход 4503 иргэн бүртгүүлжээ. Уг нь энэ хороололд 14 хоног захиалга авах ёстой. Гэтэл гуравхан хоногт ийм олон хүн бүртгүүлчихээд байдаг. Зөвхөн төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, залуу гэр бүлд өгнө гэж хязгаарлаад байхад л ийм их дараалал үүсгэж байна. Байр ийм их эрэлттэй байгааг барилгын компаниуд мэдэж, энэ эрэлтэд дөрөөлөн эрээгүй аашилж байгааг “Өнөөдөр” сонин цуврал нийтлэлээрээ хөндөж байгаа.

Хэмжүүлэхэд 4.48 ам метр талбай дутав

Энэ удаа бид Баянгол дүүргийн I хороонд “Тайгам Алтай” компанийн барьсан “Алтай” хотхоны нэгэн айлын орон сууцны талбайг хэмжүүлж үзлээ. Энэ хотхонд хамгийн сүүлд барьсан 29 дүгээр байранд эднийх (Нэрийг нь өөрчилж, Баатар гэе) өнгөрсөн намар оржээ. “Тайгам Алтай” компанийнхан бүх худалдан авагчдаа өөрсдийн боловсруулсан гэрээг өгч, гарын үсэг зуруулсан байдаг. Эдний гэрээ бас л тийм нэг талыг барьсан байв. “Тайгам Алтай” компани олон айлд хэрэглэсэн аргаа эднийд ч бас хэрэглэж, гэрээнд хоёр өөр хэмжээ тавьжээ. Ингэхдээ MNS 6058:2009 гэсний дор 51.1, м.кв гэсний дор 53.8 гэж бичээд нэг ам метр талбайн үнийг тавилгүйгээр 80700000 төгрөг гэж бичсэн байв. Уг нь Баатарынх нэг ам метр талбайг 1.5 сая төгрөгөөр тооцон, 53.8 ам метр талбайтай байрыг ийм үнээр худалдан авчээ.

Байрны талбай нь энэ хэмжээндээ хүрч байгаа эсэхийг тогтоолгохоор “Жилкомпроект” компанид хандсан юм. “Ардын эрх”- ийн гэж олны нэрлэдэг буудлын урдхан талд байрлах Барилгын хөгжлийн төвд хандан, барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын утасны дугаарыг аваад ярихад л болох юм билээ. Тусгай зөвшөөрөл аваагүй компаниар хийлгэсэн хэмжилтийг ШӨХТГ хүчингүйд тооцдог аж. Учир нь “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартад орон сууцны талбайг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага тогтооно гэж заажээ. Урин цаг ирж, барилгын ажил эхэлсэн тул хэмжилт хийх завтай компани тэр бүр олдохоо байжээ. Олоод авбал зураг төслийн мэргэжилтэн таны гэртээ байх цагаар яваад очно. Метр, үзэг, дэвтэр барьсан хүн ирээд хананаас ханын хооронд хэдэн цаг хэмжих байх гэж төсөөлж байтал мэргэжлийн лазер метр гэх авсаархан багажаар 30-хан минутын дотор хэмжчихэв. Хэмжилт ингээд дуусна. Тухайн айлын байрны план зургийг зураад, авсан хэмжээгээ түүн дээр гал тогоо 2.77, зочны өрөө 19.08 гэхчлэн өрөө, тасалгаа бүрийн хэмжээг, нийт талбайн хэмжээтэй хамт тэмдэглэн хоёр хоногийн дараа бидэнд хүлээлгэж өглөө. Энэ үедээ үйлчилгээний төлбөрөө авсан. Ихэнх компани хэмжсэн нэг ам метр талбайг 2000 төгрөгөөр тооцдог юм билээ. 53.8 ам метр талбайтай гэж ”Тайгам Алтай“ компаниас авсан байр 51.1 ч биш, 49.32 ам метр талбайтай байлаа. Энэ айлаас 4.48 ам метр талбай дутав. ”Тайгам Алтай“ эднийхээс 6.720.000 төгрөг илүү авч, хохироожээ. Нэг ам метр талбайн үнэ дээрээ 136.253 төгрөг илүү нэмж авсан гэсэн үг.

