Н.Ариун: Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь таниас шалтгаална
- 2017-04-11 13:10:00
- Мэдээлэл
- 406
Г.ОДГАРАВ. GoGo.mn
ЯРИЛЦЛАГА

Үүдэл эсийн судалгааг 20 жил хийсэн Нобелийн шагналт Яманака бол миний багш
Та шинжлэх ухааны салбарт “Үүдэл эсийн Ариунаа” нэрээр танигдах болжээ. Ер нь эрхтэн ургуулдаг үүдэл эстэй хэрхэн холбогдов?
Үүдэл эсийн талаар 1960-аад оноос дэлхий нийт ярьж эхэлсэн. Гэвч тэр үед хэн нь ч үүдэл эс байна хэмээн нүдэнд харагдахуйцаар нотлоогүй. Үүдэл эс гэдэг нь биеийн нэг төрлийн эсээс арьс, булчин, зүрх, өөхний зэрэг эд, эрхтэн үүсч байгааг хэлдэг. Хамгийн анхны үүдэл эс бол эхийн өндгөн эс, эцгийн сперм нийлсний үндсэн дээр үр тогтсон өндгөн эс юм. Харин 2000 оноос үүдэл эсийг нүдэнд харагдахуйцаар байдаг эсэхийг нь тогтоож эрдэмтэд судалгааны өгүүлэл бичиж эхэлсэн. Энэ эсээс арьсны, булчингийн эс ургууллаа гэх мэдээллүүд цацагдсан. Үүдэл эсийн сэдвээр дэлхийн өнцөг булан бүрт асар их эрдэмтэд туршилт хийж химийн чиглэлээр судалгаа хийдэг профессорууд хүртэл сонирхох болов.
Тэр жишгээр миний сонирхлыг татсан. Тэнд ямар биохимийн урвал явагдаж байна, ямар ген байгаа болоод үүдэл эс болон хувирч байна гэх асуултууд ургасан. Тэр үед би ХБНГУ-ын Фрайбургийн их сургуульд доктор хамгаалж байлаа. Дараа нь пост докторын судалгаагаа Канад Улсын Далхаузын ИС-ийн Анагаахын сургуульд хийж байхдаа хүртэл үүдэл эсийн талаарх бодлоо гээгээгүй явсан. Гэтэл АНУ-д анх элэгний үүдэл эсийн судалгаа хийж байсан, 500 орчим бүтээлтэй, 100 гаруй ном бичсэн, 80 настай профессор намайг урьдаг юм байна. Тэрбээр тус улсын Нью Йоркийн Эрүүл мэндийн яамны Вадсуорт судалгааны хүрээлэнгийн үүдэс эсийн лабораторийн дарга нь байв.
Элэгний үүдэл эсийн судалгааг хийсэн өвгөн профессор таныг энэ салбарт татан оруулжээ дээ. Таны нэг санаа сонирхлыг минь татсан. Юу гэхээр хорт хавдар бол унтахаа мартсан эс гэж ярьсан. Ер нь Америк дахь судалгааны ажил энэ санаанд чиглэгдэж байсан уу?
Бидний биед зөндөө үүдэл эс байдаг. Гэтэл хүн яагаад хөгшрөөд байгаа юм гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн. Харин манай багш үүдэл эс цаг хугацааны явцад хөгширдөг учраас бид хөгширдөг гэв. Хэрэв хөгширдөггүй байсан бол хүн залуугаараа л үлдэнэ. Миний очиж байсан төсөл бол бараг сая долларын санхүүжилттэй үүдэл эсийн судалгааны ажил байв. Төслийн философи нь үүдэл эс хөгширдөг учраас хүн хөгширдөг. Тэгвэл хүнийг яаж хөгшрүүлэхгүй байх вэ. Хүн яагаад хорт хавдар тусаад байна гэдэг асуултуудад хариулт авахад чиглэгдсэн.
Тэгэхээр хүн хөгшрөхөөрөө яагаад хорт хавдар тусаад байна вэ?
Өөрийнхөө үхнэ гэдэг генетикийнхээ циклийг алгасаад үржсээр байгаа эс бол хорт хавдар юм. Тийм учраас үхэхээ мэдэхгүй ургадаг. Гэсэн хэрнээ эс хөгширсөөр байдаг. Энэ нь зоосны хоёр тал шиг эсрэг тэсрэг зүйл байгаа биз. Би багшийнхаа удирдлага дор хулгана дээр туршилт хийж үзсэн. Эрүүл залуу хулганаас үүдэл эсийг нь аваад өвчтэй болон насжилт өндөртэй хулгана дээр тариад ямар өөрчлөлт гарахыг нь судалсан. Яг энэ судалгаан дээр орон орны лабораториуд нэгдэн ажилладаг байсан. Тэгээд хоёр жилийн дараа үнэхээр үүдэл эсэд хөгшрөлт явагддаг болохыг тогтоосон.
Миний тэнд хийсэн туршилт бол залуу үүдэл эс болоод хөгшин үүдэл эсийн генийн өөрчлөлт ямар байгааг судалсан. Мөн генийн ганцхан ширхэг молекул өөрчлөгдөхөд халдварт бус 15 өвчний эх суурь болдгийг судалгаагаар тогтоосон. Гадны нөлөө бус өөрийнх нь эд эс өөрчлөгдсөнөөс халдварт бус өвчин үүсдэг байна. Хөгшин эсийн хувьд генийн молекул өөрчлөгдөх магадлал их учраас өвчлөмтгий байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл хөгшин эсийн молекул өөрчлөгдөх магадлал ихэсдэг учир хөгшрөх тусмаа хүн хорт хавдраар илүүтэй өвчилдөг байна.
Та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа нобелийн шагналт Яманака хэмээх багшийнхаа талаар ярьсан байсан. Тэр хүнээс сурсан зүйл их байв уу?
Миний багш Яманака Японд үүдэл эсийн судалгааг 20 жил хийсэн хүн байдаг. Тэрбээр өөрийн туршилтаараа арьсны эсийг үүдэл эс болгон хувиргаж чадсан эрдэмтэн юм. Ийм нээлт хийсэн учраас 2013 онд нобелийн шагнал хүртсэн. Яманака Япон Улсын Киотогийн их сургуулийн iPS (induced pluripotent stem) эсийн судалгаа, хэрэглээний хүрээлэнд ажилладаг бөгөөд тийшээ хэр баргийн хүн нэвтрэх эрхгүй байдаг. Миний хувьд хоёр ч удаа очсон. Киото бол Японы эзэн хааны гэр болсон өлгий нутаг.
Тэнд уулынх нь хормойд хааны орднууд байдаг. Яманакагийн лаборатори хааны ордны дэргэд оршдог. Тэрбээр арьсны эсийг зүрх, булчингийн эс болгох технологио жилд зургаан удаа тодорхой шалгуур давсан япон эрдэмтдэд заадаг. Харин ганц удаа олон улсын судлаачдад лекц уншина. Миний хувьд 2008 оноос хойш уг сургалтад суух хүсэлтээ хоёр удаа явуулсны эцэст сургалтад суух завшаан тохиолдсон. Тэр сургалт нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд миний явсан жилд тавхан эрдэмтэнд боломж олдсон юм.
Та олон улсад дөрвөн судалгааны өгүүлэл бичсэн юм билээ. Энэ тоо дэлхийн жишиг хэр үнэлэгдэх вэ?
Монголд ирээд судалгааны сайн лаборатори байхгүй учраас чанартай нийтлэл бичиж чадахгүй л байна. Чанартай нийтлэл гаргахын тулд туршилтад хэрэглэх багаж олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Тэгж гэмээнэ хүмүүс надад итгэнэ шүү дээ. Би 27 настайдаа ХБНГУ-ын Фрайбургийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Германд доктор хамгаалахаасаа өмнө хоёр, түүнээс хойш хоёр нийтлэл гаргачихсан байсан. Би тус улсад сурч байсан болохоор Герман оюутнуудтай л өөрийгөө харьцуулна. Герман оюутнуудын хувьд доктор хамгаалах үедээ нийтэлсэн өгүүлэлтэй байх нь ховор. Энэ бол цэвэр багшийн минь ач.
Манай сургууль бас баруун европтоо эхний хоёр гуравт жагсдаг. Манай багш чансаагаараа микробиологийн салбарт эхний байрт эрэмбэлэгддэг хүн. Би сургуулиа магтах их дуртай. 1475 онд байгуулагдсан, 500 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн, 21 Нобелийн шагналтан төрсөн, Альберт Эйнштейн сурч байсан сургууль. Гэтэл бид 1400 оны үед юу хийж байсан бэ? Чингис хааны ач зээ нар болох бага хаадууд хагаралдаад хоорондоо байлдаж байсан шүү дээ. Гэтэл Германчууд яасан сургуулиа байгуулж, хэдийнэ лабораторио босгоод авч… Мэдлэг, боловсролын мөн чанарыг эртнээс л ухаарсан байна. Тиймээс тэднийг хүндлэхээс өөр аргагүй, үнэхээр мэдлэгийн цөм Англи, Францад л байна.
500 жилийн түүхтэй Германы Фрайбургийн их сургуульд хэрхэн явах болов?
Би багш нарынхаа заавар, зөвлөмжөөр л явсан. Мастерынхаа судалгааг Химийн хүрээлэнд одоо байгаагаас бүр хэцүү лабораторид багш нарынхаа удирдамжаар хийж байлаа. Тэднийхээ хүчээр био хими, фермент гэдэг зүйлд дурласан. Фермент гэдэг нь уургийн нэг төрөл. Хүний бие болоод амьд организмд байгаа бүх бодисыг уураг, өөх тос, нүүрс ус гэж хуваахад уураг гэж нэг бүлэг гарч ирж байгаа биз.
Уураг нь функцээрээ дотроо хуваагдах бөгөөд хамгийн сонирхолтой нь фермент байсан. Судлаад үзэхэд 1954-иад оны үед хамгийн анх Омо зэрэг угаалгын нутагт хийх болсноор хүйтэн усанд хувцасны тосыг угаах боломжтой болсон. Гэтэл ферментийг Монголчууд аль эрт хэрэглэдэг байсан байж таарч байгаа юм. Өнөөдөр бидний малын гэдэс дотроос идэлгүй хаядаг нойр булчирхай гэдэг тэр чигтээ фермент үйлдвэрлэгч шүү дээ. Эртний монголчууд түүний энэ чанарыг мэдмэгцээ малынхаа тосыг нойр булчирхайтай базаад түүгээрээ хувцас угаадаг байж. Хүний биологийн процессыг хэдэн зуун сая дахин хурдасгадаг нь уургийг молекул юм.
Би өөрөө энэ чиглэлээр судалгаа хийхээр шийдчихсэн байсан. Тэгээд энэ чиглэлээр Германд сургуульд явах хүсэлт явуулахад хариу ирсэн. Манай төрийн шагналтай дөрвөн багш маань энэ чиглэлийг Монголд хөгжүүлэх юмсан гэх сэтгэлтэй байсан.
Хүүхэд дауны синдромтой төрөх гэж байгаа бол үүдэл эс байхад нь генетикийг өөрчилж болно
Өнөөдөр Японд үүдэл эсийн ямар технологиуд эмнэлгийн зах зээлд нэвтрэхэд бэлэн болоод байгаа вэ?
Цусны болон нүдний өвчтэй хүмүүст үүдэл эс суулгах технологиуд эмнэлгийн салбарт нэвтрэхэд бэлэн болж байна. Гэхдээ асар өндөр өртөгтэй учраас зардлыг нь багасгах хүртэл олон нийтэд дэлгэхгүй байх зарчмыг баримталж байгаа.
Дэлхий нийтээр яагаад үүдэл эсийн үйлчилгээг нэвтрүүлэхэд болгоомжтой ханддаг юм бэ. Буруугаар ашиглавал ямар сөрөг үр дагавартай бол?
Тийм ээ. Үүдэл эсийг буруугаар ашиглавал хорт хавдар үүсгэдэг. Үүдэл эсийг лабораторийн орчинд хэрхэн ургаж байгааг хянах боломжтой бол хүний биед хэрхэн ургахыг хянах боломж байдаггүй. Хятадууд үүдэл эсийг хүн дээр тариад духан дээр нь хамар ургуулчихсан бодит жишээ хүртэл бий.
Биотехнологи инженерчлэлийн салбарын эцсийн цэг юу вэ, ер нь юунд зорьдог юм бэ. Энгийн үгээр тайлбарлавал?
Хүний өвчнийг яаж байхгүй болгох, хүнийг зовлонгоос яаж салгах вэ гэдэгт зорьдог. Чи ажиглах юм бол бүхий л шинжлэх ухаан хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажилладаг. Үүдэл эсийн хувьд удамшлын өвчнийг арилгахад чиглэнэ. Яагаад гэвэл хүн бүхэнд үүдэл эс бий. Хүн үүдэл эсээс бий болсон. Үүдэл эс дэх генетикийн мэдээллийг бид өөрчлөх боломжтой. Хэрэв хүүхэд дауны синдромтой төрөх гэж байгаа бол үүдэл эс байхад нь генетикийг нь өөрчилж болно. Өөрөөр хэлбэл урьтаад дауны синдромыг эмчилж болно гэсэн үг.
Хүний биед хэр хэмжээний үүдэл эс байдаг вэ?
Сая гаран үүдэл эс байдаг. Үүдэл эс хамгийн их байдаг газар бол чөмөг. Чөмгөн дотор цус үүсдэг. Тэнд үүдэл эс, дархлаа, цусны эс бий. Хорт хавдрын дараах чөмөг суулгах мэс засал анагаах ухаанд нэвтрээд 30 жил болсон байна. Энэ бол үүдэл эсийг ашиглаж байгаа технологи байхгүй юу. Манайх одоо болтол хийгээгүй байгаа. Хүн хорт хавдар тусангуут химийн эмчилгээнд ордог. Тэр нь унтахаа мартсан эсийг химийн хүчтэй бодисоор хордуулж алж байна гэсэн үг. Химийн бодист өөрийн гэсэн ухаан байхгүй учраас хортой, хоргүй эрүүл эс бүгдийг устгана. Мөн биеийн дархлааны эсүүд ч үхнэ. Тийм учраас өвчин эсэргүүцэх чадваргүй болж наад зах нь үс нь унадаг шүү дээ. Химийн эмчилгээнд орсон хүмүүсийн 50 хувь нь амжилттай байдаг. Харин амжилтгүй болсон 50 хувийн 25 нь чөмөгний эсийн эмчилгээнд орно. Үрчлээ арилгах залуужуулах гэхээсээ илүү 30 жил олон улсад нэвтэрсэн энэ эмчилгээг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Монгол руу буцна гэхэд манай америк багш үнэхээр гайхсан
Та түрүүн үүдэл эсийн талаар иргэдэд болгоомжтой мэдээлэл хүргэх хэрэгтэй талаар ярьсан. Монголчуудын дунд үүдэл эсийн эмчилгээнд орж өөрсдийгөө туршилтын туулай болгосон тохиолдол байдаг болов уу?
Намайг Монголд ирснээс хойш үүдэл эсийн эмчилгээний талаар гурван ч хүн надтай холбогдсон. Нэг нь саажилттай хүүхэдтэй эх байв. Манай хүүхэд нэг нас таван сартай саажилттай, эмч нар ямар ч найдваргүй гэсэн. Үүдэл эсийн эмчилгээний талаар телевизээс харлаа.
Үүний дагуу судлаад үзэхэд Бээжинд эмнэлэг байдаг юм байна. Эмчилгээ нь 15 сая төгрөг гэнэ. Би ийшээ явбал яах бол гэж надаас асуулаа. Би олон улсын хэмжээнд үүдэл эсийн батлагдсан эмчилгээ байхгүй. Та харин сайн дураараа мөнгөө өгөөд туршилтад орох гэж байна даа гэж хэлсэн. Гэсэн ч зөрөөд явсан. Хоёр жилийн дараа надтай ахин холбогдов. “Үр дүн гарав уу” гэтэл “Гараагүй” гэв. Тэгснээ Энэтхэг рүү дахин явах гэж байгаагаа дуулгалаа. Явсан. Ирсэн. Үр дүн нь ойлгомжтой. Энэ бол мөнгө, цаг хугацаагаар хохирсон энгийн нэг жишээ.
Мэргэжлээрээ дэлхийн хэмжээнд ажиллах, карьер хөөх боломж байсаар байтал та яагаад Монголд ирсэн юм бэ?
Америкт сурч байхдаа өвөөгөө алдсан юм. Тиймээс эмээгийн хүүхэд байсан болохоор тэндэх карьераа дуусгаад Монголдоо ирсэн. 2011 онд Монгол руу буцна гэхэд манай америк хөгшин багш “Чи яагаад буцах гэж байгаа юм. Монголд энэ чиглэлээрээ ажиллахад хэцүү шүү дээ” гэж гайхан асууж байсан. Тэд чинь Монголыг уул устай эзгүй газар гэж төсөөлнө. Коммунизмын үед Монгол, Түвд, Казакстан зэрэг улсыг тэнэгүүдийн зурвас гэж нэрлэж байсан юм билээ. Ер нь соёл боловсрол иргэншил гэдэг зүйлсийг 100 хувь барууны орнуудаар жиших нь өөрөө асуудал. Харин тэднээс шинжлэх ухааны талаар суралцах нь гарцаагүй. Азиас шинжлэх ухаан хэзээ ч үүсээгүй. Японууд л гэхэд Германд асар олон инженерээ сургасан. Үүний дүнд өнөөдөр технологиороо л хоолоо олж идэж байна.
Гадаадын хөгжилтэй орнуудад үүдэл эсийн лаборатори мэдээж байдаг байх. Монголд үүдэл эсийн лаборатори байгуулбал бидэнд ямар хэрэгтэй вэ?
Хүүхэд төрсний дараа ихсийг нь хаядаг. Гэтэл тэр дотор үүдэл эс байдаг. Хүүхдэд чинь 100 хувь таарах хүүхдийн чинь эс гэсэн үг. Өндөр хөгжилтэй оронд түүнийг нь төлбөрөө өгөөд хадгалуулдаг. Тэнд 200 жил ч хадгалах боломжтой. Хэрэв манайд уг лаборатори байгуулагдаад 20 жилийн дараа гэхэд технологи сайжирсан байна гэж үзвэл тэнд хадгалуулсан хүүхдийнхээ эсээр түүнд шаардлагатай үед эрхтнийг ургуулах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бөөрний дутагдалд орлоо гэхэд нөгөө хадгалсан эсээс бөөр, элэг зэргийг ургуулчихна.
Шинжлэх ухааны хүний нэг онцлог чанар бол хэзээ ч гутардаггүй араншин
Зорьсон ажил бүтэлгүйтэх үед?
Би гутраад байдаггүй юм аа. Шинжлэх ухааны хүний нэг онцлог чанар бол хэзээ ч гутардаггүй. Яагаад гэвэл бид дандаа үзэгдэхгүй, мэдэгдэхгүй юмыг судалдаг. Тиймээс бидэнд их зориг байдаг.
Сонгдо эмнэлэгт үргүйдлийн лаборатори байгуулсан гэж байсан?
Ирээд микробиологийн лаборатори байгуулахаар шийдсэн. Яагаад ингэж шийдсэн гэхээр Монгол эрчүүдийн 75 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй. Бэлгийн замын халдварт өвчин дотроо зургаан төрлийн бактери байдгийн гурав нь тэднийг үргүйдэлд хүргэдэг. Би Сонгдо эмнэлэгт Сперм анализын үргүйдлийн лаборатори байгуулсан.
Та 10 жилийн дараах үеэ хэрхэн төсөөлж байна?
Төсөөлөл алга л байна. Монголд юуг ч төсөөлж болохгүй, намын цүнх барьж явахгүй бол ямар нэгэн албан тушаал дээр очиж, ажлаа бүтээхгүйг ойлгосон.
Танд амбийц байгаа юу?
Би хүний хараанд өртсөн нэр хүндэд угаас дургүй. Гэсэн хэрнээ чимээгүй байсны хор уршиг их юм билээ. Одоо бол хүн амбийцтай байх ёстой. Амбийц гэдгээ зөвөөр ойлгох хэрэгтэй гэж боддог. Амбийц гэдэг үгний мода гарлаашт сүүлийн үед. Хоосон амбийцтай хоосон толгойтой дарга нар ч цөөнгүй болжээ. Энэ нь хэдэн жилийн өмнө амбийц гэдэг үг моданд орсны гай байхгүй юу.
Тэгэхээр өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд нам бараадаж “долоох” ёстой болж байна уу?
Тэглээ гээд ч хүсэл зорилго биелэхгүй юм билээ. Яагаад гэвэл долоосон хүнийхээ л үгэнд орох ёстой. Гэтэл тэр чинь чиний хүсэл зорилго биш. Би Үүдэл эсийн лаборатори байгуулах гэсэн юм гэхээр би наад нэрээр чинь 40 сая төгрөг авна гээд л зөрчилдөж эхэлнэ. Тэгэхээр энэ төгс шийдэл биш.
Одоо юу хийж байна?
Нэгэнтээ л мэргэжлээрээ энд ирсэн хүн чинь салбартайгаа зууралдаад явах үүднээс Химийн хүрээлэнтэйгээ холбоотой явж байна. Тэнд өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр гурван оюутанг ямар ч хөлс цалингүй сургаж байна. Германд оюутнуудад ямар шаардлага тавьдаг тэр л зарчмаар сургаж байгаа.
Манай шинжлэх ухаан хоцрогдох нь битгий хэл бүр уналтын байдалд орчихсон явна
Монголын шинжлэх ухааны хөгжил таныхаар ямар түвшинд явна. Уруудаад байна уу, өгсөөд байна уу?
Аливаа улс орон хэдий ядуу ч шинжлэх ухаанаа хаях ёсгүй. Африкууд л гэхэд биднээс тасархай хол хөгжчихсөн байна. Тэднийг бид ядуу хар арьстай шалдан хүүхдүүд байдаг мэтээр л төсөөлдөг. Гэтэл тэнд банк санхүү, их сургуулийн систем нь Герман, Францын хэв маягаар хөгжиж байна. Бид хоцрогдох нь битгий хэл бүр уналтын байдалд орчихсон явна. Өөрөөр хэлбэл “тэг” бус түүнээс доош хасахруугаа явж байна. Шинжлэх ухааны ном битгий хэл хүүхдийн үлгэрийн ном нь тэдэнд буруу ойлголт өгдөг. Дандаа л авгай хүүхэд, ахуйн талаар өгүүлсэн учир өгөөжтэй зүйл ховор. Арван жилд шинжлэх ухааны ойлголт өгдөг байсан өнөөх “Түмэн бодис” гэдэг ном ч байхгүй болчихож. Еврей хүүхдүүд л гэхэд уншиж сурсан бол хими, физикийн хичээл үзэж эхэлдэг. Бас таван хэлтэй болж өсдөг. Англи, Франц бол шинжлэх ухааны хэл. Шинжлэх ухааны мэдлэгийг суулгасан бол дараа нь нийгмийн ухаан, философи, улс төрийн мэдлэгийг эцэг эхчүүд нь хүүхдэдээ өгдөг.
Олон улсад шинжлэх ухааны чиглэлээр олон хүн доктор хамгаалсан, амжилт гаргасан талаар ярьдаг. Хувь хүний амжилтаар салбарын өсөлтийг тодорхойлохгүй юу?
Өснө гэдгээ ямар утгаар хэлж байгаа гэдэг нь сонин. ЮНЕСКО-гоос улс орнуудын шинжлэх ухааны өсөлтийн талаарх судалгааг гаргадаг. Тэндээс манай улс ямар чансаатай явж байгааг харах боломжтой. Бид доогуур түвшинд Африкийн доор жагсаж байна. Гуравдагч орнуудын шинжлэх ухааны холбоо гэх байгууллага олон улсад бий. Тэдний гаргасан судалгаагаар Монгол улс “чив чимээгүй” ангилалд яваа. Индонез, Малайз биднийг хол хаясан. Үүдэл эсийн лабораторийг аль хэдийнэ байгуулсан. Биотехнологи, нанотехнологи салбараа хөгжүүлээд үр шимээ хүртэж байгаа. Мөнгө олох боломжтойг мэдээд амташчихсан явна.
Бидний үгүйсгээд талхнаас дор үзээд байгаа шинжлэх ухаан гээч хүний оюун ухаанд ямар өгөөжийг өгдөг юм бэ?
Шинжлэх ухааны мэдлэг бол хүнд өөрт нь мэдэгдэхгүйгээр тархийг хөгжүүлж задалдаг. Өөрөөр хэлбэл задлан шинжлэх, дүгнэлт хийх, шүүн тунгаах дасгалыг шинжлэх ухаан л өгдөг. Хүн өөрийн мэдэлгүй дадалтай болчихдог. Жижгээс томруулж, томоосоо нэгжрүү харах чадвартай болно. Шинжлэх ухааны хүмүүс аливааг гадна талаас нь хардаг. Бид асар их ачаалал дунд байдаг болохоор амархан задлан шинжилж бодож, хооронд нь холбодог.
Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны хөгжилд мөнгө хаях нь битгий хэл 2019 он хүртэлх гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлгийг зогсоочихлоо шүү дээ?
Өнөөдрийн станд бай хөтөлбөр ч юм уу эдийн засгаас шалтгаалан хүүхдүүдийг гадаадад тэтгэлгээр явуулахыг зогсоож байгаа нь буруу байхгүй юу. Зогсоож байна гэдэг мангар хэвээрээ үлд, улам мангар бол гэсэн үг. Боловсрол мэдлэг бол 20 жилийн дараа өгөөжөө өгдөг. Тэр тэтгэлгийг зогсоохгүй бол хэдэн жилийн дараа тасархай хол сэтггэдэг хүүхэд гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ шийдвэр бол боломжит потенциалыг хаачихаж байна гэсэн үг.
Таны дээр ярьсан жишээгээр Монголчууд шинжлэх ухааны салбарт уруудаж байгаа гэдэгтэй санал нийлмээр юм шиг. Дэлхийд 1954 онд ферментийн чанарыг угаалгын нутагт ашиглаж байсан бол манай өвөг дээдэс түүнээс ч өмнө хэрэглээгээ болгосон байна…
Бидний өвөг дээдэс биднээс илүү ухаантай байж… Гэтэл тэр үед англичууд сэдсэн үү, үгүй л байгаа юм. Би хэзээ ч өвөг дээдсээ тэнэг байсан гэж хэлэхгүй.
Уруудаад байгаа шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ?
Бид аливааг өнгөцхөн харж байна л гэж хэлнэ. Газар ухаад, байшин бариад, үйлчилгээний салбарт тавилга оруулж ирж зарахыг л амьдрал гэж ойлгоод байна. Нүдэнд харагдаж байгаа зүйлийн цаана юу болдог билээ гэдгийг харах ёстой. Хоёрдугаарт шинжлэх ухаан хүний оюуныг хурцалдаг. Тэр дундаас санаа гардаг. Бидний хувьд эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэсэн үгэнд захирагдаж өссөн. Хүнийг гаднаас нь бус цаана нь юу болж байгааг хар гэдэг. Манай монголчуудын хувьд эрдэм номыг шүтдэг хүмүүс шүү дээ. Уг нь еврейчүүдтэй яг адилхан. Гэвч тэр чанараа л гээчихсэн байхгүй юу. Би дунд сургуульдаа математикийн анги байлаа. Гэсэн хэрнээ математикт дургүй. Үүгээр хоолоо олж идэхгүй юм чинь би сураад яах юм гэж зөрчилдөнө. Мэргэжил сонгохдоо ч хүртэл ээж ааваасаа зөрж эмч болохгүй гэж зөрүүдэлсэн. Учир нь эмч бол зүгээр гаднаас нь өвчтөнөө хараад л эм өгдөг хүн шиг санагддаг байв. Харин үүний цаадах өвчин гэж юу вэ, цаана нь юу болж байгаа нь надад сонин байлаа.
Мэдлэг, оюун бол материаллаг бус. Тиймээс түүнийгээ хөгжүүлэх боломж хүн бүрт бий
Анхнаасаа л та аливаа зүйлийн “цаадахыг” л харахыг хичээдэг байжээ?
Харин тийм ээ. Хүүхдүүд “яагаад” гэдэг асуултыг дандаа асуудаг. Энэ асуултыг байнга асууж байх ёстой.
Таны хувьд потенциал гэдэг ойлголтыг юу гэж тодорхойлох вэ. Төрөлхийнх үү, эсвэл хүн бүхэнд байдаг өгөгдөл юм уу?
Төрөлхийнх гэж боддоггүй. Яагаад гэвэл оюун ухаан гэдэг эс биш. Эс байсан бол аав, ээжээсээ муу эс авсан гээд муу л байх болно. Харин тэр оюун ухаан чинь юу сурч мэдсэнээс хамаарна. Бага насанд гэр бүлийн хүмүүжил нөлөөлнө. Би мэдлэг, потенциалыг материаллаг бус гэж боддог. Тиймээс түүнийгээ хөгжүүлэх боломж хүн бүрт бий. Ном уншихад тархи хамгийн сайн ажилладаг. Хүн ялаа хоёрын хооронд долоохон генийн зөрүү байдаг. Тэгэхээр хятад монгол хүн хоёрыг харьцуулж монголчууд илүү гентэй гэж хэлэх үндэслэл байхгүй. Түүнээсээ ичиж явах хэрэгтэй л дээ.
Монголчууд илүү гентэй гэж ярьдаг шүү дээ?
Сайнаар нь харвал өөрсдийгөө хурцалж байгаа хэлбэр. Муугаар нь харвал мангар тэнэгээ л гайхуулж байгаа асуудал шүү дээ.
Та өөрийгөө бусадтай харьцуулдаг уу?
Хэзээ ч үгүй. Би дунд сургуульд байхаас өөрийгөө бусадтай харьцуулж байгаагүй. Харин өнөөдрийг хүртэл зорилготойгоо харьцуулж ирсэн.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!