ХАР ТУГАЛГА: Яагаад БАЯНХОШУУНЫ хүүхдүүдийн цусанд ХОРТОЙ металл их илрэв
- 2017-04-11 13:50:00
- Мэдээлэл
- 381
Сэтгүүлч Г.Одгарав| GoGo.mn
2017-02-12 15:00 GMT+8

-Тэдэнд ирээдүй бий юу-
Биднийг үмх мах, өдрийн талхны төлөө элдвийг сөхөөрөх завгүй явахад “хар тугалга” бяцхан үрсийг минь чимээгүйхнээр “идээд” эхэлчихэж.
“Идэх” гэдгийн учир юу гэвээс бохир орчин, агаарын бохирдол, баталгаагүй хүнс, чанарын шаардлагагүй тоглоомоор дамжин хүүхдийн тархин дахь мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг нь энэхүү хүнд металлын хамгийн гол занал.
Учир нь тархины мэдрэлийн эс хүүхдийн өсөлтийн явцад нэгэнт үхэжсэн бол дахин хэзээ ч төлжихгүй. Энэ нь оюуны чадамжид шууд нөлөөлнө хэмээн эрдэмтэд ярьж байна.
Иймд GoGo мэдээний агентлаг нийгмийн үүргээ ухамсарлан уг тулгамдаж буй асуудлын мөрөөр АШУҮИС, Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран Улаанбаатар хотын таван цэгээс дээжлэн хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох шинжилгээг санамсаргүй түүврийн аргаар хийж сонирхолтой дүнг олж харсан юм.
Шинжилгээгээр агаарын болоод орчны бохирдол ихтэй Баянхошуу орчмын хүүхдүүдийн цусанд хар тугалгын хэмжээ их гарсан бол Зайсангаас илрээгүй нь хачирхалтай байв. Бидний сурвалжлага ЯАГААД гэх олон асуултын зангилааг тайлахад чиглэлээ.
ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНД ШУУД НӨЛӨӨЛӨХ ХЭМЖЭЭНД БАЙВ УУ?

Хүүхдийн цусанд хар тугалгыг тодорхойлсон АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн шинжилгээний хариу
Хүний цусанд хар тугалга огт байх ёсгүй. Нэгэнт цусанд нэвтэрсэн тохиолдолд агуулагдах хэмжээг 1 микрограмм децилитр (мкг/дл) нэгжээр хэмждэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний цусанд 5 мкг/дл-ээс их агуулагдах тохиолдолд тухайн бие организмд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг гэжээ.
Эрдэмтэн Б.Бурмаа, О.Байгаль нарын эрдэм шинжилгээний бүтээл болох “Хар тугалга-Эрүүл мэнд” номонд энэхүү нөлөөллийг дараах байдлаар зурагласан байна.

Эрдэмтэн Б.Бурмаа, О.Байгаль нарын эрдэм шинжилгээний бүтээл болох “Хар тугалга-Эрүүл мэнд” номоос...
Гэтэл манай шинжилгээнд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн X хорооны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ “15.9-22.6 мкг/дл.
Тэгэхээр энэ үзүүлэлт эдгээр хүүхдийн өсөлт, сонсгол, оюуны чадамжид сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тодорхой байна.
ЯАГААД БАЯНХОШУУ ГЭЖ?

Агаарын чанарын индекс өнөөдөр өглөөний байдлаар... 2017.02.09
Агаарын чанарын албанаас өдөрт хэд хэдэн давтамжтайгаар нийслэлийн бүх бүсийн агаарын чанарыг мэдээлдэг.
“Монгол улсын стандарт MNS 4585:2016”-д агаарын чанарын индексийг “50” гэх үзүүлэлттэй байвал “хэвийн” буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж үздэг. Харин “500” болон түүнээс дээш бол хүмүүсийн эрүүл мэндэд шууд аюултай. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтэд 24 цагийн турш байх аваас хүн хүчилтөрөгчийн дутагдалд орно гэсэн үг юм.
Гэтэл Сонгинохайрханы Баянхошуунд үргэлж л "500"-аас дээш "2000" хүртэл зааж байна.
Мөн түүгээр ч барахгүй агаар бохирдуулагч хүчин зүйлүүдээс хамгийн хортой нь болох РМ 2,5 хэмээх нарийн ширхэглэлт тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй хэд дахин их байна.
Уг элементийн стандарт хүлцэх хэмжээ нь 25 мкг/дл. Гэтэл энэ бүс нутагт хамгийн их хэмжээ 1000 гаруй мкг/дл үзүүлэлттэй байгаа юм.
10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино ба урт хугацааны нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог гэжээ.
Өнөөдрийг хүртэл агаарын бохирдол ихтэй, нүүрс түлж амьдардаг айлуудын орчинд хийсэн нөлөөллийн нарийвчилсан судалгаанууд хараахан хийгдээгүй байна.
Иймд бид гамшгийн хэмжээний агаар, орчинд амьдарч буй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгыг шинжилж үзэхээр шулуудсан билээ.
ЯАГААД ХҮҮХДҮҮДИЙН ЦУСАНД ОГТ БАЙХ ЁСГҮЙ ХАР ТУГАЛГА ИХ ИЛРЭВ?
Үүнд хэд хэдэн гаргалгааг дэвшүүлж болохоор байна.
Баянхошуу орчмын айлууд өвөлдөө нүүрс түлж амьдардаг. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Агаарыг бохирдуулагч тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс үргэлж давж байдаг.
“...РМ 2.5 тоосонцрын гол шалтгаан нь шаталтын үед үүссэн аэрозол хэлбэрийн дутуу шатсан нүүрс болон нарийн ширхэгтэй үнс...” хэмээн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн Б.Даваабал, Б.Батцэцэг, Ц.Золзаяа, Ж.Тэмүүжин нарын “Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрсний үнсний шинж чанар, ашиглах боломжийн урьдчилсан судалгаа”-нд дурджээ.
Эрдэмтдийн ярьж буйгаар агаар дахь тоосонцрын хэмжээ их байх тусам түүнд агуулагдаж буй хар тугалга хүний цусанд нэвтрэх магадлал ихэсдэг байна.
Түүгээр ч барахгүй нүүрс, шаталтын дараа бий болсон үнсэнд хар тугалга агуулагддагийг олон улсад болоод манай судлаачдын судалгаагаар тогтоосон. Тухайлбал,
Б.Бурмаа, О.Байгаль нарын “Хар тугалга-Эрүүл мэнд” судалгааны бүтээлд Монгол орны томоохон нүүрсний орд газруудын нүүрсэнд агуулагдах хар тугалгын хэмжээг дурдсан төдийгүй “З.Цэвээн нарын (2005) судалгаагаар Улаанбаатар хотод жилд хэрэглэх нүүрсний хэмжээг 5 сая тонн гэж үзвэл жилд гадаад орчинд 309 тонн хар тугалга ялгаран гарч болохыг тооцжээ...” хэмээн бичсэн байна.
Мөн Шинжлэх ухааны Академи Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн Б.Даваабал, Б.Батцэцэг, Ц.Золзаяа, Ж.Тэмүүжин нарын “Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрсний үнсний шинж чанар, ашиглах боломжийн урьдчилсан судалгаа”-нд гэр хороололд нийтлэг хэрэглэж буй нүүрсний үнсийг шинжилж түүнд агуулагдах хорт бодисуудыг нарийн тодорхойлжээ. Уг судалгааны төгсгөлд “...Судалгаанд авсан ердийн зууханд шатаасан болон төслийн зууханд шатаасан нүүрсний үнсэнд агуулагдах хүнд, хортой элементүүдийн агууламж, кларк хэмжээг бусад орны нүүрсний үнстэй харьцуулахад Zn, Pb өндөр, Co, Cr, Ni дундаж хэмжээтэй байгаа нь харагдлаа...” гэжээ. Хар тугалгын химийн тэмдэглэгээ нь “Pb” бөгөөд дээрх дүгнэлтэд нүүрсний үнсэнд их болохыг тогтоосон байна.
Эндээс харвал нүүрсний хэрэглээ ихтэй Баянхошуу орчмын хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дээрх шалтгаантай ч холбоотой байж мэдэх юм.
ХЭЧНЭЭН ХҮН ХАР ТУГАЛГЫН ХОРДЛОГОД ОРЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА?

Сонгинохайрхан дүүрэг 1200,6 км2 нутаг дэвсгэрийг эзэлдэг бөгөөд нийт 307 224 хүн амын 82 895 өрхтэй.
Ихэнх иргэн нь гэр хороололд суудаг бол ердөө дөрөв хуваасны нэг нь орон сууцанд амьдардаг. Дүүрэг нийт 32 хороотойгоос хамгийн их утаа, орчны бохирдолтой нь 3, 4, 5, 6, 7, 19 хороо.
Тэнд 61440 хүн амьдарч байна. Тэгэхээр нүүрс түлж утааны голомтод амьдрагч эдгээр иргэнийг хар тугалганы хордлогод орж болзошгүй хүн ам гээд нэрлэчихвэл хол зөрөхгүй болов уу.
Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 16507, цэцэрлэгийн насны 31770 хүүхэд байна гэхээр нийт 48 мянга гаруй хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчны асуудал хөндөгдөхөөр байна.
url: http://news.gogo.mn/r/201475
ХАР ТУГАЛГА: Тэд үрсдээ зовниж байна
Сэтгүүлч Г.Одгарав| GoGo.mn
2017-02-13 12:00 GMT+8

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Н.Бүрэн-Өлзий
Хавьд өмсөөгүй өдөн куртикээ шүүрээд гэрээс гарав. Тортог үнэртэж байх чинь… Эргэн тойрноо ажихад утаан хөшиг татсан шинж ер алга. Хаврын урь орж байна уу гэлтэй нарны өнгө урьд урьдынхаас илүү шингэрчихэж…
Одоогоос хэд хоногийн өмнө Баянхошуу руу сурвалжлагад явсан юм. Тэндээс л энэ утааны эгшүүн үнэрийг шингээгээд иржээ.
…Хотын баруун хойд зүг рүү чиглэх тусам утаат манан өтгөрч, Баянхошууны эцэс хүрэхэд ойр орчны юм харагдахгүй гэгээн нартай өдөр үдэш орой болсон мэт орчны юм үзэгдэхгүй бүрэлзэнэ.
Энд хүн сохор мэт өмнөхөө тэмтчиж, машинууд давхих бус мөлхөх нь ердийн үзэгдэл. Нүүрсний өмхий утаа хамар, хоолой хорсгон, нүд аргааж “нутгийн агаарт”-т энэ бие дасан зохицох шинжгүй.
Сонгинохайрхан дүүргийн нэгэн иргэнтэй цаг болзчихоод түүний гэрийг зорихдоо хавийн нүүрсний утаанд ийн бөгшүүлж явав.
Миний уулзах хүний нэрийг Б гэдэг. (Өөрийнх нь хүсэлтээр түүний нэрийг нууцлав) Машины хөдөлгөөн тасрах нь ховор Баянхошууны замын урдхан талд тэдний яндан цухуйна.

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Н.Бүрэн-Өлзийгийнх. Эднийх машин замтай хаяа дэрлэн амьдардаг.
Гэрийн баруун талд юуны ч юм зориулалтаар барихаар дутуу орхисон барилга сэрийнэ. Хашаанд хоёр гэр, нэг шавар байшин байх бөгөөд эхнийх нь Б-ийнх.
"ТОЛГОЙ НЬ БАЙНГА ӨВДӨЖ, ДОТОР МУУХАЙ ОРГИЛОО ГЭДЭГ"
“Хар тугалга” сурвалжлагынхаа хүрээнд энэ бүсгүйтэй уулзахыг хүсэхэд тэрбээр татгалзаагүй. Учир нь бүсгүй хүүхдэдээ санаа зовнисон мянга мянган эхийн л нэг.
АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран хийсэн хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох шинжилгээнд тэрбээр хүүхдээ хамруулсан. Шинжилгээгээр цусанд огт байх ёсгүй хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их гарсан нь бидний уулзах шалтгаан болов.
Тэд энэ бүс нутагт амьдраад багагүй хугацааг өнгөрөөжээ. Б-гийн ярьж буйгаар хүү нь биеийн дархлаа муутай, үргэлж л толгой өвдөж, дотор муухайрлаа гэж ээждээ хэлдэг байна.
“Агаар муутай, бүгчим орчинд сав л хийвэл уначих гээд байдаг. Хамраас нь үе үехэн цус гардаг” хэмээн тэрбээр үргэлжлүүлэн ярив.
Одоогоос хоёр жилийн өмнө энэ айл хүүхдүүдээ дааруулахгүйн тулд хуванцар сав, дугуй гээд гал гаргаж болох бүхий л зүйлийг түлшиндээ ашигладаг байжээ.
Мөн гэрийн ар талд машины дуун тасрахгүй тул нүүрсний утаанаас гадна машины угаариар уушгилна.
Эднийх 5-13 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдийн царай цонхигор, хамраас нь нус гоожих бөгөөд ээлжлэн ханиалгаж байв. Хүүхдүүд томуунд дарлуулсан уу, эсвэл зочдоос бишүүрхсэн үү цаанаа л унжгар, цовоо цойлгон байдал үгүй мэт санагдав.
Ээжийн ярьж буйгаар түүний хүү үргэлж л нурмайж, толгой нь өвддөг байна. Түүгээр ч барахгүй аливааг ойлгох чадвар их удаан хэмээн ярилаа.
Энэ бол Баянхошуунд амьдарч буй нэгэн гэр бүлийн тусгал... Үүнд ямар нэгэн дүгнэлт, тайлбар илүүц.
Б.НАРАНГЭРЭЛ: МИНИЙ ХҮҮГИЙН ХАМРААС ҮРГЭЛЖ ЦУС ГАРДАГ. ЭМНЭЛГЭЭР ЯВААД ОНОШ НЬ ТОГТООГДДОГГҮЙ
Энэ уулзалтын дараа бас нэгэн эхтэй уулзлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Б.Нарангэрэл бөгөөд Баянхошуунд 17 жил амьдарч байна.
-Энд олон жил амьдарч буй оршин суугчийн хувьд амьсгалж буй агаар, хүрээлэн буй орчноо хэрхэн тодорхойлох вэ?
-Манай хороо дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй, агаарын бохирдол гэхэд нүдэн баримжаагаар харахад л илт байдаг. Энд өндөрлөг газар болохоор утаа харьцангуй бага. Салхи урд, баруун урдаас чиглэсэн тохиолдолд хойшоо утаатай болчихдог. Сүүлийн 5-6 жил утаа мэдэгдэхүйц их болжээ.
-Зундаа хөрсний бохирдол хэр вэ?
-Хөрсний бохирдол их. Энэ нь айлуудын ухамсаргүй үйлдэлтэй шууд холбоотой. Угаадсаа гудамжиндаа асгадаг. Хашаанаас гадна асгавал өөрсдөө цэвэрхэн сууна гэж эндүүрдэг байх.
-Таны хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал ямар бэ?
-Ер нь эрүүл мэндийн хувьд доголдолтой. Хичээлээ ойлгох чадвар их сул. Хоол боловсруулах эрхтэн муу. Байнга хамраас нь цус гарч, хамар битүүрнэ. Дандаа толгой өвдөж байна гэж хэлнэ. Заримдаа ажилдаа түүртэх үедээ “Өвчин хэллээ” гэж хүүхдэдээ уурлана. Хамраас нь цус гараад байхаар нь явж үзүүлсэн. Онош нь тогтоогдоогүй. Манай хүүхэд цус багатай юу гэмээр цонхигор царайтай, ер нь унжгар, сулбагар.
-Ханиад томуу тусах нь хэр вэ?
-Өвчлөмтгий шүү дээ. Болж л өгвөл өвдчих гээд байдаг. Шүд бас хэвийн бус. Гаж ургачихсан. Тэгээд хүүхдэдээ анхаарч эмнэлгээр явах гэхээр даанч зав олдохгүй юм.
-Хүүхдийн тань аливааг ойлгох чадвар ямар вэ?
-Ер нь сэтгэн бодох чадвар тааруу.
НЯЛХ ХҮҮХДИЙН ЦУСАНД ХАР ТУГАЛГА БАЙНА ГЭХЭЭР ИРЭЭДҮЙД НЬ САНАА ЗОВЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Б.Нарангэрэл
-Хүүхдийн дархлааг сэргээх амин дэм хэрэглэж чадаж байна уу?
-Аарц, чацаргана л өгдөг. Түүнээс биш үнэтэй витаминыг тэр бүр авч чадахгүй шүү дээ.
-Ихэвчлэн юу түлж байна?
-Нүүрс түлдэг. Модоор галаа асаагаад нүүрсээр л өнжиж байна.
-Хар тугалгын шинжилгээний талаар ямар ойлголттой байна вэ?
-Хүүхдээ шинжилгээнд хамруулахаас өмнө ямар ч ойлголтгүй байлаа. Одоо ч хэрхэхээ мэдэхгүй л явна. Нялх хүүхдийн цусанд хар тугалга байна гэхээр ирээдүйг нь их санаа зовниж байна. Өнөөдөр ганц нэг хүүхдийг бус цаана нь байгаа олон хүүхдийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Төр бодлогоороо дэмжиж өгөхгүй бол хэсэг бүлэг хүн яриад байвал бүтэхгүй. Харин дээрээс эрүүл мэндийн байгууллагад нь иргэд үйлчлүүлж шинжилгээ өгөх боломж бололцоог нь бүрдүүлж суулгаж өгөх шаардлагатай. Миний хүүхдэд байгаа юм чинь үүний цаана хэчнээн хүүхдийн цусанд байгаа юм билээ. Иргэдийн хувьд хар тугалгын талаар ямар ч ойлголтгүй байгаа. Үүнийг та бүхэн сөхөж гаргаагүй би мэдэх ч үгүй байсан. Хүүхдийнхээ цусанд хар тугалга байгааг сонсоод их эмзэглэсэн.
-Та долоон хүүхэдтэй хүн. Өөрийн болоод эргэн тойронд амьдарч байгаа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг ямар байна гэж хэлэх вэ?
-Сүүлийн үед төрсөн хүүхдүүд дархлаа сул, өвчлөмтгий юм уу гэж хардаг. Зээгээ харахаар цонхийсон цагаан, нүд нь жартайчихсан байдаг. Хар тугалгын талаар мэдээлэл аваад хүүхдүүддээ санаа зовж эхэлсэн. Ер нь боломж байвал шинжилгээ хийлгэж, оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй байна.
Бид хэсэг хугацаанд ийм яриа өрнүүллээ. Хамгийн утаа багатай гэж тодорхойлсон энэ газарт хэсэг саатахад л хоолой ам аргаж, амьсгалахад тун бэрх байв.
С.ОЮУНЦЭЦЭГ: ТОЛГОЙ ӨВДӨХ, НОЙРГҮЙДЭХ, ЯДАРЧ СУЛЬДАХ ЗОВИУРТАЙ ХҮҮХДҮҮД ЦӨӨНГҮЙ ИРЖ БАЙНА
Тус хорооны “Байгаль наран” өрхийн эмнэлгээр орж эмнэлгийн дарга С.Оюунцэцэгтэй ярилцахад "Сүүлийн үед толгой өвдөх, нойргүйдэх, ядарч сульдах зэрэг зовиуртай хүүхдүүд цөөнгүй ирж байна. Бид шаардлагатай эмчилгээгээ зааж өгөөд хоёр дахь шатлалын эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болоод дүүрэг, улсын нэгдсэн эмнэлгүүд рүү явуулж байгаа. Шалтгаан нь агаар орчны бохирдлоос ч болж байгаа байх. 7-14 насныханд дээрх зовиурууд илүүтэй илэрдэг" гэсэн юм.
Түүний ярьж буйгаар хүүхдүүдийн хамраас цус гарах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ дагуу цусны шинжилгээ хийж, хамар салстыг нь чих хамар хоолойн эмчид үзүүлээд ч онош нь тогтоогддоггүй гэлээ.
Хар тугалга нь хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал мэдрэлийн тогтолцоо, шээсний замын өвчлөлийг үүсгэдэг.

Тэгвэл тус хорооны өвчлөлийн статистикаас харвал гурван жилийн дотор хүүхдүүдийн дунд мэдрэлийн тогтолцооны өвчин 50 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 2014 онд 104 байсан бол 2015 онд 162, өнгөрөгч онд 206 болтлоо өссөн байна.
Агаарын бохирдол буюу утаа нь хүний уушги, амьсгалын замын өвчний шууд шалтгаан болдог. Дээрх статистикаас харвал гурван жилд хүүхдүүдийн өвчлөл буурах бус нэмэгдсээр иржээ.
Энэ тоо нь зөвхөн Сонгинохайрхан дүүргийн X хорооны 3000 гаруй хүүхдийг хамарсан л статисик. Гэтэл өмхий утаа, угаадсандаа нэвчсэн хортой орон зайд Монголын мянга мянган хүүхэд торниж байна.
Тэдний төлөө төр юу хийсэн бэ. Хэн санаа тавьж байна. Харамсалтай нь эхчүүдээс өөр зовних хэн ч алга...
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/201675
ХАР ТУГАЛГА: Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор”
Сэтгүүлч Г.Одгарав|GoGo.mn
2017-03-15 10:41 GMT+8

Шороо, угаарын аль нь цоргиж буйг ялгахад бэрх Да хүрээ тийш “Мэдрэлийн хор”-ын эрэлд гарав.
“Мэдрэлийн хор” гэхээр уншигч та юу өгүүлж буйг ойлгохгүй гайхаж мэднэ. Энэ нь дэлхий нийтэд хэдийнэ танигдсан ч манай хэвлэл мэдээллээр саяхан л дуулдах болсон өнөөх хар тугалга юм.
Агаар, хөрс, усаар дамжин цусанд нэвчсэн хар тугалга нялхсын сэтгэн бодох чадвар, оюуны чадамжийг доройтуулдаг учраас олон улсад ийн нэрийддэг байна.
АШУҮИС-тай хамтран хийсэн хүүхдийн цусанд хар тугалга тодорхойлох түүвэрчилсэн шинжилгээнд Да хүрээ зах орчим амьдардаг хүүхдүүдийн цусанд энэ хор зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 5.7-10 мкг/дл байсан нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороог зорих шалтгаан болов.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цусан дахь хар тугалгыг 5 мкг/дл-ээс дээш байх тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Тэр ч байтугай мэдрэлийн тогтолцоо төдийгүй бөөрийг гэмтээх энэхүү хүнд металл хүний биед байх ёсгүй юм.
ДА ХҮРЭЭ ЗАХ ОРЧИМД ЯМАР АМЬДРАЛ ӨРНӨДӨГ ВЭ?

Замын цагдаагийн албанаас авсан мэдээгээр Нийслэл хот 1990 оноос өмнө 10 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 1996 онд 36.1 мянга, 1999 36.3 мянга, 2016 онд 467 мянга болтлоо өсчээ.
Тэгэхээр жолооч жилдээ 1-2 удаа тос масло солиулах, засвар үйлчилгээ хийлгэх, машин худалдан авах зэргээр Да хүрээ захыг зорьдог гэвэл энэ нутаг дэвсгэрт машины “мөнхийн” хөдөлгөөн өрнөдөг нь тодорхой.
Үнэхээр ч тийм байв. Хаа сайгүй машин холхих бөгөөд тоосон хөшиг татаж, тос маслын үнэр хан хийх нь ердийн үзэгдэл аж.
Оршин суугчидтай хаяа тэрлэн авто болон дугуй засвар, машин угаалга зэрэг 60 орчим аж ахуй нэгж зах тойрон үйл ажиллагаа явуулдаг байна.
Харин зах дотор 200 гаруй бизнес эрхлэгч машины худалдаа явуулна. Дунджаар нэг хүн таван машин борлуулдаг гэж үзвэл тэнд хамгийн багадаа 1000 орчим машин зогсоолд эзнээ хүлээдэг аж.
Өвөлдөө машины угаараар утуулж, зундаа замын тоос, тээврийн хэрэгслийн тос маслын үнэрт дарлуулах нь эндэхийн оршин суугчдын нэг зовлон. Хараа бэлчээхэд л машин тээвэр хөлхсөн, хог шороондоо баригдсан энэ газарт хүн амьдарч байна гэхэд үнэхээр хөөрхийлөлтэй санагдав.
ХҮҮХДИЙН ЦУСНААС ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ЯАГААД ИХ ГАРАВ?
Тэнд төрсөн сэтгэгдлээр бол “Ийм орчинд хүн яаж эрүүл амьдрах юм бэ. Цуснаас нь хар тугалга байтугай л илэрнэ биз дээ” гэж амархан хэлчихнэ. Гэхдээ… Судалгаа шинжилгээ, эрдэмтдийн үгээр гаргалгаа хийх хэрэгтэй.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн 2010 оны судалгаагаар хотын авто засварын газар орчмын хөрсөнд хар тугалгын агууламж их байгааг тогтоожээ.
Хөрсөн дэх хар тугалгын агууламж хаана хамгийн их байна?

*Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн 2010 оны судалгаа
Хөрсөн агуулагдах хар тугалгын стандарт хэмжээ 100 мг/кг байдаг бол авто засварын газарт 200 гаруй мг/кг буюу байх ёстой хэмжээнээс хоёр дахин их хар тугалга агуулагдаж байсан аж.
Учир нь машины аккумулятор, бензин энэ хорыг агуулдаг байна. Доктор Б.Бурмаажавын “Орчны эрүүл мэндийн судалгаа” номд“...Хар тугалга агуулсан бензинд агуулагдах хар тугалгын 80-90 хувь нь гадаад орчинд ялгарч бохирдуулдаг... Бензинд агуулагдаж байгаа хар тугалгын 15 хувь нь машины хөдөлгүүрийн үйл ажиллагаанд зарцуулагдаж, 85 хувь гадаад орчинд хаягддаг...” гэжээ.
Тэгвэл манайд хар тугалгатай бензинийг хориглосон болов уу. Монгол улсын стандартад бензинд агуулагдах хар тугалгын хэмжээг зааж өгснөөс бус хориглосон хууль алга. Энэ талаар ч НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Шатахуун хариуцсан байцаагч н.Мөнхболд мэдээлэл өгсөн.
Харин Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр бензин болоод машины утаа хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар ингэж ярив.
Ш.БАТДЭЛГЭР: МАШИНААС ГАРЧ БАЙГАА ХОРТОЙ УТААНААС БАРИ, ЗЭС, ХАР ТУГАЛГА, ЦАЙР ЗЭРЭГ ХҮНД МЕТАЛЛУУД ЯЛГАРДАГ

-Машин ихээр төвлөрсөн газар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй ямар хортой элементүүд ялгарч байдаг вэ. Хүнд элементүүд бий юу?
-Тухайн машины төрөл, тэдгээрт хэрэглэгдэж байгаа түлшнээс шалтгаалан олон янзын хортой бодис ялгардаг. Тухайлбал, хүнд металлууд, дэгдэмхий органик нитро нэгдлүүд, нарийн ширхэгтэй тоосонцрууд багтана.
Машинаас гарч байгаа хортой утаанаас бари, зэс, хар тугалга, цайр зэрэг хүнд металлууд ялгардаг. Бари нь амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлж, зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт ихэсгэдэг.
-Машины утаа болоод тос маслын үнэр хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй бол?
-Машины утаанаас ялгарсан хортой нэгдлүүд нь амьсгалын замаар, арьсаар дамжин хүний биед нэвтрэн орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Архаг бронхит, астма зэрэг өвчтэй хүмүүсийн өвчнийг архагшуулах, зүрхний шигдээс, амьсгалын замын халдварт өвчнийг сэдрээх гол хүчин зүйл болдгийг олон улсад тогтоосон байдаг. Машинаас ялгарч байгаа хортой нэгдлүүд нь хамар, нүд загатнах, уушгины үйл ажиллагаа өөрчлөгдөх, амьсгалын замын эрхтнүүдэд өөрчлөлт гарах, толгой өвдөх, бие сульдах, дотор эвгүйрхэх, бөөлжис цутгах, харшлыг сэдрээх эрсдэлтэй.
-Аккумуляторын батарей хар тугалгыг агуулдаг гэсэн байх аа?
-Тийм ээ. Аккумуляторыг цэнэглэхэд түүнээс ялгарах хортой нэгдлүүд хүрээлэн буй орчныг бохирдуулдаг. Хар тугалгатай ажилладаг хүмүүсийн шээсэн дэх левулины хүчил ихэсдэг бөгөөд цусан дахь хар тугалгын агууламж нь их байдаг. Аккумлятортой харьцдаг ажилчдын 70 хувьд нь цусан дах хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байдаг нь тогтоогдсон.
-Хар тугалга хүний биед хэр удаан хуримтлагддаг вэ. Ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хар тугалга нь хүний биед удаан хугацааны туршид хуримтлагдаж бие организмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Гадаадын эрдэмтдийн судалснаар насанд хүрсэн хүний биед нэвтрэн орсон хар тугалгын 15 хувь нь, хүүхдийхэд 50 хувь нь яс, шүдэнд хуримтлагдан үлддэг байна. Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдийн биед хар тугалга 4-5 дахин их хэмжээтэй шингэдэг. Хар тугалга нь цусны даралт ихсэх, сэтгэн бодох чадвар сулрах, бөөрний үйл ажиллагаа алдагдуулдаг байна.
Да хүрээ орчмын хөрсийг судалж, машинаас ялгарч буй утаа уг хороодын иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалгаагаар тогтоогоогүй ч дээрх судалгаа, судлаачийн үг хүүхдийн цусанд хар тугалга их хэмжээгээр илэрснийг илтгэх баталгаа болж байгаа юм.
Б.АНХТУЯА: МАНАЙ ХОРООНД ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ИХ БАЙДАГ

Шинжилгээнд захтай хамгийн ойр “хиллэдэг” Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 7-10 насны гурван хүүхдийг хамруулсан юм. Тэдний гэр бүлийнхэн уг оршин суугаа газраа таваас дээш жил амьдарчээ.
Эцэг эхчүүдийн ярьж буйгаар хүүхдүүдийн хамраас цус гарах, ядарч сульдах, толгой өвдөх зовиур их илэрдэг гэсэн юм. Түүнээс гадна хоолны дуршил муу, өвөл, хаврын улиралд өвчлөмтгий байдаг гэв.
Хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Анхтуяатай уулзахад дээрх байдлыг үгүйсгээгүй бөгөөд орчны бохирдлоос үүдэн хүүхдийн өвчлөл их төдийгүй жил ирэх тусам өсөж байгааг дуулгав.
Зөвхөн уг хороонд л 0-5 насны 2300 орчим хүүхэд амьдардаг аж. Тэрбээр өвчлөл мэдэгдэхүйц өссөн шалтгааныг тайлбарлахдаа “Үүнийг иргэд гэртээ дугуйн хамера, резин түлдэгтэй холбоотой гэж боддог. Мөн нүүрс авах боломж бага учраас хүйтэн орчин үүнд нөлөөлнө. Харин дулааны улиралд орчны бохирдлоос үүдэн гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Зундаа иргэд эзэнгүй айл, хашааны орчимд хогийн цэг үүсгэчихдэг. Энэ нь гэдэсний халдварт өвчин элбэгших хүчин зүйл болдог” гэв.
Мөн тэрбээр хорооны хүүхдүүдэд суурь эмгэг их байгаа төдийгүй тураал, цус багадалт, сульдаа өвчний тохиолдол их төдийгүй нялхсын эндэгдэл их байгаа талаар ярилаа. Өнгөрсөн жил гэхэд тус хороонд таван хүүхэд энджээ.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хүүхдийн өвчлөл
(0-5 насны хүүхдүүд давхардсан тоогоор)

Бензин, тосны үнэр харшлын өвчлөлийг дэгдээж байгаа бөгөөд нүднээс нулимс гоожсон, нүдний ханиад хүрсэн шалтгаанаар цөөнгүй хүүхэд эмнэлэгт ханддаг байна.
Хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой энэ газарт хамгийн багадаа 2000 гаруй хүүхдийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байна.
Захтай хаяа нийлж мөн 9, 19 дүгээр хороо оршдог. Тэгэхээр 2000 байтугай 5000 хүүхдэд хар тугалга заналхийлж байгаа юм.
Да хүрээ захыг тойрсон гурван хороонд нийт 31 мянга гаруй иргэн амьдарч байна. Агаар, ус, хөрсөөр дамжин тэд хэрхэн хордож буйг хэн ч мэдэхгүй…
Т.Батцогт: 200 ченжээс болж 20 мянган хүн хордож болохгүй биз дээ
СэтгүүлчГ.Одгарав|GoGo.mn
2017-03-20 09:40 GMT+8

Да хүрээ захын орчмоос хийсэн “Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор” сурвалжлагыг уншигч танд хүргэсэн билээ. Хүмүүсийн эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөөд буй тус газрын асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогттой ярилцлаа.
МАШИНЫ ТОС МАСЛЫГ ХААШ НЬ АСГААД, ТЭР НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯАЖ НӨЛӨӨЛЖ БУЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ
-Да хүрээ захын эргэн тойронд бензин, тосны үнэр, тоос шороо, нүүрсний утаанаас гээд орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн. Энэ асуудалд дүүргээс хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Сая 2017 оны нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад гурван үндсэн том бүлгээр буюу ус, агаар, хөрс нь гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан. Гэтэл энэ нөхцөл байдал өнөөдөр биш 10 жилийн өмнөөс л бий болчихоод байсан. Улаанбаатар хотын нийт иргэдийн 60-аас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллынхны амьдрал ямар байгаа билээ, боломжтой нь л нүүрс түлж байгаа. Харин түүнээс доогуур амьдралтай нь юу дуртайгаа түлш болгон шатааж, орчин тойрноо хорт утаагаар бохирдуулж байна. Энэ нь бидний эрүүл мэнд сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ. Үүний цаана чимээгүй аюул болоод байгаа асуудал бол хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд нийслэлд хэд хэдэн шалтгааны улмаас ихсэж байна. Эхний шалтгаан нь гэр хорооллын нүхэн жорлонгууд. Айл болгон нүхэн жорлонтой.
Тэнд хамгийн хортой гэх хог хаягдлаа л хаядаг. Нөгөөх нь доошоо нэвчиж хөрсөндөө бохирдлыг үүсгэж бидний ундны устай холилдож байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид агаараас гадна ус, хөрснөөс хордож байна гэхэд хилсдэхгүй юм. Үүнийг шийдэх ганц л гарц бий. Энэ олон гэр хорооллыг багасгах, түлшиндээ янз бүрийн хортой зүйлс түлэхийг нь болиулах зэрэг юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэд хэдэн байршилд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэхдээ хангалттай хийж чадаагүй. Үүн дээр адилхан шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ эхлүүлсэн. Энэ ажлыг бид цаашид үргэлжлүүлээд явах боломж байгаа. Хамгийн наад захын жишээ Сүхбаатар аймаг байна. Тэнд дулааны станц, цэвэрлэх байгууламж байхгүй. Гэсэн ч утаа гаргахгүйгээр иргэд нь хувийн сууцанд амьдардаг. Хамгийн ойрын жишээ Нүхт байна. Тэнд ямар ч утаа алга. Учир нь цахилгаанаар, сайжруулсан уурын зуухаар дулааны асуудлаа шийдчихэж... Бохирын асуудлаа ч хялбархан зохицуулчихсан. Энэ шийдлийг бид богино хугацаандаа хэсэгчилсэн инженерийн шугамаар хөгжүүлэх ёстой байгаа юм.
-Захын орчимд амьдарч буй иргэд хэзээ ч цэвэр агаараар амьсгалж чаддаггүй байх аа. Өвөлдөө нүүрсний утаа, зундаа машины тос маслын үнэрт дарлуулна. Энэ талаар ямар бодолтой байна?
-Хөрс бохирдуулж байгаа нэг хүчин зүйл нь нүхэн жорлон, нөгөөх нь замбараагүй авто засварын газрууд. Улаанбаатарчууд жилдээ хоёр удаа автомашины тосоо Да хүрээ захад очиж солиулдаг. Улаанбаатарт зорчиж буй хэдэн мянган машины ихэнх нь энд ирж байна гэсэн үг. Тэндээс их хэмжээний хаягдал ялгарна. Тэрийг хаана, яаж устгаж байгааг төр хянахгүй байна. Зөвхөн эмнэлгийн л хог хаягдлыг хянадаг. Гэтэл түүнээс илүү хор нөлөөтэй муудсан тос маслуудыг хаашаа урсгаад ямар хөрсөнд нэвчүүлж буйг хэн ч мэдэхгүй. Энэ нь өөрөө аюул. Өнөөх хар тугалга чинь хөрсөнд нэвчээд л байж байгаа. Дулааны улирал болохоор хөрсөнд агуулагдаж буй хортой нэгдлүүд чийгээ аваад дээшээ дэгддэг. Өвөл нь угараар, зундаа тэрхүү хөрсөөрөө амьсгална. Энэ нөхцөл байдал танайхаас зохион байгуулсан шинжилгээний хариунд нөлөөлсөн гэж бодож байна. Тэгэхээр бид утааг бус хөрсний асуудлыг ярих хэрэгтэй. Хөрснийхөө асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
-Шархадны орчимд авто засварын маш олон газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнд хэн хяналт тавих вэ. Дүүрэг ямар оролцоотой байдаг юм бэ?
-Төрийн байгууллага хяналтаа тавина. Зөвшөөрөл олгож буй байгууллагууд гэсэн үг. Нийслэл, дүүргийн засаг захиргаа оролцоно. Дүүрэг тухайн байгууллагуудад тодорхой стандартуудыг тавьсан байдаг. Гэтэл тэнд тосыг хаашаа хийх вэ гэдэг стандарт байдаггүй. Үүнийг бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаараа хэлэлцээд стандартыг шинэчлэх л хэрэгтэй. Юуг шалгадаг гэхээр галын аюулгүй байдал, техник төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэчнээн хүн байгаа эсэх зэрэг “жижүүрийн” стандартуудтай.
МАШИНАА ЗАРЖ Л БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН ҮЗЭЛТЭЙ НҮҮР ТУЛААД БАРААГҮЙ
-Хэчнээн авто засварын газар байдаг вэ?
-Да хүрээ захын ойролцоо 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг. Харин 200 орчим худалдаачин үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Да хүрээ захыг тойрч Баянзүрх дүүргийн 9, 8, 19 дүгээр хороо байна. Тэнд худалдаа үйлчилгээ явуулахаас гадна хүмүүс амьдарч байна. Амьдрахад хүндрэлтэй учраас захыг баруун зах руу нүүлгэх шийдвэрийг нийслэлээс гаргасан. Харамсалтай нь тэндхийн түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэд зөвхөн өөрсдийгөө л бодож байгаа юм. Өнөөдөр тэнд машинаа зарж л байвал бусад нь хамаагүй гэсэн үзэлтэй төр буюу нийслэл нүүр тулсан учир хүч мөхөсдсөн.
-Тэгэхээр техникийн захыг нүүлгэх асуудлыг шийдвэрлэж дийлэхгүй байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэнд 200 орчим хүний амьдралын асуудал байгаа ч хотын баруун захад орчныг нь хэдийнэ бүрдүүлчихээд байна. Гэтэл 200 ченжээс болж 20 мянган хүн хордож болохгүй биз дээ. Чөлөөт ардчилсан нийгэм болохоор жагсаад улс төржүүлээд зогсоочихдог асуудлууд байна.
-Да хүрээ орчмын өрхийн эмнэлгийн эмчтэй уулзахад машины хөл хөдөлгөөн ихтэй учраас хүүхэд осолд орох тохиолдол их байдаг. Тиймээс хүүхэд амиа алдах тохиолдол багагүй гардаг гэж байсан. Мөн иргэд амьдрахад хэцүү байдгаа илэрхийлсэн?
-Машин явах зайгүй. Машинууд нэгдүгээр эгнээг нь тэр чигт нь эзлээд зогсчихсон байдаг. Зам дагуух айлуудын хашааг таглаад зогсчихно. Тэнд хүн амьдарч байхад хашааны гадна нь идэж уусан хог, шүлсээ хаяна, хэнэг ч үгүй бие засна. Эрүүл аюулгүй орчин огт байхгүй. Тэнд амьдардаг иргэдийн гомдол тасардаггүй учраас Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн дөрвөн жилд шийдэх гэж оролдоод баралгүй хугацаагаа дууслаа.
-Тэгэхээр иргэд хохирсоор л байх хэрэг үү?
-Би нийслэлийн төлөөлөгчийн зүгээс хотод тулгамдсан асуудал болоод байгаа хөрсний бохирдлын талаар тодорхой саналуудыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулахаар төлөвлөж байгаа. Тэр нь юу гэхээр та бид хоёрын ярьсан стандартууд болоод авто угаалгын газруудыг журамлах, хог хаягдлын асуудлыг цэгцлэх зэрэг хөрсний бохирдлыг нэмэгдэхээс сэргийлсэн журам, тогтоол шийдвэрүүдийг гаргах тал дээр анхаарч ажиллана.
-Дүүргийн хувьд Да хүрээг нүүлгэх асуудалд ямар алхмыг хийх вэ?
-Дүүргийн статус, бүх эрх мэдэл нь Засаг захиргааны нэгжийн тухай хуульд зааснаар л зохицуулагдана. Тэгэхээр дүүрэгт Да хүрээ, Нарантуул захыг нүүлгэх эрх мэдэл байхгүй. Хот нүүлгэх гээд дийлээгүй асуудлыг дүүрэг яаж барах билээ.
ДУЛААЦАХЫН ТУЛД ТООСГЫГ МАШИНЫ ТОСОНД ШИНГЭЭГЭЭД ШАТААДАГ ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ
-Дүүргээс авто засварын газруудад зөвшөөрөл өгөхгүй байж болдоггүй юм уу?
-Боломжтой л доо. Ямар шалтгаанаас болохгүй вэ гэдэг нь өөрийн зохицуулалттай. Тиймээс бид тэрийг хууль, дүрэм, журамдаа сайтар тусгаж өгнө. Нэгэнт хөрсний бохирдлыг гамшиг гээд зарлачихсан үед гамшгийн үед ямар ажлуудыг хийх ёстой вэ гэдэгтээ үүнийг тусгаж өгөх хэрэгтэй. Да хүрээ гамшгийн бүсэд хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодорхойлоод гаргаад ирэхээр энэ асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллаад эхэлнэ.
-Танай дүүргийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдарч байна уу?
-Баянзүрх дүүрэг 28 хороотой. Үүнээс 18-20 нь гэр хороолол. Үндсэндээ 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна гэсэн үг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт орон нутгаас шилжин ирж байгаа иргэд цөөнгүй. Бүртгэлгүй айлууд жилээс жилд нэмэгдэж байна. Тэр хэрээрээ сургууль, цэцэрлэг, замын ачаалал ихэсдэг. Хүн байгаа газар хүний хэрэгцээт бүх зүйл бий болж байдаг.
-Иргэдийн хувьд амжиргаанаас шалтгаалж дулаан байхын тулд янз бүрийн хог хаягдал түлдэг. Үүнээс шалтгаалж агаарын бохирдол үүсэж байна. Энэ асуудалд дүүрэг ямар хяналт тавьж байна?
-Дулаацахын тулд тоосгыг машины тосонд шингээгээд шатаадаг тохиолдол ч цөөнгүй. Хэрэглэсэн тоснуудыг шатааж байна л гэсэн үг. Дулаан л байвал цаад үр дагавар нь тэдэнд хамаагүй. Угаасаа бодъё гэсэн ч өөр арга алга. Амжиргаа муу учраас нүүрсээ түлэх боломж тэдэнд алга байна. Нийслэлээс нутаг дэвсгэрүүдийг бүсчилж тодорхой бүсэд нүүрсээс бусад эд зүйл түлэхийг хориглож эхэлсэн. Үр дүн ямар байхыг мэдэхгүй ч энэ ажлыг биеллээ олохын төлөө л ажиллаж байна.
-Айлуудын хог хаягдлыг хаана төвлөрүүлж байна?
-Хөрсний бохирдлын нэг шалтгаан нь хог хаягдал. Улаанбаатар хот Наран, Цагаандаваа, Морингийн зэрэг урд, баруун, зүүн хэсэгтээ гурван том хогийн цэгтэй. Эдгээр цэгт хогийг зүгээр л газар булдаг. Энэ технологиор Улаанбаатар хот хогоо устгадаг. Энэ нь шууд хөрсийг бохирдуулж байна. Тэгэхээр хэдэн зуун мянган жил хөрс булагдсан хогондоо бохирдож байна гэсэн үг. Үүнийг шийдэх боломж бий. Японы хотын төвд нь очиж үзсэн. Тэндээс ямар ч утаа гарахгүй, бүх хогоо ялгаж ангилаад маш өндөр даралтаар шатаачихдаг юм билээ. Шатаасны дараа эцсийн хаягдлаар нь замын түүхий эд болгон ашигладаг. Хаях нэг ширхэг ч зүйл байдаггүй. Тэндээс гарч байгаа утааг устөрөгчөөр баяжуулан хоргүйжүүлж агаарт хаядаг. Улаанбаатарт ганц үйлдвэр барьчихад л хогтой холбоотой бүх асуудал шийдэгдчихнэ. Ийм том алхмыг мэргэжлийн чиг үүргийн яамд хийх л ёстой. Бид яриад л байдаг. Гэтэл хогоос болж өч төчнөөн хүн өвчилж байна.
-Да хүрээ захын ойр орчимд сүүлийн үед мэргэжлийн байгууллагын зүгээс хөрсний шинжилгээ хийсэн болов уу?
-Хэд хэдэн байршилд хөрсний бохирдол ихтэй байгаа. Үүний нэг хэсэг нь Дарь эхийн сэлбийн хэсэг, манай Да хүрээ зах, Өгөөмөр зах, Баянхошуу зэрэг цэгт хөрсний бохирдол бусад хэсгээсээ илүү байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага жил болгон эдгээр цэгт хөрсний шинжилгээ хийдэг. Бид дөрвөн сард шинжилгээ хийж тэр дүнгээ иргэдэд зарлахаар ярилцаж байгаа. Ингэж олон нийтэд зарласнаар хийх ажил илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.
-Хөрсний бохирдлын асуудалд Нарантуул зах орчмын айлуудын нөхцөл байдлыг хөндөхгүй бол болохгүй байх?
-Мэргэжлийн байгууллагын судалгаагаар Нарантуул орчмын хөрсний бохирдлын хэмжээ харьцангуй багассан нь тогтоогдсон. Тэр нь дахин төлөвлөлттэй шууд холбоотой. Гэр хорооллуудыг нүүлгэн шилжүүлж барилга бариад эхэлчихсэн. Тэгэхээр байгалийн хөрс хэзээ нөхөн сэргээгдэх вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Бид нэмж бохирдуулахгүй байх хэрэгтэй. Одоо бохирдуулж байгааг багасгах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
ХАР ТУГАЛГА: БИДНИЙ ХҮҮХДҮҮД хордож байгаа нь ТЭДЭНД хамаагүй
Сэтгүүлч Г.Одгарав|GoGo.mn
Өчигдөр /2017-03-23 08:55 GMT+8/

"Хар тугалга сонинд агуулагддаг гэхээр нь гэрт байсан сонинуудаа шатаачихлаа” гэсэн эхтэй таарав.
Сонин сэтгүүлд хар тугалга байдаг гэж хэн нэгэн түүнд хэлжээ. Түүнээс бус ямар учиртай металл болох, хаана агуулагддаг, ямар сөрөг үр дагавартайг тэр үл мэднэ.
Арга ч үгүй биз. Манайханд элдэв мэдээллээс илүүтэй өнөөдрийн талх нь чухал юм чинь… Мэдээлэл авах бүү хэл бидний хэн хэнд маань ч ойлголт алга.
Хагас зууны өмнө Америкт хориглож, хүүхдүүдээсээ сэргийлж чадсан хар тугалганы тухай өнөөдөр л чихнээ сонсдож эхэлсэн.
Хүүхдийн оюуны чадамжид шууд нөлөөлдгийг хэдийнэ олж тогтоосон америкчууд хар тугалгатай бензинийг хориглож, хүүхдийн сургуулийн орчинд хар тугалга агуулсан будаг хэрэглэхээ больжээ. Хаа байсан 1970-аад онд шүү дээ.
Тэр ч байтугай хүүхдийн цусанд нэвтэрсэн хар тугалгыг тодорхойлох судалгааг 30 жилийн турш хийжээ.
Бостонд 1979 онд хийж эхэлсэн уг судалгаагаар хар тугалга хүний тархины хөгжилд хэрхэн нөлөөлж буйг тогтоосон байна.
Судалгаанд 249 нярайг хамруулж, 6, 12, 18, 24, 57 сартайд нь цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон бөгөөд 10 жилийн дараа өнөөх хүүхдүүдийн 148-д, 20 жилийн дараа буюу 29 нас хүрэх үед нь 43 хүнээс дахин шинжилгээ авсан аж.
Үүний дараа оюуны түвшин тогтоох сорил авч үзэхэд хүүхэд ахуйдаа цусандаа хар тугалгын хэмжээ ихтэй хүмүүс сэтгэн бодох чадвараараа бусдаасаа бага байжээ.
Түүгээр ч барахгүй 4-10 настайд нь цусанд агуулагдаж байсан хар тугалгын хэмжээ хамгийн их нөлөөлсөн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдүүдийг хар тугалганаас сэргийлэх нь хамгаас чухал юм.
ХОТЫН ХҮҮХДИЙН ЦУСАНД ХАР ТУГАЛГА ЯМАР БАЙНА ВЭ?

Манай улсад хар тугалгаас сэргийлэх байтугай дөнгөж судалгааны түвшинд л явж байна. Эрдэмтэд 2000 оноос хойш хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох тоотой хэдхэн судалгаа хийсэн. 2005 онд доктор Б.Бурмаажав, О.Байгаль нарын 1-6 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 5.39 мкг/дл байжээ.
Хар тугалга нь хүний биед огт байх ёсгүй бөгөөд 5 мкг/дл-ээс дээш тохиолдолд хүүхдийн оюуны чадамжийг бууруулдаг байна.
Мөн 2014 онд хийсэн судлаач Г.Насантогтохын 6-8 насныхны дунд хийсэн судалгаагаар бас л дунд үзүүлэлт нь 5.3 гарах төдийгүй, цусандаа хар тугалга их агуулсан хүүхдийн сурлага муу болохыг тогтоосон юм.
Тэгвэл сурвалжлагын дагуу АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран Да хүрээ зах, Баянхошуу, Хотын төв, Нарантуул, Зайсанд амьдардаг 7-10 насны хүүхдүүдэд шинжилгээ хийхэд сонирхолтой үр дүн харагдав.
Утаа ихтэй Баянхошуу, машин холхидог Да хүрээ зах орчмын хүүхдүүдийн цуснаас хар тугалга их буюу 5.7-22 мкг/дл илэрсэн бол Зайсангийн хүүхдүүдээс илрээгүй юм.
ЯАГААД ЗАЙСАНГААС ИЛРЭЭГҮЙ ВЭ?
Энэ асуулт маш олон асуудал дагуулж байна. Цуврал сурвалжлагын хүрээнд Да хүрээ, Баянхошууны хүүхдүүдийн цусанд яагаад хар тугалга их байгаа таамгийг судлаачийн бус сэтгүүлчийн зүгээс “Яагаад БАЯНХОШУУНЫ хүүхдүүдийн цусанд ХОРТОЙ металл их илрэв”, “Тэд үрсдээ зовниж байна”, “Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор” сурвалжлагуудаараа дэвшүүлсэн.
Уг сурвалжлагуудыг дүгнэвэл, Баянхошуун дахь хүүхдүүдийнх нүүрсэнд агуулагдаж буй хар тугалга, утаан дахь нарийн ширхэглэгт тоосонцор, хар тугалга агуулж буй цэнхэр савнаас шалтгаалж болзошгүй байгаа бол Да хүрээнийх машины тос масло, аккумулятор, бензин дэх хар тугалга, хөрсний бохирдлоос үүдэх магадлалтай юм.
“Монгол улсын стандарт MNS 4585:2016”-д агаарын чанарын индексийг “50” гэх үзүүлэлттэй байвал “хэвийн” буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж үздэг. Харин “500” болон түүнээс дээш бол хүмүүсийн эрүүл мэндэд шууд аюултай. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтэд 24 цагийн турш байх аваас хүн хүчилтөрөгчийн дутагдалд орно гэсэн үг юм.
Гэтэл Баянхошуунд үргэлж л "500"-аас дээш "2000" хүртэл заадаг агаарын чанарын индекс Зайсан орчимд “21-300” байна.
Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжилгээгээр Хан-Уул дүүргийн хөрсөнд хар тугалгын агууламж харьцангуй бага байна.
Өөрөөр хэлбэл, Зайсан орчмын агаар, хөрс бусад дүүргийнхээс цэвэр байгаа нь хүүхдийн цусанд хар тугалга бага байх шалтгаан байж болох юм.
ДҮҮРГҮҮДИЙН ХӨРСӨНД ХАР ТУГАЛГЫН АГУУЛАМЖ ЯМАР БАЙНА ВЭ?
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн Дүүргүүдийн хөрсөн дэх хүнд элементүүдийн агууламжийг тодорхойлох судалгаагаар Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хөрсөнд хамгийн их хар тугалга байгааг тогтоожээ.

*Газарзүй, геоэкологийн хүрээлэн. 2010 он
Монгол улсын стандартад хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээг 100 мг/кг гэж заасан бол дээрх дүүргүүдэд хамгийн дээд хэмжээ нь 390-2413 мг/кг байна.
Харин Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 45-110.50 мг/кг буюу стандарт хэмжээнд байгаа юм.
Тус хүрээлэнгээс хийсэн бас нэгэн судалгаанд авто засварын газруудад хар тугалга байх ёстой хэмжээнээс хоёр дахин их байгааг тогтоосон байна.

Эрдэмтэд гэр хороолол, авто машин нэмэгдсэн, мөн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрөл ихэссэн нь хөрсний бохирдол ихсэхэд нөлөөлж байна хэмээн үзэж байна.
ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ӨВЧЛӨЛ ХЭР БАЙГАА ВЭ?
Хар тугалга нь бага насны хүүхдийн цусанд нэвчмэгц уураг тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг талаар өмнө нь дурдсан. Тэгвэл дүүргүүдийн хүүхдийн мэдрэлийн тогтолцооны өвчлөл 2012-2016 онуудад ямар байсныг сонирхлоо.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авсан мэдээллээр 2016 онд Сонгинохайрхан дүүрэгт 761, Баянзүрх 735 байгаа бол Хан-Уул дүүрэгт 256 хүүхэд мэдрэлийн тогтолцооны өвчтэй болох нь тогтоогджээ.

*Эрүүл мэндийн хөгжлийн төв
Харин уг өвчнийг өсөлтөөр нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчлөл хурдацтай нэмэгдсэн байна. Тухайлбал,
Сонгинохайрханд 2013 онд нийт 498 хүүхэд өвчилж байсан бол энэ тоо гурван жилийн дараа 761 болтлоо өсчээ. Харин Хан-Уул дүүрэгт өвчлөл харьцангуй бага бөгөөд дөрвөн жилийн дотор хоёр дахин өссөн байна.

Тэгэхээр хөрсөн дэх хар тугалгын агууламж ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдүүдийн мэдрэлийн өвчлөл их төдийгүй, жилээс жилд нэмэгдсэн нь энд харагдаж байгаа юм.
Мэдээж энэ дүгнэлтийг хүн амын тоо, өсөлт, амьжиргаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч тогтоох ёстой ч энэхүү гаргалгаа нь судалгаа бус сурвалжлагчийн дэвшүүлэн тавьсан таамаг гэдгийг энд онцолж байна.
ДҮГНЭЛТ
Цусан дахь хар тугалгын агууламж 10 мкг/дл-ээр ихсэх тутамд хүүхдийн оюуны чадамж 1-5 оноогоор буурч, сэтгэхүйд нь өөрчлөлт авчирдаг тул энэ металлыг “Тархи идэгч” хэмээн нэрлэхээр шийдсэн юм.
Тархи идэгчээс болж хүүхдүүд ирээдүйн гэмт хэрэгтэн болох магадлал хэд дахин ихэсдэг гэж зарим эрдэмтэд ярьж байна.
Гэтэл манай хөрсөн дэх хүнд металлын агууламж өндөр байгаа төдийгүй хүүхдүүдийн цусанд хэдийнэ нэвччихэж...
Үүнийг хэдэн судалгааны байгууллага, судлаачаас өөр хэн ч мэдэхгүй өнөөг хүрлээ. Хариуцах ёстой Эрүүл мэндийн яам, агентлагууд нь асуудалд чих нь дүлий, нүд нь балай явсаар байна.
Манай агентлагаас дээрх шинжилгээний дүнг Эрүүл мэндийн яаманд илгээж, энэ талаар өргөн хэмжээний судалгаа, шинжилгээ хийх хүсэлтийг тавьсан ч тэнд мэдэж байгаа хүн алга.
Мөн тос масло, машины угаарт хордсоор байгаа Да хүрээ захын хүүхдүүд болоод ард иргэдэд хэн ч санаа тавьсангүй. Шинэ зах баригдаж, хотын даргын шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл захыг нүүлгэсэнгүй...
Тэгэхээр хүүхдүүдийн эрүүл мэнд хэрхэн хохирч байгаа нь тэдэнд хамаагүй бололтой.
Улсын хэмжээнд хүүхдүүдийн цуснаас шинжилгээ авч, хар тугалга их байгаа шалтгааныг тогтоож, цаашид ямар арга хэмжээ авахыг ТОДОРХОЙ болгох нэн шаардлагатай байна.
Г.Насантогтох: Сурлага муутай хүүхдүүдийн цусанд хар тугалга их байсан
Сэтгүүлч Г.Одгарав|GoGo.mn
2017-01-28 11:40 GMT+8

Улаанбаатар хотын Төмөр замын төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд судлалч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Г.Насантогтох “Улаанбаатар хотын 6-8 насны хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон дүн” нэртэй судалгаа хийжээ. Судалгаагаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон сууцан дахь хүүхдүүдийнхээс өндөр гарсан байна. Энэ нь ямар эрсдэлтэй болоод хэрхэн сэргийлэх талаар эрдэмтэн Г.Насантогтохтой ярилцлаа.
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХАР ТУГАЛГАНЫ ЭРСДЭЛД ИЛҮҮТЭЙ ӨРТДӨГ
-Та судалгаандаа 6-8 насны хүүхдүүдийг хамруулсан. Яагаад энэ насныхныг онцолсон юм бэ?
-Хүүхэд бага тусмаа хар тугалганы эрсдэлд илүүтэй өртдөг гэсэн олон улсын судалгаа бий. Миний хувьд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхныг сонгосон. Цэцэрлэгийн насныхныг хамруулах боломж байсан ч сургуулийн хүүхдүүдийн оюуны чадамжийг харьцуулах зорилгодоо нийцүүлсэн юм. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас IQ тест авч чадаагүй. Монгол улсад нэгдсэн хэмжээгээр авдаг тест, шалгуур байдаггүй. Олон улсынхыг хөрвүүлбэл Монгол хөрсөн дээр сайн буухгүй гэж үзээд багш нарынх нь үнэлгээгээр харьцуулалт хийсэн.
-Хар тугалгын хордлогод том хүнээс илүү хүүхэд өртдөг гэлээ. Учир шалтгаан нь юу юм бол?
-Хүүхэд том хүнээс биеэр жижиг учраас газрын хөрстэй ойр байдаг. Тиймээс орчны бохирдолд өртөмтгий байх магадлал их. Бага насны хүүхэд амаараа эргэн тойрноо мэдэрдэг учраас хоол боловсруулах замаар илүүтэй хордлогод ордог. Өөрөөр хэлбэл амьдралын зан үйлээс хамаарч том хүнээс илүү хүүхэд өртөөд байгаа юм.
-Ер нь энэ судалгааг яагаад хийх болсон бэ?
-Хүүхэд хар тугалгын хордлогод орох үзэгдэл нийгэмд тулгамдсан асуудал болсныг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн төгсөх курсийн оюутан байхдаа удирдагч багштайгаа ярьж байлаа. Тиймээс багшийнхаа санал болгосноор энэхүү бодис нь хүүхдийн оюуны хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судалж үзэхээр шийдсэн. Мэдээж энэ нь Монгол улсын хэмжээнд анх удаагаа хийгдсэн судалгаа биш. Өмнө нь хийсэн хэд хэдэн судалгаа бий. Тэр үед хүүхдийн цусанд хар тугалга их хэмжээгээр илэрч байсан.
-Хүүхдийн цусан дахь хар тугалгыг тогтоох шинжилгээ өмнө хэд хэдэн удаа хийгдэж байсан гэлээ. Тэгвэл таны судалгаа юугаараа онцлог юм бэ?
-Өмнөх шинжилгээнүүд Монголд хийгдээгүй, ОХУ-руу зөөвөрлөж хариуг нь тогтоосон. Харин бид энд өөрсдийн багаж, тоног төхөөрөмжөөр түргэвчилсэн хугацаанд авсан. Нэг ёсондоо гурван минутын дотор хариу гардаг багаж ашиглаж, өндгөнд хатгалт хийсэн юм. Өөрөөр хэлбэл тэр дор нь хариуг гаргаж, хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөгөө өгсөн. Түргэвчилсэн байдлаар хар тугалгын шинжилгээ хийснээрээ давуу талтай. Тэгээд ч өмнө нь судалгаа хийгдсэнээс хойш 7-8 жил өнгөрсөн байна. Тиймээс харьцуулж үзэх нь чухал байлаа. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дөрвөн сургуулийн 160 орчим хүүхдээс шинжилгээ авсан. Хязгаарлагдмал тал аль ч судалгаанд байдаг. Тэгэхээр нутаг дэвсгэрийг бүрэн хангаж чадахгүй сул талтай. Судалгааны зөвлөмж дээрээ цаашид улсын түвшинд хар тугалгыг тодорхойлж, эх үүсвэрийг нь тогтоох шаардлагатай гэж бичсэн.
ХҮҮХДҮҮДИЙН 60.1 ХУВЬД НЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ИХ ГАРСАН
-Таны судалгаанд оролцсон ихэнх хүүхдийн цуснаас хар тугалга илэрсэн гэж байсан?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Өвчний хяналт сэргийлэлтийн олон улсын төвөөс 2012 онд цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл-ээс дээшээс гарсан тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ гэж заасан. Харин судалгаагаар шинжилгээ өгсөн 153 хүүхдийн 60.1 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээр их байсан.
-Олон улсад энэ нь хэр үзүүлэлт юм бэ?
-Цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл-ээс дээшээс байна гэдэг өндөр үзүүлэлт. Жишээ нь АНУ-д мянган хүүхэд шинжилгээ хийхэд энэ дүн дунджаар 2-2.5 мкг/дл байна. Тэгэхэд манайд ердөө 150 гаруй хүүхдийг шинжлэхэд дундаж нь 5.3 мкг/дл буюу хоёр дахин их байна. Миний судалгаанд цусанд агуулагдаж байгаа хар тугалгын хамгийн дээд хэмжээ 14.4 мкг/дл.
-Хар тугалгын хэмжээ хэр байж хүний биед шууд сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Хар тугалга биед ормогц хамгийн эхэнд цусанд эргэлддэг. Цусанд байх хагас задралын хугацаа ойролцоогоор 30-40 хоног. Түүнээс хойш зарим хэсэг нь биеэс гадагшилж, үлдсэн нь яс, шүдэнд хуримтлагдана. Ихэвчлэн хоол тэжээлийн хомсдолтой, кальци, фосфор авч чадахгүй байгаа хүмүүс өртөмхий байна. Манайханд сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Дийлэнх нь кальцийн дутагдалтай. Ясанд суусан хар тугалга 23-25 жил ясанд оршдог. Кальци хүний бодисын солилцоонд байнга оролцдог. Шаардлагатай бол яснаасаа дайчлагдаад гарчихна. Хэрэгцээ багасвал ясандаа суучихна. Нэгэнтээ ясанд хуримтлагдвал хүний биеэс гадагшлах боломж нь багасна.
-Тэгэхээр цусан дахь хар тугалгыг тодорхойлохоос гадна ясанд байгааг мэдэх нь их чухал байх нь ээ?
-Тийм. Цусанд дахь хар тугалга бол зөвхөн цусанд хэр агууламжтай вэ гэдгийг тодорхойлохоос бус биед хэр хуримтлагдсаныг тогтоохгүй. Ясан дахь хар тугалгыг тодорхойлох шинжилгээний хувьд тухайн хүнд зовиуртай, ёс зүйн хувьд тийм ч тохиромжтой бус шинжилгээ. Олон улсын түвшинд маш бага судалгааг хийсэн байдаг. Миний судалгааны хувьд хавар, өвлийн заагт хийсэн нь өвлийн орчны бохирдол хүүхдэд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготой байсан. Цусанд орсон хар тугалга биед орсноор тэнцвэрт байдал алдагдуулдаг. Эс үхнэ, завсрын бүтээгдэхүүнүүд үүснэ. Тэрнээс болж хордоно. Нэг ёсондоо хүн архаг хордлогод өртсөнөө ч мэдэхгүй явж байдаг. Харин биед 40 микро грамм дицлитерээс дээшээс хар тугалга агуулагдаж байвал өндөр түвшний хордлогод орсон гэсэн үг. Архаг цочмог хордлого нь зүрх судасны систем, мэдрэлийн системд шууд нөлөөлнө. Цусны эргэлтийн системд төмөр хүчилтөрөгчийг тээвэрлээд явж байдаг атал үүний оронд хар тугалга болчихоор цус багадалт, толгой тархи өвдөх, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулна.
ГЭРТ АМЬДАРДАГ ХҮҮХДИЙН ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГА ОРОН СУУЦНЫ ХҮҮХДИЙНХЭЭС ХЭД ДАХИН ИХ БАЙСАН
-Цусан дахь хар тугалгын хэмжээ өндөртэй хүүхдүүд ихэвчлэн амьдралын ямар хэв маягтай байв?
-Байршил, амьдарч байгаа дүүргээр нь авч үзэхээр тийм ч хамааралтай биш байгаа юм. Өөрөөр хэлбэл үзүүлэлтэд байршилд тийм ч ялгаа гараагүй. Бас тухайн сургуульд өөр харьяаны хүүхдүүд суралцах магадлалтай учир судалгаа бодитой бус гарах магадлалтай. Тэгэхээр гэр, орон сууц, байранд амьдардаг эсэхээр нь харьцуулах нь зүйтэй гэж бодсон. Судалгаагаар гэрт амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалга орон сууцанд амьдардгаас хэд дахин илүү гарсан.
-Гэрт амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга их байгаа нь юутай холбоотой вэ?
-Эх үүсвэрийг нь тодорхойлж чадаагүй болохоор таамаглал л дэвшүүлнэ. Гэрт амьдардаг хүмүүс нүүрс их түлнэ. Тэр орчинд нарийн ширхэглэгт тоосонцор үүсдэг. Тоосонцрын найрлагад хар тугалганы хэмжээ агуулагдаж байгаа гэсэн судалгааг олон улсад саяхан хийгдсэн. Манайд тийм судалгаа байхгүй ч тоосонцрын найрлага дахь хар тугалга нөлөөлж байгаа юм биш биз гэх сэжиг төрсөн. Нарийн ширхэглэгт тоосонцорт зөвхөн тоос бус янз бүрийн химийн нэгдлүүд, хүнд элементүүд агуулж байдаг. Тэгэхээр тэр ширхэглэгт хар тугалга байхыг үгүйсгэхгүй.
-Нас, хүйсний хувьд хэр ялгаа ажиглагдсан бэ?
-Судалгаагаар эрэгтэй хүүхдүүдийн цусанд хар тугалгын агууламж их гарсан. Шалтгааныг нь би бодисын солилцоотой холбож таамагласан. Бага насны эмэгтэй хүүхдийн бодисын солилцоо эрэгтэйгээс илүү эрчимтэй байдаг. Охидууд өсгөлүүн байдаг шүү дээ. Бодисын солилцоо сайн явагдаж байна гэдэг хар тугалгыг гадагшлуулах явц нь хурдан байх магадлалтай. Хоёрдугаарт эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг бодвол гадаа цаг их өнгөрөөдөг.
-Таны судалгааны үр дүн өмнөх судалгаануудтай харьцуулахад ямар зөрүүтэй байсан бэ?
-2005 онд хийгдсэн Бурмаажав нарын судалгаанд хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ маш их гарсан. Уг судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 16.9 мкг/дл байсан бол миний судалгаанд буурсан үзүүлэлт харагдаж байна. Энийг маш олон янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт бидний шинжилгээний аргачлал өөр. Хоёрдугаар насны бүлэг ялгаатай байна. Тэд 7-14 насны хүүхдүүдийг судалсан бол би 6-8 насны хүүхдүүдийг хамруулсан. Бусад асуумж судалгааны үр дүн адил байсан.
ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ИХТЭЙ ХҮҮХДҮҮД УУРТАЙ, МЭДРЭМТГИЙ БАЙДАГ
-Цусандаа хар тугалга агуулсан хүүхдийн оюуны чадамж хэр байсан бэ?
-Оюуны чадамжийг IQ тест авч байж л мэднэ. Харин би тест аваагүй, багш нарын үнэлгээгээр тооцсон. Тухайлбал, муу, дунд сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их байв. Харин онц сурдаг хүүхдүүдийнх мэдэгдэхүйц бага байгаа ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл хар тугалгын хордлогоос хамаарч хүүхдүүдийн хооронд ялгаа байгаа нь батлагдсан. Гэхдээ хамааралтай гэж шууд хэлж чадахгүй.
-Цусан дахь хар тугалгын хэмжээ ихтэй хүүхдүүдийн зан араншин энгийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар байдаг вэ?
-Ууртай, мэдрэмтгий, цочромтгой хүүхдийн цусанд хар тугалга их байдаг.
-Хар тугалгын хордлогод өртөхөөс эцэг эхчүүд хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?
-Аливаа зүйлийн эрсдэлийг бууруулахын тулд эх үүсвэрт нь чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл эх үүсвэрийг нь мэдэхгүй байна. Тэр ч байтугай агаар, хөрснөөсөө аваад байгаа эсэхээ ч тогтоогоогүй байна. Тэгэхээр таслан зогсоох боломжгүй. Хэрэв агаараар авч байна гэж үзвэл өглөө, оройдоо заавал маск зүүх л болчихоод байгаа юм. Хоол боловсруулах замаар бол цагаан будаагаа сайтар угааж хэрэглэх шаардлагатай. Хар тугалга нь хөрсөнд агуулагдаж байдаг хүнд металл. Мэдээж өнгөн хөрсөнд агуулагдахгүй байх. Байгалийн тогтцоор хөрсөнд оршдог. Харин үйлдвэрлэлд хэрэглэхийн тулд хар тугалга хэлбэрээр олдворлоод сүүлийн 300 гаруй жилд маш их бохирдол үүсээд байгаа юм. Үүнийг түлш шаталт, гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаг, усны хоолойн доторлогоо зэрэгт өргөн ашиглаж байна. Тэгэхээр ундны уснаас болж байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай байна.
-Жишээ нь манайд хар тугалга агуулсан будаг, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн зэрэгт хяналт хэр тавьдаг юм бол?
-Мэдээж стандарт мөрддөг л байх. Гэхдээ хилээр орж ирсэн болгонд шинжилгээ хийж, тэр болгонд хянаад явах боломж бага.
ХҮНСНИЙ НОГОО, НӨӨШИЛСӨН БҮТЭЭГДЭХҮҮН, ЭЛСЭН ЧИХЭР, БУДААНД ХАР ТУГАЛГЫН АГУУЛАМЖ ИХ
-Хоол хүнсээр дамжин хүүхдүүд биед хар тугалга орж байна гэдэг?
-Манайд хүнсэн дэх хар тугалгын хэмжээг судалсан судалгаа бий. Судалгааны үр дүнд хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан. Хүнсний ногоо, нөөшилсөн бүтээгдэхүүн, элсэн чихэр, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хар тугалга байгааг тогтоосон.
-Цагаан будаа, ногоонд яагаад хар тугалга агуулагддаг юм бэ?
-Ихэнхийг нь урдаас оруулж ирж байна. Тэгэхээр нэг хөрсөнд л тарьсан байж таарна. Тэр хөрс ямар бохирдолтой байсныг бид мэдэхгүй. Хилээр орж ирж байгаа бүхнийг бид нэг бүрчлэн шинжлэхгүй. Цагаан будааг сайтар угаахад агуулагдаж буй хар тугалга нь багассан гэх судалгаа бий. Тэгэхээр цагаан өнгийг нь арилтал угаах хэрэгтэй. Тийм л сэргийлэх аргууд байна. Бас хүүхдэдээ тоглоом худалдаж авахдаа чанартайгаас нь сонгоорой. Хямд гэхээр л хаана үйлдвэрлэж, юугаар хийсэн нь тодорхойгүй чанаргүй бүтээгдэхүүн байгаа. Тод өнгө, хурц үнэр бүхий тоглоом хар тугалгын агууламжтайг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтоосон. Тоглоомд өнгө будаг оруулж, тогтоцтой байлгахын тулд хар тугалгыг ашигладаг байна. Чихмэл тоглоом гэхэд л тоосжилт ихтэй. Хүүхэд сэгсрэх бүрт тоосжилт үүсэж амьсгалын замаар элдэв бохир дамжиж байдаг.
-Гадаадын орнуудад хүүхдийг хар тугалгаас сэргийлэх ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Америкт шинээр мэндэлсэн хүүхэд болгонд хар тугалгын шинжилгээг хийж таван нас хүртэл хяналт тавьдаг. Үүний улмаас жил ирэх тусам үзүүлэлт нь буурч байгаа. Гэтэл манайд ийм үйлчилгээ, судалгаа байхгүй. Тэд юунаас шалтгаалж хүмүүс хордож буйг тодорхойлж арга хэмжээ авч эхэлсэн. Америкт гэхэд хар тугалгын орцтой будгуудаар байшин будахыг хориглосноор хордлогод орох тохиолдол багассан гэх мэдээ бий.
-Ярилцсанд баярлалаа.
GoGo агентлагийн сэтгүүлч Г.Одгарав
Утас: 99013216