Дулааны төлбөрт 5341 төгрөг 44 мөнгө илүү төлж байна

Орон сууцны талбай нь дутуу байгааг нэгэнт мэдсэн тул уг Баатар ШӨХТГ-т хандахаар шийдлээ. Байртай холбоотой учраас баахан бичиг баримт нэхэж, бүгдийг нь нотариатаар батлуулахыг шаардах байх даа гэж бодож байтал тэгсэнгүй. “Орон сууцны талбай дутсан тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл бичээд, “Тайгам Алтай” компанитай байгуулсан гэрээ болон орон сууцны талбайгаа хэмжүүлсэн баримтаа хувилж хавсаргаад болов. Нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй. ШӨХТГ хуулиараа иргэдийн гомдлыг 1-2 сарын дотор шийдвэрлэдэг ч үүнээс богино хугацаанд хөөцөлдөж байгааг иргэд хэлж байв. Биднийг ШӨХТГ-т өргөдөл өгч байхад өөр хоёр хүн бас л орон сууцны талбай дутсан гэсэн гомдол гаргаж байсан юм. Тэдний нэг нь “Тайгам Алтай” компанийн оршин суугч. Тэрбээр “Байрны гэрчилгээгээ хэзээ гаргуулах хэрэгтэй бол. Байгаагаасаа илүү хэмжээ тавьсан гэрчилгээ авснаас авахгүй байвал дээр юм болов уу. Өвөлжин дулааны төлбөр илүү төлж хохирлоо. Одоо энэ асуудлыг хөөцөлдөж цаг заваа үрэх нь дээ” хэмээн зовлонгоо хуваалцав.

Баатарынх халаалтын төлбөрт сар бүр 19167 төгрөг 61 мөнгө төлдөг. Тэдний гэрээн дээр хоёр өөр хэмжээ бичээстэй байгаа. Тиймээс стандартын дагуу байгаа гэж гэрээнд тэмдэглэснээр буюу 51.1 ам метр гэсэн хэмжээгээр тооцож, “Пюр хаус” орон сууцны контор дулааны төлбөр авдаг аж. Нэг ам метр талбай халаасны төлбөр НӨАТ-гүйгээр 341 төгрөг. Үүн дээр НӨАТ нэмбэл 375 төгрөг 10 мөнгө болно. Тэгэхээр 51.1 ам метр талбайн дулааны мөнгө нь 19167 төгрөг 61 мөнгө гарч байгаа юм. Үнэндээ эдний байрны талбай 49.32 ам метр байгаа тул Баатарынх сар бүр 18499 төгрөг 93 мөнгө төлөх ёстой. Гэтэл 667 төгрөг 68 мөнгө илүү төлж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 15-наас хойш энэ жилийн тавдугаар сарын 15-ны хооронд халаалтын нэг улиралд (найман сар) Баатарынх 5341 төгрөг 44 мөнгө илүү төлөх тооцоо гарч байна. Одоохондоо энэ бага мэт харагдах ч насан туршдаа ийм хэмжээний мөнгө илүү төлбөл чамгүй хохирол амсах нь мэдээж. Байрыг нь өвлөж авсан үр хүүхэд нь бас ингэж хохирно.

Хохирол үүгээр дуусахгүй. Баатарынх хүүхдийн өрөөгүй. Одоохондоо эднийх жаахан хүүхэдгүй ч хүү, охин хоёр нь удахгүй гэрлэнэ. Тэднийгээ тусад нь гаргаж чадахгүй бол хамтдаа амьдарна. Тэр үед хүүхдийн өрөө шиг хэрэгтэй юм үгүй. 4.48 ам метр талбайд хүүхдийн өрөө хийлгэсэн бол ач, зээгээ хоёуланг нь хамт байлгахад хүрэлцэнэ. Монгол Улсад одоо мөрдөж буй стандартаар цэцэрлэгийн нэг хүүхдэд 2.5 ам метр талбай ногдох ёстой гэдэг. Тэгвэл айл ч ийм талбай илүүчлэхэд хүүхэд тоглож наадах боломжтой болно. Орчин үеийн залуус байрныхаа хэмжээ, хэтэвчнийхээ хэрээр гэр бүлээ төлөвлөдөг болсон. “Тайгам Алтай” компани энэ айлаас 4.48 ам метр талбай хулгайлснаараа Монголд хоёр иргэн мэндлэх, хоёр хүүхэд тоглох боломжийг үгүй хийжээ. Энэ бол хүн амаа олон болгох гэж зорьж буй төрийн бодлого, олуулаа болцгооё хэмээн уриалж буй Ерөнхийлөгчийн санаачилгын эсрэг зүйл.

Шүүх, БХБЯ-ныхан “Тайгам Алтай”-д тал засаад байна уу

“Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэлийнхээ эхнийхийг бичиж байхад (2013 оны арванхоёрдугаар сарын эхээр) ШӨХТГ-т 18 компанийн талаарх гомдол иргэдээс ирсэн байсан юм. Түүнээс хойш эрээгүй аашилсан компаниудын тоо өдрөөр нэмэгдэж, 47 компани 180 худалдан авагчаа 1.5 тэрбум төгрөгөөр хохироосон нь нэгдүгээр сард тодорхой болсон. Харин өдгөө компани 52, хохирогч нь 800 болж нэмэгдээд байна. Энэ бол манай улсын барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын гуравны нэг нь. Ийм олон компани энэ чухал салбарт ингэж эрээ цээргүй аашилж байгаа нь барилгынханд ямар ч хяналт байхгүй, хууль, дүрэм журам, стандарт тэдэнд үйлчилдэггүйг харуулав. Тэд иргэдээс 2.9 тэрбум төгрөг луйвардаж авсан хэрнээ дөнгөж 450 саяыг нь барагдуулаад байгаа нь дэндүү чамлалттай. Энэ их мөнгийг хэрвээ банкинд сарын 1.5 хувийн хүүтэй хадгалуулсан бол ганцхан сард л гэхэд 43.5 сая төгрөгийн хүү нэмэгдэх байв. Ам.доллар болгоод хадгалчихсан бол ханш нь яаж суга өсөх байсныг хүн бүр л харж байна. Тэгтэл эрээгүй компаниуд энэ мөнгийг зүгээр л завшив. “Тайгам Алтай” бүр даварч, “Буцааж өгөхгүй. Төрийн хууль, стандарт манайд үйлчилдэггүй. Бид тэрийг мөрдөхгүй. Энэ стандартаа хүчингүй болгож өг” хэмээн шүүхээс шаардаж явна. Бусад нь “Худалдан авагчдадаа учруулсан хохирлоо график гаргаад барагдуулъя” гэх зэргээр гэмээ цайруулахаар оролдож байхад энэ компани л эрээгүй аашилсан хэвээр байгаа нь жигтэй. Гагцхүү хуулиа л баримтална гэдэг шүүх тус компанийн өмнө шарвалзаж байгаа тухай ШӨХТГ-ынхан хачирхан ярьж байна. БХБЯ хүртэл энэ компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй байлгаад байгаа нь сонин. Тэдэнд иргэдийн эрх ашиг бус, халаасны сонирхол нь илүү чухал бололтой. БХБЯ гэх том төрийн нэг эд эс нь ард түмний төлөө шийдвэр гаргаж чадахгүй юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжсэн дүр үзүүлж, ухаалаг төр лүү энэ тэр гэж уухичих хэрэг юун.

ЭРЭЛТЭД ДӨРӨӨЛЖ ЭРЭЭГҮЙ ААШИЛСАН БАРИЛГЫНХАН

Цуврал №6

Сайн мэдээ дуулгая, уншигчид аа. Барьсан орон сууцныхаа талбайгаас хумсалж, худалдан авагчдад 2.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан компаниуд бүгд буруугаа ухамсарлан, гэмээ цайруулж эхэллээ. Иргэдийг хохироосон 52 компаниас 51 нь хоёр сарын өмнөөс алдаагаа засаж эхэлсэн бол “Тайгам Алтай” ганцаараа эсэргүүцэн үлдээд ШӨХТГ-ыг хүртэл шүүхэд өгсөн. Тус компани ШӨХТГ-аас тавьсан албан шаардлагыг хүчингүй болгуулахаар хоёр удаа шүүхэд хандсан юм. Уг гомдлыг захиргааны хэргийн шүүх шалгаад нэхэмжлэлүүдийг нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ бол ШӨХТГ-ын албан шаардлагыг “Тайгам Алтай” компани биелүүлэх ёстой гэсэн үг. Шүүхээр заргалдаад тусыг эс олсон энэ компани өдгөө Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартыг алдаатай болсон хэмээн шүүхэд ханджээ. Уг нь стандарт алдаатай болсон бол, тэгж үзэж байгаа бол батлагдсанаас нь хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой. Гэтэл 2009 онд баталж, 2010 оны хоёрдугаар сарын 1-нээс Монгол Улсын хэмжээнд мөрдүүлж эхэлсэн энэ стандартын талаар одоо шүүхэд хандах боломжгүй аж. Тэгээд ч нэгээр тогтохгүй компани энэ стандартыг мөрдөхгүй хэмээн шүүхэд хандаж байсан юм билээ. Тэр бүрт шүүх “Стандартыг мөрдөх ёстой” гэсэн шийдвэр гаргасаар иржээ. Энэ удаад ч шүүх “Тайгам Алтай” компанид тийм хариу өгөх биз. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэсэн заалтыг үндэслэн, энэ стандартыг гаргажээ. Барилга, хот байгуулалтын яам уг стандартыг боловсруулан, иргэний хөдөлгөөнүүд, мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсны үндсэн дээр баталсан юм байна. Тэгэхээр энэ стандарт нэлээд нарийн шүүлтүүрээр орсон гэсэн үг.

Юутай ч “Тайгам Алтай” компани худалдан авагчдынхаа хохирлыг барагдуулахаар болсон тухай таатай мэдээ байна. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөл, “Тайгам Алтай” компанийн удирдлагууд гуравдугаар сарын 24-ний даваа гаригт гурван талт уулзалт хийжээ. БХБЯ, ШӨХТГ, иргэд, “Тайгам Алтай” компани хамтран, дахин хэмжилт хийхээр уг уулзалтаар тохиролцсон байна. ШӨХТГ-т гомдол гаргасан “Алтай” хотхоны 200 айлын орон сууцны талбайг даваа гаригаас эхлэн хэмжих юм. Хэмжилтийг барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэнэ. Ингээд тухайн айлуудын өмнө нь хийлгэсэн хэмжилттэй харьцуулан, зөрүү гарвал хохирлыг барагдуулна гэж “Тайгам Алтай” компанийн удирдлагууд мэдэгдсэн аж. Хэмжилт хийх компанид “Тайгам Алтай”-гийнхан нөлөөлчихгүй л бол бүх асуудал шийдэгдэх нь.

Ч.Батбаатар: Компаниуд орон сууцны талбай дутаахаа больж байна

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай шалгалтын үр дүн хэр байна вэ?

-Манайх 2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн, орон сууцны талбайн хэмжээ дутаж байгаа асуудлыг шалгасан. Түүнээс хойш хоёр сарын хугацаанд иргэдээс маш их гомдол ирсэн. Орон сууцны талбай дутаасан компаниудын жагсаалтад сүүлийн нэг сарын хугацаанд шинэ компани нэмэгдээгүй. Энэ бол иргэд стандартаа мэддэг болж, орон сууц худалдан авахдаа компаниудад шаардлага тавьдаг, эрх ашгаа хамгаалдаг болж байгааг харууллаа. Барилгын компаниуд ч орон сууцны талбай дутаасан бол тэр дор нь иргэдтэй уулзаад асуудлаа шийддэг болсон байна. Бидэнд тэр тухай мэдээлэл ирж байгаа. Компаниудыг шалгаж эхэллээ, цагдаагийн байгууллагад шилжүүллээ, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулна гэсэн дуулианаар барилгын компаниуд асуудлыг хүндрүүлэлгүйгээр алдаагаа засаж, иргэдийг хохиролгүй болгож байна. Нэрийг нь хэлээд яах вэ, нэг компани айл бүрт хоёр сая төгрөг өгье гэж тохиролцоод, өргөдлийг нь манайд өгүүлэлгүйгээр худалдан авагчидтай асуудлаа шийдвэрлэжээ. Айлууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна.

-Барьсан орон сууцныхаа гадна ногоон байгууламж хийгээгүй компаниудыг танайх БХБЯ, МХЕГ-тай хамтран шалгасан. Тэднээр ногоон байгууламжийг нь хийлгэх боломж байна уу?

-БХБЯ, МХЕГ-аас хийсэн шалгалтаар бүх компани орон сууцны гадна ногоон байгууламж хийгээгүй нь тогтоогдсон. Уг нь Улсын комисс тухайн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа ногоон байгууламжийг нь шалгаж, барилгатай хамт хүлээж авах ёстой. Гэтэл манайд барилга улирлын чанартай ажил. Гуравдугаар сард барилгаа барьж эхлээд өвөл дуусдаг. Намар, өвөл ногоон байгууламж хийх боломжгүй. Ийм асуудал байна. Үүнийг яаж зохицуулах ёстойг хууль журамд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй юм билээ. Сая манайх БХБЯ, МХЕГ, “Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран, таван компанийг сонгон авч, шалгалаа. Тэд ч ийм асуудлаа танилцуулж, ногоон байгууламжаа энэ хавар хийхээр болсон. Шалгалт хийсэн Ажлын хэсэг сая хуралдлаа. БХБЯ орон сууц захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээний жишиг батлан, Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулахаар боллоо. Бүх асуудал гэрээнээс эхэлсэн. Барилгын компани өөрийн эрх ашигт нийцүүлсэн гэрээний төсөл боловсруулаад, иргэнд тулгаж гарын үсэг зуруулдаг. Компани түүнд бүх эрхээ тусгаад, хариуцлагаа орхидог. Тэгсэн хэрнээ иргэнд бөөн хариуцлага хүлээлгэх заалт оруулаад, эрхийг нь хязгаарлачихдаг. Үүн дээрээ дөрөөлж, барилгын компаниуд иргэдийн худалдан авч буй орон сууцны талбайгаас хумсалж эхэлсэн. Тиймээс ийм асуудал гаргуулахгүйн тулд гэрээг сайн хийх ёстой гэж үзээд, Ажлын хэсэг ингэж шийдвэрлэлээ.

-Өмнө нь ашиглалтад оруулсан хэрнээ өдий болтол ногоон байгууламж хийгээгүй компани машолон бий. Тэд хэзээ хийх юм бэ?

-Ногоон байгууламж хийнэ гэдэг нь барилгын компаниудын сурталчилгаа. Хүн өөрийн бэл бэнчин, хэрэгцээ шаардлагад тааруулан, орон сууцаа хайж сонгоод захиалдаг. Ингэхдээ эхлээд үнийг нь, дараа нь гаднах тохижилтыг нь зургаас хараад сонголтоо хийдэг. Үүн дээр барилгын компаниуд дөрөөлж, усан оргилууртай, хүүхдийн тоглоомын талбайтай, саравчтай, ногоон цэцэрлэгтэй зураг үзүүлэн, сурталчилгаа хийдэг. Ийм зөрчил дэндүү их байгаа. Тиймээс иргэд өөрсдөө барилгын компаниа “Ногоон байгууламжаа байгуул” гэж шахаж шаард. Хүлээж авахгүй бол манайд өргөдлөө өг. Бид түүнд хяналт тавьж, хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаална.