МҮОНР “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг
- 2017-04-11 13:35:00
- Мэдээлэл
- 420
Балдорж шагналын шүүгчдэд илгээх бүтээлийн танилцуулга- МҮОНР “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг
- Гомдох эрхгүй хүмүүс. Хар тамхинд донтогчид. Тэдний зарим нь амьдралаас алдсан үнэт бүхнээ дахин олохоор шүд зуун тэмцэж байна. Хар тамхи нэртэй цагаан тахлын аюулаас амьд гарахын төлөөх тэмцэл...
- Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ? Өсвөр насны хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн баримтын мөрөөр эрэн сурвалжилж, тэдэнд чиглэсэн нийгмийн үйлчилгээ үгүйлэгдэж буйг олонд дэлгэв.
- “Найзлах хүсэлт”-ийн ард өөр сонирхол нуугдаж байна уу? Цахим орчин хязгааргүй. Энэ хязгааргүй дундаас ямар мэдээлэл олж авах, хэнтэй найз болох, ямар групп, чатад нэгдэх нь таны дурын хэрэг. Гэвч та цахим орчинд хэн нэгний хараанд өртөж, гэмт хэргийн золиос болох аюулыг өөрөөөөртөө дуудаж байгаа юм биш биз.
Аудио бичлэг болон текстийг эх хувиар хавсаргав:
1.Гомдох эрхгүй хүмүүс
“Надад туслаач, намайг авраач” гэх хүн тэдний дунд байхгүй. Эхлээд тэднийг гэр бүл, найз нөхөд нь орхисон, дараа нь эд хөрөнгө, эрүүл мэнд гээд үнэт бүхнээ алдсан. Тэд үүний төлөө хэн нэгэнд гомдох, үзэн ядах ч эрхгүй. Энэ бол тэдний сонгосон зам. Харин өнөөдөр зарим нь тэр сонгосон замаа сольж, өөр гэрэл гэгээтэй замд орохоор шүд зуун тэмцэж байна. Тэд амьдралаас алдсан үнэт бүхнээ дахин олохоор зүтгэж байгаа нь энэ. Энэ бол хар тамхи нэртэй цагаан тахлын аюулаас амьд гарахын төлөөх тэмцэл.
“Баримт” нэвтрүүлгийн баг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг зорилоо. Өмнө нь хар тамхи бол аюултай бодис. Олон хүн үүнд донтсоноосоо болж, амь амьдралаа сүйтгэдэг тухай сонссон бид хар тамхи хэрэглэгчидтэй уулзана гэхээр битүүхэн жихүүцэж байлаа. Ингээд бид нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэнгээр дамжуулан тэдэнтэй уулзсан юм. Архи уугаад шартчихсан юм уу гэмээр цонхигор царайтай, хүүхэн хараа нь тогтож ядсан хүйтэн харцтай, 20 гаруй хүн энд цуглажээ. Олонх нь 30-50 насны эрчүүд, дээрээс нь 50-60 насны 6 эмэгтэй, 20 хүрээгүй шахам хоёр залуу харагдлаа.
Бид сургагч багшаар дамжуулж, ирсэн зорилгоо хэлж тайлбарласны дараа гурван хүн бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Эхний эрэгтэй бол 30 орчим насны, өндөр, цонхигор цагаан залуу. Харааны шил зүүсний дээр, ам нь хацраа дагаж байн байн татвалзах нь хар мөртэй бодисын үлдэц гэлтэй.
Баримт 1: Зураг зурж, метал хөгжим сонсох сонирхолтой залуу онгодоо оруулах зорилгоор хар тамхи татаж эхэлжээ. Хамтдаа мансуурч, метал хөгжимд дурлаж явсан залуусын ирээдүй үхэл хагацлаар дуусна гэж хэн ч санаагүй байна.
-Би 10 дугаар ангиа төгсөөд зураач болсон. Хажуугаар нь бас рок хөгжим сонсох сонирхолтой. Тэгж яваад Эрдэнэтийн хэсэг залуустай танилцсан. Бүгд рокрууд. Тэд чинь тэгээд зүгээр байхгүй хөгжмөө сонсоод, өвсөө татаад л мансуурдаг байсан. Би ч гэсэн дуурайгаад л татна. Тэгж л анх сонирхож татсан. Үүнээс хойш ихэвчлэн онгодоо оруулах зорилгоор хэрэглэдэг болсон.
-Хэрэглэхээр тэгээд мэдрэмж орж ирэх үү?
-Эхэндээ гоё санагддаг байсан. Бие ямар ч мэдрэмжгүй болно. Гудамжаар явахад ганцхан толгой л яваад байгаа юм шиг санагддаг. Би нэг хэтрүүлчихээд явж байсан чинь туулай, амьтад миний хажуугаар дугуй, машин унаад явж байгаа юм шиг харагдсан. Инээд хүрээд л. Иймэрхүү байдлаар нэлээд их татсан. Бараг зургаан жил. Тэгээд сүүлдээ больсон. Яагаад больсон гэхээр бүр гүн орохоос айгаад. Манай нэг найз бүр татаж унасаар байгаад, нөгөөдхөө татсаар байгаад амь насаа алдаж байсан байхгүй юу. Түүнээс хойш манай өчнөөн найзууд больсон л доо.
Тэр хар тамхи хэрэглэснээсээ болж гэр бүлээсээ салсан. Найз нөхөд нь ч хөндийрч, өөрт байгаа үнэтэй бүхнээ зарж дууссан байна. Ингээд эцэст нь хар тамхийг хаях, эсвэл энэ чигээрээ живэх гэсэн хоёр сонголтын өмнө иржээ. Одоо түүний хувьд биеэ эмчлүүлж чадаагүй ч, өөрөөөөртэйгөө хийсэн дотоод тэмцэл нь үр дүнд хүрсэн байна.
-Сүүлд хэзээ татсан бэ?
-2013 онд л нэг найзтайгаа хамт татсан.
-Чиний найз нөхөд ч юм уу, татдаг залуус олон байна уу?
-Байгаа байгаа. Миний найзуудаас бол байгаа шүү. Өөрсдөө гаръя ч гэж хичээхгүй юм.
-Уг нь хичээвэл болж байна. Тийм ээ?
-Болж байна. Би бүр гүн орохоосоо айгаад гарсан. Хүмүүс хэтрүүлсэн үедээ амиа хорлох ч тохиолдол гардаг.
-Чи энэ хугацаанд юу алдав?
-Эхнэр, багын найз нөхөд гээд их юм алдсан. Одоо би бие муутай. Бас бие муутай аавыгаа хараад эмнэлэг, гэр хоёрын хооронд л өдрийг өнгөрөөж байна.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн зан үйл өөрчлөх сургалтад тогтмол сууснаар ямар ч гэсэн өөрийнхөө хорт зуршлаас салж чадсан. Гэсэн ч бие, эрүүл мэндийн байдал тааруу. Ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа өөрчлөх гэхээр эрүүл мэндийн байдал нь бүх зүйлд хаалт болдог гэлээ. Энэ залуутай хамт бидэнд ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн 50-60 насны хоёр эрэгтэйн хувьд ч гэсэн мөн өөрсдийн хорт зуршлаас салахаар шийджээ. Тэдний аль аль нь өвчний улмаас хар тамхи хэрэглэж эхэлсэн байна.
НАДААР ОВОГЛОДОГ Л БОЛОХООС ХЭН Ч ИРЭХГҮЙ
Баримт:2 Нэг нь хөлөө хөлдөөж, нөгөө нь осолд орсон хоёр эрэгтэй, эмчийн зөвшөөрлөөр морфин тариулсан байна. Гэтэл энэ нь тэдний мансууруулах бодисонд донтох гол шалтгаан болжээ.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгт ирсэн хүмүүсийн олонх нь “хар тамхийг өвчний улмаас хэрэглэж эхэлсэн” гэж хэлдэг. Яг үнэндээ сонирхоод хэрэглэсэн эсвэл өөр шалтгаанууд нь илүү байдаг гэж мэргэжилтнүүд хэлсэн. Өвчний улмаас, хар тамхинд донтсон гэх хоёр эрэгтэй.
- Айлын хуриманд очоод буцах замдаа хөлөө хөлдөөчихгүй юу. Тэгээд энэ хөл чинь аймаар болдог юм байна. Хумс нь унаад, бөөн яр шарх үүсээд, өвдөнө ч гэж хэцүү. Тэгээд өвчнөө дарахын тулд сумын эмнэлгийн бага эмчээс устгалд орох гэж байсан 10 ширхэг морфин авсан. Ингэж цувруулж тарьсаар байгаад л өөрийн мэдэлгүй орчихсон байсан.
-Хөл чинь өвдөж байгаад өөрөө эдгэчих л байсан байх даа. Заавал морфин хэрэглэх шаардлагүйгээр?
-Тэгэх л байсан. Өвдөлтөө намдаах гэж тарьж эхлээд, дараа нь хүн яаж архинд, тамхинд ордог уу, яг түүн шиг л орчихдог юм байна лээ. Энэ чинь ер нь хүнийг эргэлт буцалтгүйгээр л оруулдаг юм байна.
-Хамгийн сүүлд хэзээ хэрэглэсэн бэ?
-Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр л хэрэглэсэн юм байна.
- Би цэргийн хүн байсан. Тарианд ороод 28 жил болж байна. Согтуу Оросын камазад мөргүүлснээсээ болж, цэргийн эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн. Миний тархи, бөөр гэмтсэн болохоор өвчин намдаахын тулд эмч нарын хурлын шийдвэрээр морфин хийхээс аргагүй болсон. Эмнэлгээс гарсныхаа дараа морфины шарталтад орсон. Архины шарталт юу ч биш. Би бараг галзуурсан. Тэгээд морфин хэрэглэсээр байгаад донтчихсон.
Тэдний хувьд аль аль нь мансууруулах бодисоос бүрэн татгалзаж чадаагүй. Энэ хорт хэрэглээг хаяхын төлөө хичээж явна гэдгээ хэлсэн. Мэргэжилтнүүдийн хэлснээр энд ирсэн хүмүүсийн олонх нь өөрийн гэсэн орох орон, харж хандах хүнгүй болж тартагтаа тулсан байдаг. Өөрөөр хэлбэл, донтолтын эцсийн шатандаа орсны дараа өөрийгөө өөрчлөхөөр ирдэг байна.
-Би байртай байсан. Авгай, хүүхэдтэй байсан. Бүгдэд нь гээгдсэн. Найз нөхөд, ах дүү амраг садан ч байхгүй. Эцэст нь нийгмээсээ холдож ганцаарддаг. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд надаас зугтаасан. Надаар овоглодог л болохоос биш, над дээр хэн ч ирэхгүй шүүдээ. Тийм биз дээ. Би хүнд гомдох эрхгүй байгаа биз. Эдийн засаг ч үгүй, эрүүл мэнд ч үгүй, найз нөхөд, хамт олон ч үгүй болдог.
Тэгээд сүүлдээ больсон. Найздаа нэг ороохыг өгчихсөн чинь, даанч тэр минь бурхан болсон. Баз хүргэнтэйгээ архидаад тамхигүй болохоор нь ороогоод өгчихсөн чинь хоёр сороод л нам унасан.
-Сүүлд хэзээ татсан бэ?
-Би өнгөрсөн хавар Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд өвчин намдаахын тулд морфин тарихаас аргагүй болсон. Одоо миний тархи судасны нарийсалтай. Эмнэлгийн анхан шатны тусламж авахад хүнд болсон. Гэхдээ хогийн ургамал үхдэггүй гэдэг шиг үхэхгүй л байна.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 17 жил, хар тамхинд донтогчдын зан үйлийг өөрчлөх сургалт зохион байгуулсан. Энэ хугацаанд 12 хүний зан үйлийг өөрчилж, хар тамхинаас бүрэн гаргасан байна. Гэвч өнөөдөр хар тамхи хэрэглэгчдийн тоо нийгэмд өссөөр байна гэж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэн хэллээ.
2010 онд өсвөр үеийн 2000 хүүхдийг хамруулсан судалгаа хийсэн. Судалгаагаар 54 хэрэглэгч илэрсэн. Тэдний 36 нь өвсний ургамал татаж байх жишээтэй. Энэ онд 1000 оюутны дунд судалгаа хийхэд 50 хэрэглэгч шинээр илэрсэн. Нэг судалгаагаар 50 хүн илэрнэ гэдэг бол их тоо. Ер нь хэрэглээ их өсч байгаа юм байна. Одоогоор манайд бүртгэлтэй 600 гаруй хүн байна. Үүний цаана хэдэн мянгаараа хэрэглэж байна гэж хэлж болно.
Манай улсад хар тамхи хэрэглэх төрөл хэлбэр нь олширсон. “Мөнгө л байхад хаанаас ч хар тамхи олж болно” гэж донтогчид хэлж байна. Хар тамхины хэрэглээ нэмэгдсэн гэдгийг харуулах өөр нэг үзүүлэлт бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоон мэдээлэл. 2016 оны эхний 11 сарын байдлаар 94 гэмт хэрэгт 240 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлт гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Лхагвасүрэн.
-Ямар нэг амнаас ам дамжсан дэл сул ярианд итгэхгүй байгаач ээ. Энэ бодисыг хэрэглэснээр таны оюун ухаанд саатал учруулж, та хийсэн үйлдлээ хянах чадваргүй болдог. Энэ нь хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй сөрөг нөлөөтэй. Бас энэ бодис нь хууль бус хэрэглээ учраас та тодорхой хугацаанд эрх чөлөөгөө хасуулна. Залуу, хийж бүтээх сайхан үеэ та эрх чөлөөгөө хасуулж өнгөрөөнөгэдэг бол хүний амьдралд байж болшгүй зүйл. Залуучууд үүнд анхаараасай.
Манай хуулиар энэ хэрэгт холбогдсон хүмүүс 2-15 жилийн ял эдлэх хуультай. Хэрэгт холбогдсон хүмүүс ихэвчлэн мансууруулах бодис хэрэглэж, өөрийн оюун санаагаа хянах чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлддэг байна. Хар тамхинд донтсон хүмүүсийн олонх нь эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохироод дуусдаг. Харин цөөн хэд нь өөрийгөө татахаар тэмцдэг ч манай улсад үүнийг анагаах ухааны үүднээс бүрэн эмчлэх боломж байдаггүй гэж СЭМҮТ-ийн их эмч н.Гантулга хэлсэн. Харин хар тамхинд донтогчид СЭМҮТ-д сайн дурын үндсэн дээр хандах боломжтой. Энэ төвд Донтох эмгэгийн 30 ортой тасаг байдаг. Гэвч энд голдуу архины хамааралтай хүмүүс эмчлүүлдэг. Хар тамхинд донтсон хүмүүс мэр сэр ирдэг гэлээ. Харин цаашид мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд донтсон хүмүүст зориулсан Эмчилгээний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна гэж мэдээлсэн.
ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРНО ЭСВЭЛ “НАРАНГИЙН ЭНГЭР” Л ЯВНА
Хар тамхи хэрэглэвэл амьдралаараа хохирно. Харин эмчилгээ гэж байхгүй. Та хэн ч байсан хар тамхи нэг л хэрэглэж эхэлвэл таны үнэ цэнэтэй бүхнийг сорж эхэлнэ. Үүнийг л битгий хэрэглээрэй гэж залуустаа захья гэж тэд хэллээ.
-Монголын залуусаас ёстой өвдөг сөгдөж гуйя. Ирээдүйгээ үр удмаа, үндэс угсаагаа цэвэр ариун байлгая гэвэл хар тамхинаас, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлээс хол байгаач ээ. Монгол цөөхөн шүү хар тамхинаас холдооч ээ. Авгай хүүхэд минь хаяад явлаа гэж гомдож болохгүй шүү дээ. Би байртай байсан. Машинтай байсан. Би хоршооны захирал, компанийн захирал байж үзсэн. Болдоггүй л байхгүй юу. Эхлэл сайтай, бариа байдаггүй л байхгүй юу. Мөнгө олдоно, нөгөө тариа руугаа мөлхчихдөг. Тэгэхээр би хүнд гомдож болохгүй биз дээ. Би хүний өмсдөггүйг өмсөж, эдэлдэггүйг эдэлж байсан. Одоо байна уу, алин ч байхгүй шүү дээ. Хамгийн гол эдийн засгийн хохирол чинь энэ шүү.
-Энэ чинь хууль бус хэрэглээ. Хоёрдугаарт эрүүл мэндээрээ хохирно. Гуравдугаарт эдийн засгаараа сүйрнэ. Дөрөвдүгээрт тэгээд нийгмийн хог шааранд л орох шахуу явж байна. Энэ буруу зуршил руу нэг л хазайгаад орчихвол эргээд биеэ татахад маш хэцүү. Хүн архинаас гарч болдог. Тамхинаас гарч болдог. Энэ сэтгэцэд нөлөөлөх бодисоос гарахад ер нь зовлонтой шүү. Би болих гээд зүтгэж л байна.
Эрүүл мэндээрээ хохирно. Эсвэл тэгээд Нарангийн энгэр рүү л явна шүү дээ. Өөр бололцоо байхгүй. Үүнийг хатуу ойлгох хэрэгтэй.
Хүмүүс нэг удаа сонирхоод үзье гэх байдлаар хар тамхи хэрэглэх тохиолдол байдаг. Гэтэл нэг удаа хэрэглээд л насан туршдаа өвчтэй болох. Цаашлаад удам угсаагаа сүйтгэх аюул нуугдаж байдаг гэж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэн анхаарууллаа.
Ганцхан удаа хэрэглээд л зүрхний өвчтэй болчихсон хүн байна. Зүгээр явж байгаад л зүрх нь зогсчихдог, эсвэл ухаан алддаг болсон. Тэгээд харсан, барьсан зүйлээ бүгдийг нь мартчихдаг гэсэн. Хүмүүс хор хөнөөлийг нь огт мэдэхгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай нэг хүн нас барсан. Эхлээд өрөөсөн хөл нь мэдээгүй болсон. Дараа нь хоёр хөл нь мэдээгүй болсон. Хамгийн сүүлд нас барахаасаа өмнө чих нь харласан. Тэгэхээр энэ хүний бүх эд эрхтэн нь үхэжсэн гэсэн үг. Задлан шинжилгээний эмч “Танай энэ хүнээс нэг ч авах юм алга” гэж хэлсэн.
Хоёрдугаарт, удам угсаагаа сүйтгэдэг. Хар тамхи хэрэглэдэг хүний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гардаг. Манайд нэг толгойтой хоёр бөгстэй хүүхэд, хоёр гаргүй хүүхэд, гэдэс нь нуруун дээрээ гарчихсан хүүхэд хүртэл төрж байсан. Тэгэхээр ийм том асуудал бий болдог гэдгийг ерөөсөө анхаарахгүй байна.
Хар тамхи бол “Чимээгүй дайн”. Одоогоор манай улсад хар тамхинд донтсон 50-70 мянган иргэн байна гэсэн албан бус мэдээлэл байдаг ч тархалтын нэгдсэн судалгаа огт байхгүй. Эрүүл мэндийн яамнаас энэ тухай тодруулахад “Энэ чиглэлээр ямар ч судалгаа хийж эхлээгүй, тархалтын судалгаа хийхэд хүндрэлтэй” гэж мэдээлсэн. Энэчлэн мэргэжлийн байгууллагууд нь бүгд л мөнгөгүй, боломжгүй гэх шалтгаанаар дорвитой ажил хийж чадахгүй байна.
Олон улсын жишгээр нэг хүний ард дахиад дөрвөн хэрэглэгч байдаг гэж үздэг. Гэтэл хэрэглэгчидтэй уулзаад ярилцахаар тэдний ард дөрвөөр тогтохгүй олон хүн байдаг. Цаашлаад хэрэглэгч нь хэрэглэгчээ төрүүлсээр, хар тамхины аюул үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж судлаачид анхаарууллаа.
Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг
2.Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ?
Баримт: 1
Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дэлгүүрт чихэр авахаар орсон 12 настай өсвөр насны гурван хүү, 13 настай нэг хүү хүчирхийлэлд өртжээ. Хөвгүүдийг М гэх үл таних эрэгтэй хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгсэл болгосон байна. Үйл явдлын гэрч болсон 13 настай хүү сэтгэл гутралд өртжээ.
Түүнийг Д гэдэг. Тэрбээр хичээлдээ суухаас дургүйцэх болж, сүүлдээ сургууль завсарджээ. Өнгөрсөн хугацаанд гурван ч сургууль сольж... Эцэст нь хулгай дээрмийн хэрэгт холбогдож, цагдаа шүүхийн хаалга татав. 13 настай байхад нь тохиолдсон зүйл хүүгийн хожмын амьдралд ийнхүү бараан сүүдэр татуулах болсон байна. Д одоо 17 настай. Хүчирхийлэл, доромжлолд өртсөн айдас хүйдэс нь таван жилийн турш хүүг шаналгасан хэвээр байгааг ээж нь бидэнд ярьсан юм.
Д-гийн ээж “Дөрвөн эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртсөн. Тэдний нэг нь миний хүү. Мөнх-Учрал гэх 21 настай залуу дэлгүүрээс чихэр авахаар орсон дөрвөн хүүд цаасны хутга тулган хүний нүднээс далд газар аваачин бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан. Нэг хүү нь хүчирхийлэлд өртөөгүй ч сэтгэл санааны гүн хямралд орсон. Шилжилтийн насанд нь тохиолдсон хэрэг учраас миний хүүд хүнд туссан. Насан туршдаа мартаж чадахгүй хар зүүд болж үлдсэн.../хүүгийн ээж уйлав/ Энэ үйл явдал миний гэр бүлд хар мөр татуулсан хэвээр л байна” гэсэн юм.
Хүчирхийлэлд өртөж, хүнд ноцтой гэмт хэргийн золиос болсон тохиолдолд хохирлыг нь мөнгөн төлбөрөөр барагдуулахаас гадна нөхөн сэргээх сэтгэл заслын эмчилгээ хийх ёстой. Гэтэл нөхөн сэргээх эмчилгээ хийдэг газар алга байна гэж хүүгийн ээж бидэнд ярилаа.
Тэрбээр “Миний хүү мөнхийн айдастай. Үүнийгээ гээж чадахгүй байна. Иймээс төр арга хэмжээ авах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төр ажиллаагүй учраас бидэнд нөхөн төлбөр өгч хохирлыг барагдуулаагүй. Үүнийг барагдуулах ёстой. Шүүх нь шийдвэр гаргана, энэ шийдвэр нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Ер нь шүүх шийдвэр гаргах хэрэг байсан уу, үгүй юу гэсэн асуулт хүртэл гарч байгаа юм” гэлээ.
Уг нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тухай хэд хэдэн хуульд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх талаар ерөнхий заалт бий. Гэсэн ч ээж, хүү хоёрт туслах төрийн байгууллага олдоогүй байна.
2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээс, хүүгийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах шийдвэр гаргахдаа таван сая төгрөг гэж үнэлэн, гэмт этгээдээс гаргуулахаар тогтжээ. Харамсалтай нь шүүхийн тогтоол хэрэгжилгүй таван жил өнгөрч, ээж, хүү хоёр нөхөн төлбөрийн мөнгөө авч чадаагүй явна. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсаар хохирогч хүүгийн ээж арга мухардахдаа Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна.
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол хяналт шалгалт хариуцсан референт Сэмжидмаа “Дээд шүүхээс 2006 онд гарсан 45-р тогтоол гэж бий. Тогтоолд хохирлын мөнгөн дүнгээр үнэлэх, яаж зохицуулах талаар тайлбарласан байдаг. Гурван хүүд тус бүр 10, 10-н сая төгрөг. Д хүүд 5 сая төгрөгийн хохирол буюу нийт 35 сая төгрөгийн хохирол тогтоож өгсөн байдаг. Гэм буруутай этгээд ялаа эдэлж байгаа.Өнөөдрийг хүртэл 35 сая төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Гэм буруутай этгээд энэ хохирлыг барагдуулах үүрэгтэй ч яаж барагуулах тухай журам дүрэм, ийм тогтолцоо шаардлагатай байна. Бид энэ асуултаа хүүгийн ээжийн гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн. Хариуд нь ямар ч байсан хохирол барагуулах арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн” гэж ярилаа.
Сэтгэл санааны хохирлыг хуульчлаагүй учраас тухайн шүүгчийн хараат бус шийдвэрээр шийдэж байна. Манай улс 1986 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орж үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн илрэл бол хохирогч Д-ийн жишээ гэж эх сурвалжууд хэлж байлаа. Нэгдэн орсон л бол дотоодын хууль тогтоомждоо нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх, мөн хэрэгжүүлэх үүргийг давхар хүлээдэг.
Баримт-2
Эрэгтэй хүүхэд эрэгтэй хүнд хүчирхийлүүлсний дараа сэтгэл гутралд орох магадлал 80 хувьтай байдаг. Өөрийгөө үзэн ядаж, үнэлэмж нь эрс буурдгийг судалгаагаар тогтоосон байна.Ийм байдлаар хүчирхийлэлд өртсөн хөвгүүд өөрсдөөэргээд хүчирхийлэгч болох эрсдэл өндөр байдаг гэж сэтгэл судлаачид үздэг.
12-13 насыг бэлгийн чиг баримжаагаа мэдрэх үе гэж үздэг байна. Яг ийм насандаа хүчирхийллийн золиос болсноор гарах сөрөг дагавар, эрсдлийг урьдчилан тооцох аргагүй гэж хүүхдийн сэтгэл зүйчид хэллээ. Бүрэн төлөвшиж амжаагүй өсвөр насны хүүхдийн ирээдүй хаашаа ч эргэж болно. Ийм учраас нөхөн сэргээх сэтгэл заслын эмчилгээг хамгийн багадаа гурваас дээш жил зайлшгүй хийхшаардлагатай гэж үздэг юм байна. Ийм тохиодолд мэргэжлийн байгууллага түүн дотроо хүүхдийн чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч байх хэрэгтэйг “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн тэргүүн, Хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч н.Бадамцэцэг хэллээ.
Өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэлтэй болох тал дээр зайлшгүй ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хувьд гутамшигтай явдал учраас нийгэмд өширхөж магадгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидтой илүү ажиллаж байгаа болохоос хүчирхийлэлд өртсөн хөвгүүдэд чиглэсэн ажил байхгүй гэж хэлж болно. Тиймээс энэ асуудалд зайлшгүй анхаарах цаг иржээ. Энэ хэрэгцээг хангах шийдэл бол сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хүмүүсийг багтаасан тугай байгууллагатай болох шаардлага юм.
Эрэгтэйхүүхэдэрэгтэйхүндхүчирхийлүүлснийдараасэтгэлгутралдорохмагадлал 80 хувь, өөрийгөөүзэнядаж, үнэлэмжньэрсбуурдгийгсудалгаагаартогтоожээ.Иймээс хүчирхийлэлд өртсөн хүүхэд, багачуудад онцгой анхаарч ажиллах хэрэгцээ байгааг баримтаас харж болохоор байна. Тухайлбал, “Хүүхдийн тусламжийн утас 108” төвд зөвхөн нэг жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй 164 орчим хүүхэд ханджээ. Тэгвэл эдгээр хүүхдүүд сэтгэл засах эмчилгээ үйлчилгээ авсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь хүүхэдтэй тулж ажилладаг мэргэжлийн сэтгэл зүйчийн тоо гарын 10 хуруунд л багтаж байна. Ийм нөхцөлд бид яаж ажиллах вэ? Төр гарц шийдэл хайсан болов уу? Эдгээр асуултын хариуг 164 хүүхдийн ар гэр хүлээж сууна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газрын дарга Алтанзаяа “Түр хамгаалах төв байгуулахаар 2017 оны ажлын жагсаалтдаа оруулсан. Үүнд сэтгэл засал, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх эмчилгээ үйлчилгээ багтаж байгаа” гэлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газарт хүү Д-гийн ээж хандсан байна. Түүний хүсэлтийн дагуу хүүд сэтгэл заслын эмчилгээ хийж эхлэхээр болжээ. Ямар ч байсан хүүг төрийн байгууллагууд анхаарч эхэллээ. Түүний төлөө хийх ажлын жагсаалтаа ч гаргаад амжиж. Хэрэгжүүлэх боломж, шийдлийг тэд хамтдаа хайж эхэлсэн нь дэвшил юм.
Баримт-3
Хүний эрхийн үндэсний комисс “Сэтгэл санааны хохирол барагдуулах механизмыг төр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай”-г сануулсан зөвлөмжөө УИХ-д хүргүүлэхээ мэдэгдээд байна.
Өөрөө зодуулж, дээрэмдүүлээд зогсохгүй үе тэнгийн гурван хүүг хүчирхийлж байгааг нүдээр харсан 13 настай хүүгийн ээж ганцхан зүйл хүсч байгаагаа биднээр дамжуулж хэлсэн юм. Тэр сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр таван сая төгрөг гаргуулах шүүхийн тогтоол хэрэгжээсэй гэж хүсч байна. Мөн сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ авах боломж байгаа эсэхэд хариу авахыг хүсч байна. Хүний эрхийн үндэсний комиссын тайлан илтгэлд УИХ хэрхэн анхаарлаа хандуулахаас шалтгаалж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл заслын үйлчилгээ хүртэх эсэх нь хамаарах нь.
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол хяналт шалгалт хариуцсан референт Сэмжидмаа “Хүний эрхийн үндэсний комисс жил бүр хаврын чуулганд илтгэл хүргүүлдэг. Энэ жилийн илтгэлийн нэг бүлэг сэдэв бол хүүхдийн эрхийн асуудал. Энэ асуудлыг бид тал бүрээс нь авч байгаа. Тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл, сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөрийн асуудал багтсан” гэв.
Жил бүр насанд хүрээгүй 70-90 шахам хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн албан мэдээг Улсын мөрдөн байцаах газраас өгсөн. Тэгвэл ийм хэмжээний хүүхдүүдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ шаардлагатай болдог гэсэн үг юм.
Ээж нь уйгагүй хөөцөлдсөн учраас Д хүү сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газрын дарга Алтанзаяа “Хүүхэд эмзэг байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөөөгдөг мэргэжлийн хүмүүстэйгээ холбож өгнө. Мөн сургуульд ороход нь тусална. Бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан тоот явуулсан” гэсэн юм.
Хүний нэр хүндтэй холбоотой эмзэг энэ сэдэв өсвөр насны хөвгүүдийн хувьд нуугдмал байх хандлагатайг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Хөвгүүд гудамж талбай, дэлгүүр орох, усанд явах замдаа хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд гарч байсан ч чимээгүйхэн дотроо хадгалаад үлдэх явдал бий гэнэ. Өсвөр насныхны хүчирхийллийн тухай ярихаар бид охиддоо илүү их анхаарал хандуулж, анзаардаг бол бага насны хөвгүүд мөн өртдөгийг хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн ажилтан ярьж байсан юм. Хүчирхийллийн хохирогч болж байгаа өсвөр насны хүүхдэд шүүх, цагдаа, хохирлын нөхөн төлбөрөөс илүү сэтгэлийн гэмтлийг нь илааршуулах сэтгэл заслын үйлчилгээг, нөхөн сэргээх эмчилгээтэй нь үзүүлдэг байх эрх зүйн орчин хэзээ бүрдэх вэ... Ирэх хаврын чуулганаар чих тавин чагная.
МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг
3.“Найзлах хүсэлт”-ийн ард өөр сонирхол нуугдаж байна уу?
Цахим орчин хязгааргүй. Энэ хязгааргүй дундаас ямар мэдээлэл олж авах, хэнтэй найз болох, ямар групп, чатад нэгдэх нь таны дурын хэрэг. Гэвч та цахим орчинд хэн нэгний хараанд өртөж, гэмт хэргийн золиос болох аюулыг өөрөөөөртөө дуудаж байгаа юм биш биз.Танд эротик зураг болон ийм төрлийн дүрс бичлэгээр нүүрээ халхалсан хэн нэгэн найзлах хүсэлт илгээж байсан уу. Ийм найзлах хүсэлтийн ард далд сонирхол, гэмт хэргийн сэдэл нуугддаг байна.
Баримт 1: Өсвөр насны охид, бүсгүйчүүд садар самуунд уриалсан фэйсбүүк группт нэгдэж байна. Тэд энэ бүлгээрээ дамжуулан бие биедээ эротик зураг, дүрс бичлэг илгээхээс гадна биеэ үнэлдэг.
“Баримт” нэвтрүүлгийн баг энэ залуустай холбоо тогтоохын тулд фэйсбүүк хаяг нээсэн. Эхлээд бид хагас нүцгэн зургаа фэйсбүүктээ байрлуулсан хэд хэдэн охинтой цахим найз боллоо. Ингээд удалгүй зарим нь “сайн уу”, “юу байна” гэх зэргээр бидэнтэй харилцаж эхэлсэн. Охидтой хэсэг хугацаанд харилцсаны дараа тэдний бүлэгт нэгдлээ. 1000 гаруй гишүүнтэй энэ группт:
- Нэг хөөрхөн охин байна. Яг одоо цэвэрхэн ахаас мөнгө авъя, чат
- Бүх зүйл дээр дотно байх эмэгтэй байна уу?
- Эротик бичлэг зургаар солъё оо гэх зэргээр бичжээ.
Бид мэдээллээ баталгаажуулах зорилгоор тэдний нэгтэй нь уулзахаар тохирсон. Фэйсбүүктээ хагас нүцгэн зураг тавьж нүүрээ халхалсан энэ бүсгүй өөрийгөө “Т” гэдэг, 19 настай гэж фэйсбүүкээр танилцуулсан. Ингээд “Баримт” нэвтрүүлгийн баг өдөр нь фэйсбүүкээр танилцсан энэ эмэгтэйтэй, орой нь уулзахаар боллоо. Бид түүнтэй 100 мянган төгрөг гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, манай сэтгүүлч түүнтэй ярилцаж, мэдээллээ баталгаажуулах зорилготой байсан. Ингэхдээ тохирсон ёсоор ганцаараа биш, хоёулаа очихоор зохион байгууллаа. Тэнд ийм яриа болсон юм.
"Мөнгөний хэрэг гарахаар л явдаг. Фэйсбүүкийн хуурамч хаягаараа хүмүүстэй холбогддог. Заримдаа хүмүүс өөрсдөө санхүү авах уу гэж чат бичдэг. 100-200 мянган төгрөгийн хооронд тохирдог" гэв.
Урт хормойтой, улаан эрээн куртик өмсөж, үүргэвч үүрсэн энэ бүсгүй өдөр нь фэйсбүүкээр танилцсан, царайг нь ч хараагүй хүнд биеэ үнэлэхээр шөнийн 12 цагт ирсэн юм. Бид фэйсбүүк хаяг нээгээд 5 хонох хугацаанд “Би 5000 нэгжээр хонодог. Одоо 2500-г нь явуулчих” гэх нэгэн байхад 250 мянгаар нэг шөнийг хамт өнгөрөөнө гэх хүн ч таарлаа. Тэд өөрсдийгөө 18-19-тэй гэх боловч фэйсбүүкийн танилцуулгаас нь харахад 14-25 настай байв. Одоо Фэйсбүүкээр дамжуулж биеэ үнэлдэг охидыг таньдаг гэх 15 настай охины яриаг хүргэе.
"Би нэг хэсэг гудамжинд амьдарсан. Тэр үед өөрөөсөө эгч 16-19 насны хэдэн хүүхдүүдтэй найзалдаг байсан. Нэг удаа тэд намайг “Энэ ах чамайг авъя гэнэ ээ” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэр хүмүүстэйгээ Фэйсбүүкээр холбогддог юм байна лээ" гэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хууль болон Садар самуунтай тэмцэх тухай хуульд биеэ үнэлэх болон энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэтэл өсвөр насны охид болон бүсгүйчүүд цахим орчноор дамжуулан биеэ үнэлэх, бусдыг садар самуунд уриалах тохиолдол гарсаар байна. Хамгийн гол нь хэнтэй ч, хэзээ ч хамаагүй уулзахад бэлэн энэ охид гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос эхлээд эрүүл мэнд амь насаараа ч хохирох аюултай гэдгийг албаныхан анхааруулж байна.
Баримт: 2 Фэйсбүүк хэрэглэгчдийн 5-10 хувь нь хуурамч хаягтай байдаг байна. Иймээс манай улсад цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хянаж шалгахад хүндрэлтэй гэж албаныхан хэллээ.
Өсвөр насны охид, бүсгүйчүүд садар самуунд уриалсан фэйсбүүк группт нэгдэх, улмаар зарим нь биеэ үнэлэх тохиолдол гарч байгаа тухай бид баримттай мэдээлсэн. Тэгвэл үүнээс гадна цахим орчинд биеэ зөв авч явах соёл эзэмшээгүйгээс болж, мөн гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, “гэртээ ганцаараа байна”, “уйдаж байна” гэх зэргээр өөрийгөө илэрхийлэх нь хэн нэгний хараанд өртөх шалтгаан болдог гэлээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Эрдэнэбилэг.
Олон удаа “гэртээ ганцаараа байна” гэдэг ч юм уу ийм зүйл постлох нь эрсдэлтэй. Хэн нэгэн чамайг хараандаа авчихаад, хуурамч фэйсбүүк нээгээд найзын хүсэлт илгээж болно. Найз болсныхоо дараа тэнд уулзъя гэнэ. Тэгээд уулзсаныхаа дараа тэр хүүхдийг яаж ч дарамталж, ямар нэг байдлаар гарах гарцгүй болгодог. Үүнээсээ болоод тухайн хүүхэд биеэ үнэлэх, садар самуунд орооцолдох ч юм уу иймэрхүү зүйлс их гардаг. Тэгэхээр бичиж байгаа зүйл болон зураг хөргөө бодолтой оруулах хэрэгтэй байна. Өөрөөөөрийгөөл хамгаалж байхгүй бол цахим ертөнцөд гэмт хэрэгт ороход маш амархан. Цахим ертөнцийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Мэдээлэл хоёр талтай байдаг. Тэрний сайн мууг нь ялгаад зөв ашиглаад сурчих юм бол өөрөөөөрийгөө хамгаалж чадна.
Цахим орчинд хуурамч хаяг, эсвэл садар самуунд уриалсан бүлэг үүсгэж байгаа хүмүүс бүгд далд зорилготой. Тэд “бүгд л ингэдэг шүү дээ”, “хүн болгон л дуртай” гэх зэргээр түгээмэл хэв маяг бий болгож, жинхэнэ зорилгоо нуухыг хичээдэг. Өнгөрсөн 2016 онд л гэхэд Цагдаагийн байгууллагаас 40 гаруй нууц группийг илрүүлсэн байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэх боломж бага байдаг гэж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Очирбат хэллээ.
Хуулиараа давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг болохоор ял шийтгэл авсан нь цөөхөн байдаг. Садар самуун сурталчилсан гэсэн зүйл ангиар 2014 онд нэг, 2015 онд хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ийм асуудал цахим сайт болон фэйсбүүкт их гардаг. Нууц групп үүсгэх ч юм уу, бусдад садар самуун сурталчлах зэргээр хууль зөрчдөг. Хууль зүйн яамнаас чиглэл ирүүлсний дагуу 2016 онд нийт 50 нууц группийг илрүүлж таслан зогсоосон. Гэхдээ энэ нь давтан үйлдэл биш учраас эрүүгийн хэрэг үүсгээгүй.
Монгол Улсын хэмжээнд фэйсбүүкт өдөртөө950 хэрэглэгч тогтмол ханддаг. Харин сард 1 сая 600 мянган хүн ханддаг байна. Дэлхийн дунджаар нэг хүн өдөр 57 минут Фэйсбүүкт ханддаг бол манай улсад нэг хүн 77 минут ордог гэсэн судалгаа гарсан байна. Гэтэл дэлхийн нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 5-10 хувь нь хуурамч хаягтай байдаг. Тодруулбал, 140 сая хүн хуурамч хаяг нээж, бусдыг хөндлөнгөөс ажиглахыг илүүд үздэг байна. Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Эрдэнэбилэг:
Нэгдүгээрт, Бүлэг хүмүүс юм уу, нэг хүн хуурамч хаяг нээж байгаа нь зорилготой байдаг. Зорилгоо биелүүлэхийн тулд хэн нэгнийг группдээ элсүүлдэг. Хоёрдугаарт, Фэйсбүүк бол АНУ-ын оюуны өмч. Тиймээс та фэйсбүүкээс болж, ямар нэг гэмт хэргийн золиос боллоо гэхэд шалгаж, хянахад хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл фэйсбүүкт тавигдсан мэдээллийг шалгахын тулд АНУ-д хандах шаардлагатай болдог. Иймээс та өөрийнхөө хувийн мэдээллийг фэйсбүүкт бага оруулж, нийтэлж байгаа үг, зураг хөргөөболгоомжтой тавих хэрэгтэй. Ингэж л өөрийгөө л хамгаалах нь чухал байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн тоо өссөн. Тэгвэл үүний шалтгааныг цахим ертөнцөд хувийн мэдээллээ хамаагүй нийтлэх, залуус нийгмийн сүлжээнд биеэ зөв авч явах соёлд сураагүйтэй холбоотой гэж албаныхан үзэж байна. Хэн нэгэн найзын хүсэлт явуулахад шууд хүлээж авдаг. Тэгээд харилцаа үүсгэнэ. Дараа нь уулзана. Өөрийн үнэн дүр төрхөө нуусан нэгэнтэй ингэж харилцааүүсгэх нь эцэстээ олон эрсдэл дагуулна гэдгийг албаныхан анхааруулж байна.
МҮОНР-гийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг