2015 он: Дэд байр У.БЯМБАНЯМ. “Гэрэг” сэтгүүл “Голомт сахих горьдлого”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар”

Уртнасангийн БЯМБАНЯМ
“Гэрэг” сэтгүүл


 

 

2012 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн.

Нийгэм, соёлын сэдвээр голчлон бичдэг. 2014 оны БАЛДОРЖ шагналд “Зарлаагүй дайны төгсгөл буюу командлагчийн урвалт”, “Монголын нэн шинэ үеийн нэг өдөр” нийтлэлээ нэр дэвшүүлж, Шилдэг аравт багтсан бол энэ удаа “Голомт сахих горьдлого”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар”, “Суртал ухуулгын тухай хэдэн үг” нийтлэлээрээ энэ оны БАЛДОРЖ шагналын дэд байрт шалгарав.

ГОЛОМТ САХИХ ГОРЬДЛОГО

“Монголчууд аа,олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ”. Тохиолдлын байдлаар холбогдсон нийтлэлийн баатрууд маань (Буриад, өвөрмонгол, хазар, тува, дээд монгол хүмүүс) 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан УИХ- ын хүндэтгэлийн чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн дээрх үгийг ярианыхаа эхэнд эшилсэн нь сонирхол татлаа

Өнөөг хүртэл “Youtube” хуудсан дээр байрлаж буй (www.you­tube.com/watch?v=ekGdQ_oXs7g) энэ уриалгын хэрэгжилтийн талаар бодитой ажил хэрэг хайсан ч 2013 оны намрын чуулганаар хэлэлцсэн “Олуулаа болох хуулийн төсөл”-өөс өөр зүйлийг олж үзсэнгүй. Харамсалтай нь тэр төсөл хүн амзүйн бодлогод хамаарахаас монгол туургатнуудын асуудалд өчүүхэн төдий ч хандаагүй байв.

NTV телевизийн “Монголоо хайсан монгол” нэвтрүүлгийн баг Афганистанд очих үеэр “Цахим өртөө холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сайнбаяр хазар монгол гурван залууд Монголд суралцах тэтгэлэг олгосны нэг нь Мегдад байжээ. Аав ээж, эмээ өвөөгийнхөө өгүүлсэн хууч, перс хэл дээрх түүхийн номны товчхон мэдээлэлтэйгээр “Чингис хаан” онгоцны буудалд буухад сэтгүүлчдээс эхлээд Оюутны холбоод, ТББ-ынхан угтсан нь түүнд төсөөлж байснаас ч өндөр сэтгэгдэл үлдээснийг дурслаа. “Цаашдаа энд амьдрах сонирхол байна уу” гэсэн бидний асуултад тэр “Магистраа төгсөөд энд ажиллаж болох байх. Гэхдээ гадаад хүмүүс оршин суухад их хэцүү. Бид ч гэсэн гадаадуудтай адилхан. Визний асуудлаа шийдэхийн тулд их хүчир байна. Ядаж Афганистанд Монголын консул, Элчин сайдын яам байдаг бол Энэтхэгээр дамжиж илүү ажил болохгүй, амар байхсан. Дээр нь, эндхийн цалин Афганистаныхтай ойролцоо боловч юмны үнэ хамаагүй өндөр, гурваас дөрвөн хувь илүү” гэж хариуллаа.

2009 онд хамгийн анх ирсэн Мегдад Сахели тэргүүтэй гурван хүний мэдээллээр олон хазар хүн аялах, сурах зорилгоор ирэх болжээ. Офицеруудын ордны урд байрлалтай, Солонгосын хөрөнгө оруулалттай “Mongolia International University”-д гэхэд л 20 гаруй хазар оюутан суралцаж буй гэнэ. 2009 оноос өмнө, “Чингис хаан” онгоцны буудалд гурван залууг тосож буй бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдахаас өмнө бид “монгол” гэх үл мэдэгдэх хүслэнтэй ийм хүмүүс байдаг тухай төдийлэн мэддэггүй байлаа. Бидний сонирхон асуусан шиг танилцсан монгол хүн бүхэн “монголд амьдрах уу, энд амьдраарай, битгий яваарай” гэж хэлдэг тухай Мегдад талархан ярилаа. Харамсмаар нь сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал биш гэж хэлэв.

Тэд Монгол Улсын төрд хандан хүсэлт гаргаж, иргэншлийн асуудлаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж, саяхан хүртэл “Би Хазар” гэсэн бичиг барин Чингисийн талбай дээр жагссаныг мэдэх учраас энэ хариултыг ойлгож болох билээ. Одоог хүртэл тэр талаар тодорхой шийдвэр гарсангүй. Жагсаалыг зохион байгуулалцсан Монгол туургатны хүний эрхийн идэвхтэн Ч.Мөнхбаярын бидэнд ярьснаар “Хуулинд бол Монголд таван жил суусан, Монголын талаар ойлголттой болсон хэн ч Монгол Улсын иргэн болж болно гэсэн байдаг. Чөлөөтэй гэмээр. Гэтэл энэ “чөлөөт байдал” дэлхийн монголчуудын хувьд төдийлэн хэрэгждэггүй. Яавал Монгол Улсын иргэн болох талаар хуулинд хангалттай тодорхой заагдаагүй учир, яасан ч Монголын иргэн болж болохгүй мэтээр тайлбарлаж болдог” гэнэ.

Энэ нь бодит байдалд яаж хэрэгждэгийг Монголд 22 жил амьдарсан өвөрмонгол иргэн Н.Алхаагийн талаарх цуврал нийтлэл “Гэрэг” сэтгүүлд хэвлэгдсэнээс үзэж болно. Алхаагийн адил 1990 оны эхээр Монголд хөл тавьсан “Орчлон” сургуулийн хятад хэлний багш Д.Нарангоо эгч (дээд монгол) хоёрхон жилийн өмнө Монгол Улсын иргэншил авчээ. Иргэншил авах олон шалгуурыг давахын тулд тэр амьдралынхаа 15 жилийг зарцуулсан гэж болно. Саяхан нутаг нэгт дүү нь Монгол Улсын иргэншил авч, бөөн баяр болсныг олзуурхан хуучиллаа. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг сонсоод бид бөөн баяр болсон. Монгол Улс маань урьж байна гээд л. Гэтэл бодит байдал дээр тийм байдаггүй юм билээ. Виз авлаа гэхэд оршин суух эрх олох үнэхээр хэцүү. Монголчууд монгол нутагтаа ирж амьдрахад туслаасай гэж хүсэх юм. Монгол хүнтэй гэр бүл болсон хойно ч ийм асуудал тулгардаг. Миний хувьд харьцангуй сайхан байна, гэр бүл, ажил төрөлтэй. Дээд монголд үлдсэн хэсэг нь эндээс очсон хүмүүсээсээ их зүйл асууна аа. Манай хамаатан садан, гэр бүлийнхэн манай хүн Монголд байгаа гээд бүр бахархана шүү дээ”. Түүний авга эгчийнх нь том хүүг Улаанбаатар гэдэг. Монголдоо ирж амьдрах хүслээс үүдэж ийм нэр өгсөн гэж тайлбарлалаа. Монголоо гэх тэмүүлэл амьдралынх нь хэрэгцээг хангачихгүй учраас өөр олон асуудал ургана. Монгол дахь амьжиргааны байдал, ажлын байр эдгээрээс хамгийн том тээг нь. Тиймээс иргэншил олох найдвар муутай Монголдоо визээр аргацааж амьдрах уу, хараат нийгэмд хангалуун амьдрах уу гэсэн эргэлзээ ихэнх монгол угсаатнуудын өмнө гарч ирэх ажээ.

Нарангоо багшийн ярьсан шиг асуудал Өвөрмонголын Шилийн гол аймгаас ирсэн Д.Хаварт мөн тохиолдсон байна. МУИС-ийн докторантурт зэрэг хамгаалахаар суралцаж буй түүний хувьд амар шийдэж чадахгүй хоёр сонголт тулгарчээ. Ирэхээсээ өмнө төсөөлж байсан амьжиргааны асуудал нь тэс өөр болохыг үзсэнээ ярилаа. “Дэлхийн соёлыг хүртсэнээрээ монголчууд өвөрмонголчуудаа дагуулахгүй юмаа. Гэхдээ энэ соёлыг хүртсэн нь амьжиргаанд нь нэг их нэмэр болохгүй байна. Дундаж цалин бага. Хотын хэмжээнд гэхэд тосгонтой адил байх жишээтэй. Дундаж орлогыг барааны үнэтэй харьцуулбал бүр бага хэмжээ гарах байх аа.” Гол шалтгаан энэ бас биш. Монгол угсаатнуудыг “олуулаа болох”-д саад болсоор буй иргэншил, визийн асуудал ахиад л шаналгаа болно. Нарангоо, Хавар хоёр шиг Хятадын иргэний харьяалалд байсан урд зүгийн монголчуудын хувьд санаандгүй олон бэрхшээл тулгарах магадлалтай. Хэн хэн нь л анх ирсэн даруйгаа хэлний дуудлага, аялгаас болж шоолуулж, хужаагаар дуудуулдаг байв. Энэ мэт бэрхшээлээс болж өмнө зүгийн монголчууд нийгэмд өөрийгөө илэрхийлж чадахгүй, олон саадтай учирдгийг гадарлах юм.

Харин буриадуудаас арай өөр төрхийг харж болно. Хоёр улсын Ерөнхийлөгч ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурснаар монгол угсаатнуудын дундаас хамгийн түрүүнд буриадуудад боломж нээгдлээ. 1994 онд анхны “Алтаргана” наадам болсноос хойш анх удаагаа, энэ жил Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон. Монгол Улсын Ерөнхий сайд буриад эхнэртэй болсны завшаанаар төр засгийн анхааралд өртсөн “Алтаргана” жил ирэх тусам хүрээгээ тэлж, Орос, Хятад, Монголын бүрэлдэхүүнд буй гурван бүсийн 20.000 гаруй буриад чуулжээ. Бусад угсаатны бүлгүүдэд мөрөөдөл төдий байгаа виз түр ч болов хугацаагаар нээгдсэнд маш их баяртай байгаагаа Надежда багш хэллээ. “Маш их баяртай байна. Манай эмээ энэ орныг чинь “Бурхан орон” гэдэг. Бас манай найзууд наашаа ирэх их дуртай. Энд ирэхээрээ л би монгол хүн шүү гэдгээ мэдэрдэг. Анх ирснийхээ дараахан Арслантай гүүрэн дээр жаахан хүүхэд ээжээсээ хоцорчихоод “Ээжээ” гээд уйлсан нь их сэтгэгдэл үлдээж билээ. Бид чинь “мама” гэж дуудахаас ижий, ээж гэж дуудахгүй шүү дээ. Тэр мэтээр би чинь монгол хүн шүү дээ гэсэн сэтгэгдлийг надад үлдээж билээ” гэж ярих Сыренова Надеждагийн ярианаас буриадууд Монголоо санахын зэрэгцээ хэл, соёлоо ихэд үгүйлдэг болов уу гэсэн бодол төрсөн юм.

МУИС-ийн Нутгийн аялгуу судлалын багш Г.Гантогтох “Алтаргана” наадмын эрдэм шинжилгээний хурал дээр “Одоогийн залуус тайзан дээрээс буриад дуугаа бахтай дуулах боловч энгийн цагт буриад хэлээрээ ярихаас ч ичдэг. Энэ бол түүх соёлыг нь дарангуйлж буйн хор уршиг” хэмээн хэлснийг “Гэрэг”- ийн Дэвид Чэйс нийтлэлдээ онцолсон байна. Энэ дүгнэлтийг 2010 оны ЮНЕСКО-гийн хэлний судалгааны тайлангаар баталж болох юм. Тэнд буриад хэлийг устаж буй хэлний тоонд оруулжээ. Үнэхээр ч наадамд ирэгсдийн нас дунд үеэр тогтож, залуусаар дутагдаж буй нь үнэн. Гэхдээ хоёр жилийн өмнөөс байдал шал өөр болсныг Надежда багш онцоллоо. “Бид социалист үед буюу Чингис хаан дэлхийг эзэлсэн алуурчин, монголчууд зэрлэг догшин гэсэн ойлголттой үед өссөн. Харин одоо өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучууд энд ирээд, өөрсдөө найзалж нөхөрлөөд тийм бишийг ойлгож байгаа. Дээрээс нь “Алтаргана”, “Хамаг Монгол” төсөл зэрэг монгол угсаатныг нэгтгэх тустай үйл ажиллагаанууд явж байгаа нь сайшаалтай” гэж ярилаа. Нэгийг нь санаа зорилго нэгтэй, хэзээнээсээ уг удмаа гэдэг буриад зон санаачилсан, нөгөөг нь үндэсний үзэлтэй дуучин санаачилсан гээд харвал Монголын төр хилийн чанад дахь монголчуудаа ирүүлэх тал дээр юу ч хийлгүй өдийг хүрчээ.

Хойд хөршийн нэг хэсэг болж салсан Тува гэхэд хэдхэн үндсэрхэг үзэлтнээс бусдаар залуучууд нь өөрсдийгөө монгол гэж үзэхээ байсныг сонслоо. Тувагаас Монголд ирж суралцаж буй Дан- Хаяа гэхэд монгол хэлээр муухан ярьдгаа санаа зовнингуй хэлсэн юм. Хамт ирсэн найзууд нь бүр нэг ч үг солихгүй. Тэдний ярианаас өөрсдийгөө ОХУ-ын нэг харьяа тува хүмүүс гэдэгт итгэсэн байдал ажиглагдана. Тэдэнд визний асуудал тийм ч түвэгтэй биш гэнэ. Гэхдээ Монголтой холбогдох хэрэг бараг гарахгүй учраас Монгол Алтайн тувачууд, ӨМӨЗО дахь Ханасын тувачуудыг төдийлэн мэдэхгүй ажээ.

Монгол туургатны хүний эрхийн идэвхтэн Ч.Мөнхбаярын хэлснээр “Бусад олон улсад өөрийн голлох үндэстний хилийн чанад дахь ахан дүүсийг онцгойлон анхаарч, ирэх хүсэлтнүүдэд нь бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн байдаг. Бүгдээр нөхцөл байдалдаа зохицсон тусгай репатриацийн (уугуулшуулал) бодлоготой. Их хүн амтай БНХАУ хүртэл амжилт ололт гаргасан хүнийг даллах, хязгаарлагдмал уугуулшууллын бодлоготой байдаг” аж. Тэрбээр 2006 оноос “Монголын уугуулшууллын талаарх бодлого”- ыг санаачлан хоёр Ерөнхийлөгч дамнан хэлэлцүүлсэн ч төдийлэн үр дүнд хүрсэнгүй өнөөдрийг хүрснээ хэллээ.

Монгол Улсын иргэнээс гарсан, иргэн болсон тохиолдол 60:1-ийн харьцаатай байгаа талаар 2012 онд Ерөнхийлөгч үгэндээ дурдсан байдаг. Хоёр жилийн өмнөх байдал төдийлэн өөрчлөгдөөгүйг хилийн чанадад амьдарч буй монголчуудын судалгаанаас харж болно. Харин харьж ирэгсдийн дотор маш цөөн буй монгол угсаатныг олон болгох ажлыг “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт оруулах, түүнийг монгол туургатны болгох юм уу, тэдэнд ээлтэй хөнгөлөлт гаргах, дээр нь зөвхөн монгол туургатанд зориулсан тусгай хууль гаргах зэргээр цэгцлэх хэрэгтэйг Ч.Мөнхбаяр онцоллоо.

Гадаад иргэдийн эзлэх хувь хүн амын нэг (29 мянга), нэг улсын иргэд бол 0.33 хувиас хэтрэхгүй байх гэсэнд монгол туургатнуудыг хамааруулахгүй байхыг мөн хуульчлах хэрэгтэй биз. Харьяатын тухай хууль ёсоор бол Монголд таван жил суусан, амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй хэн ч Монголын иргэн болж болно.

Гэвч хууль монгол туургатнуудад чанга хэвээрээ. Тэдний амыг таглахад хаашаа ч урвуулж болдог хууль дүрмүүд нь тусалдаг. Голомт нутагтаа ирсэн тэдний ярианаас эмээсэн байдал мэдрэгдэнэ. Учир нь манай төрийн албаныхан тэдний эмээх шалтгаан болдог аж. Ажлынхаа эрхээр далимдуулан, хэрхэн дарамт үүсгэдгийн жишээг нэрээ нууцалсан хэд хэдэн хүн хэлж байлаа. Монгол туургатнаа Монголдоо сайхан биш ч гэсэн амар жимэр суухад нь бид туслах хэрэгтэй. Төрийн хэмжээнд хууль дүрмээ цэгцэлж, олуулаа болох уриалгаа ажил болгох нь зүйтэйг энгийн иргэдээс эхлүүлээд дэмжиж байгаа.

Дуучин С.Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төслийн шинэ уран бүтээл “Тэмээн жингийн цуваа” дуунд:

Тэмээн жингийн тэргүүн цуваа

Тэнгэрийн хаяанаас наашлан айсуй хэмээн дуулж буйг нийтийн тээвэрт сонслоо. Энэ бол хүслэнгийн дуу. Бид нүүдэл тосох нь бүү хэл, буух буурийг нь бэлдээгүй сууна. Уг нь тэдэнд голомт залгах горь байгаа юмсан.


ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙН ҮР ДАГАВАР

Уурхайнууд зогсонги байдалд орж, улс төр шинэ сонингүй өвлийн дүнгээр машин засварын ажилчин Вьетнамууд бидний үндсэрхэг үзлийг өдөөлөө. Монголд өрнөсөн сошиал хөдөлгөөнийг колончлол, эзэрхийллийн эсрэг зуун дамжин дайтсан Вьетнамын түүхтэй л жишиж болохоор байна. Үр дүн нь харин тун тааруухан төрхтэй аж.

Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын яамтай холбогдож тодруулбал “Цахим ертөнцөд мэдээлэл тараасан хэргийг цагдаагийн газарт одоохондоо шалгуулаагүй байгаа. Харин “Өглөөний сонин”-д “Нохойн мах манай үндэстний хоол” хэмээн буруу ташаа мэдээлэл нийтэлснийг шалгуулахаар болсон. Shuud.mn сайтад гарснаас шууд эх сурвалж хийж бичсэн юм шиг байна лээ. Таагүй мэдээлэл цацагдсанаас хойш Вьетнам засварын газар халдсан гэмт хэргийн таван тохиолдол бүртгэгдсэн” гэлээ. Энэ мэдээллийг авснаас хойш цаг хүрэхгүйн дараа цахим ертөнцөд “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх вьетнам засварын газар руу 25 настай Г бусадтай бүлэглэн халдаж, гурван вьетнам иргэнийг зодож, дарамталсан тохиолдол гарлаа” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байв.

Вьетнамчуудын эсрэг хөдөлгөөнд сэтгэл нь хөөрсөн, тэнгэр гарвалт угсаагаа мэдэрсэн “жирийн” Г нарын залуус Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар “Давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгүүлэх магадлалтай.

Энэ мэт хий хөөрөгдөл л долоон жилийн өмнө таван сайхан залууг буудаж хөнөөснийг бид цагийн урсгалд мартаа болов уу.

ЭНЭ БҮХЭН ЭХЛЭХЭЭС ӨМНӨ

“Хятад, Вьетнамын хил дээр вагоноо сольсон юм. Хонгор морины ногт мултраад, явган бид гүйцэлгүй алдчихсан. Хонгор морь эх орноо зорьж гүйсээр 1960 оны сүүлээр Жанжин Чойрын орчимд ирэхэд нь хилийн цэргүүд тороо тас хайчлаад оруулсан гэдэг. Тэр морь Хятадын Шар мөрөн, Хөх мөрнийг гатлаад намаг шалбааг, араатан амьтныг гэтлээд эх орондоо ирсэн байж билээ. Ер нь хүнд мал амьдаар нь битгий өгөөрэй гэж захимаар санагддаг. Биднийг буцахад манай мал хойноос хошуураад, уйлаад хоцрох шиг санагдсан” 1959 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад бэлэглэсэн 100 мянган малын хэсгийг хүргэх үүрэг хүлээсэн гуч гаруй хүний нэг Г.Мягмаржав гуай “Өдрийн сонин”-ы өнгөрсөн оны дугаарт ийн ярьжээ.

Энэ түүх Вьетнамын Засгийн газраас 1950 онд гаргасан дипломат харилцааны саналыг харгалзан 1954 онд Монголын тал Хятад дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санал тавьснаас эхэлнэ. Дараа жил нь Ерөнхийлөгч Хо Ши Минь манай улсад ирж, дөрвөн жилийн хойно БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал айлчлахдаа мал малын захтай болгох ам гарчээ. Уур амьсгалын зөрүүг тооцон үзээд цөөн мал хүргүүлж, гуравдагч орноос үхэр худалдан авахад зориулж 1.5 сая ам.доллар өгсөн нь одоогийн Вьетнам дахь “Сүхбаатар”-ын нэрэмжит аж ахуйн үйлдвэрийн эхлэл болсон гэнэ лээ. Социалист ахан дүүсийн андгай барилцсан Монгол Улс 1960-1970 онд дайны хөлд өнчирсэн 400 гаруй хүүхдийг авчирсан гэх сэтгэл хөдөлгөм явдал ч нэмэгдэнэ. БНМАУ-ын Засгийн газар 1956-1990 оны хооронд нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хандив тусламж үзүүлснийг одоогийн ханшаар бодвол муугүй нөхөрлөсний баталгаа болохуйц тоо гарна. ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэнгэллхамын өгүүлэлд “Олон улсын хэмжээнд Вьетнамд тусалсан дүнгээрээ Монгол Улс нэгт ордог” гэж дурдсаныг энэ мэтээр амархан баталж болох юм. 1990 оноос 1994 оныг хүртэлх хоёр орны байдал хэн нь хэнийгээ бодоход хэцүүхэн цаг үе байжээ. Биднийг картын бараанд шилжин тэвдэж явахад хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 мянган ам.долларын буцалтгүй тусламж илгээснийг нь бас ч мартах учиргүй. 1994 онд тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат Вьетнамд айлчлан хоёр орны найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах хэлэлцээрт гарын үсэг зурж, 2000 онд Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дык Лыөнг манайд айлчлахдаа найрамдалт харилцааны гэрээгээ гуравдахиа шинэчилж байлаа. Эцэст нь, 2004 онд 2.4 сая байсан худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 16-18 сая болж өссөнийг Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Данг Дыөнг ярилцлагынхаа үеэр дурджээ.

ШИЙДЭЛ НЬ “ЭНЭ” БИШ

Хэдэн жилийн өмнө Ислам шашинт орнуудад эмэгтэй хүн нүүрээ халхлан гивлүүр зүүж, газар шүргэсэн хижаб гэх үндэсний хувцас өмсдөг нь тэдний эрхийг зөрчиж буй гэж үзсэн Европчууд гудамжиндаа гаран эсэргүүцэж билээ. Тэдний хүлээн авсан хариу тун энгийн. “Бидний юу хийхийг та нар шийдэх эрхгүй. Битгий оролц” гэж хэлээд хариуд нь цээж нүцгэн жагсаж байв. Нүүрээ гивлүүрдэж, хижаб өмссөн бүсгүйчүүд өөрсдийнх нь тунхагласан хувь хүний эрхийг тэдэнд эргүүлээд харуулчихсан хэрэг. Харин монгол дахь явдалд тийм боломж байсангүй. Монголоо өмгөөлсөн, өмөөрсөн сошиал давалгааны нэгээхэн хэсэг Вьетнам залуустай хамт зургаа татуулж, бичлэг хийлгэсэн монгол охидод чиглэн амиа хорлох оролдлогод хүргэв. Цагдаагийн байгууллагаас хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл гэж нууцалсан ч дэлхий дээр жил тутам 4400 орчим хүн амиа хорлодгийн 70 хувь нь яг ийм кибер доромжлолоос үүдэлтэй гэсэн судалгаа бий. Сошиал ертөнцийн хурдтай хөгжлийг даган энэ тоо аажмаар өсөж байгаа. Үндэсний хэт үзэлтэй жиргээч, бичээчдэд тэдгээр охидын “identity”-г хүлээн зөвшөөрөх, үндэс нэгтнээ өмгөөлөх хэмжээний ёсзүй байгаагүй нь шийдэл “энэ” биш болохыг батална.

Элчин сайдын яамны мэдээлснээр “Монгол Улсад одоогийн байдлаар 700 гаруй Вьетнам иргэн байгаагийн дийлэнх нь ажил эрхэлдэг. Цөөн хэд нь суралцах шугамаар ирсэн байдаг. Тэд ихэвчлэн Олон улсын харилцаа, Хөдөө аж ахуйгаар суралцдаг” байна. Харин Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын бидэнд мэдээлснээр “Монгол Улсад 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар БНСВУ-ын нийт 663 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж буйгаас хөдөлмөр эрхлэгч 473, хөрөнгө оруулагч 108, суралцагч 22 иргэн байгаа аж. Монгол улс 1990 оноос өмнө жил бүр таван оюутныг Вьетнамд сургадаг байснаа 2004 оноос 15 болгон өсгөж, Вьетнам оюутнуудыг монголд сургах солилцооны сургалтыг бий болгосны нэгэнд Вьетнам Улсаас монголд суугаа элчин сайд Фан Данг Дыөнг багтана. Хилийн дээс алхаж суралцахын тулд менежмент, удирдлага, орон судлалын дургүй мэргэжлээ өвөртлөн тийш зорих оюутнуудаа автын инженер, машин механизмын мэргэжилтэн болгон бэлтгэж, вьетнамчуудын дэргэд гууль болтол шарласан монголчуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх багахан сэтгэл бидэнд дутлаа.

“BBC”-гийн Оксана Воздаевагийн 2012 онд бичсэн “Вьетнамчууд Оросын үйлдвэрт боол шиг ажилладаг” нийтлэлд “Хоногт 18 цаг ажилладаг Вьетнамчууд өчүүхэн алдаанаасаа болж биеэ хөхөртөл зодуулж, хоёр нь цонхгүй дөрвөн жижиг өрөөнд 75-уулаа амьдарч байгаа” талаар бичжээ. Социалист орнуудын тусламжаар амь зууж, сав суулга зөөж наймаачин болсон Вьетнамчууд Унгарт дотуур хувцас худалдаж, Орост үйлдвэрт зүтгэж, Америкт цагаачлагч дөрвөн том бүлгийн нэг болсон байв. Францад 185 мянга, Австралид 226 мянган вьетнам иргэн цагаачилдаг талаар migrationpolicy.org бичжээ. Аль ч газрын Вьетнамуудад ганцхан ялгарах шинж бий. Хатуу ширүүн, бохир заваан нөхцөлд тэд олон цагаар ажиллаж, бага зарлага зарцуулдаг. Монголд ажил эрхлэгч 400 гаруй иргэний ихэнх нь энэ зарчмаар л амь зууна. Харин бид ажлын амрыг харж, нөхцөл бүрдэхийг хүлээсээр ажлын байраа тавьж туусан ньхэний ч нүдэнд ил гаргалгаа. Вьетнам засвар орж ирээд 10 гаруй жил өнгөрөхөд тэднээс суралцаж гавиагүй нь ч бидний тэнгэр санаатай, захирагч байх хүсэлтэй холбоотой биз. Социализмын жилүүдэд “төлгүүд” хоч сонсож, дуу нам, харц доогуур байсан тэд даврах боллоо гэсэн бухимдал нь ч өөрсдийгөө бусдаас доор тавих хүсэлгүй атлаа бусдаас илүү хөдлөх дургүй бидний буруу.

Эцэст нь, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж ам тагладаг албаны үгээ биелүүлж, ард түмнээ эх орондоо амар тайван амьдрах нөхцөлийг бодлогоороо зохицуулах шаардлага тулгарч байна. Ингэхийг хүсээгүй тохиолдолд тэр бүхний цаана эрх ашгийн зөрчил байгаа гэсэн өөр өнцөг цухалзаж мэднэ.