Мянгат малчны мяндсан ухаан

  • 2017-04-11 13:05:00
  • Мэдээлэл
  • 427

Л.Ганчимэг “Өнөөдөр” сонин


Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Улсын сайн малчин Н.Шаравжамц гуайнд очиж сурвалжилга хийх хүсэл, зорилгоо хэлэхээр утас руу нь залгатал урдаас олон таван юм шалгаалгүй, “Бор-Өндөрийн 42 дугаар байрны 53 тоот шүү” гэхэд нь их гайхав. Мэдээж би энэ хариултыг хамгийн ихээр хүсэж байсан хэрнээ өөрийнх нь байгаа газраас 330 км-ын цаанатайх Улаанбаатар хотоос сурвалжлагч очно гэхэд гэрийнхээ хаалганы номерыг хүртэл хэлж өгөх тийм нээлттэй хүн гэж үнэндээ бодоогүй билээ. Цаг үе, нийгмээ дагаад малчид маань хүртэл өөрчлөгдөн, шүлэгт гардаг шиг байхаа хэдийнэ больж, хаалгаа дангинатал цоожлон, сэтгэлээ ч цуургалдаг болсон. Тиймээс ийм ховор, сайхан айлд очих гэж буй нь том завшаан байлаа.

Монголд байгаа 6800 гаруй мянгат малчин, 700 орчим Улсын сайн малчнаас Н.Шаравжамц гуайг онцолсон нь учиртай.Яагаад гэвэл тэр болулсдаа 100 хонь бэлэглэсэн гавьяатан билээ. “Малчин бид улсаас бишгүй л дэмжлэг авдаг. Одоо харин улс орноо эдийн засгийн хямралаас гарахад нь хувь нэмрээ оруулах хэрэгтэй” хэмээн бусдыгаа уриалж,өөрөө салхийг нь хагалсан нэгэн.Зовох цагт нөхрийн чанар танигдахын үлгэр жишээ болсон түүний энэ санаачилга яах аргагүй Монголын гэгээ юм.

“Одоо цагт сургууль, цэцэрлэгийн хүүхэд харах чинь мал маллахаас хавьгүй хэцүү ажил юм. Аль амбасын үед дөрөвдүгээр анги төгссөн бидэн шиг улс энэ хүүхдүүдийн даалгаврыг хийлгэнэ гэдэг амаргүй даваа байна” гэсээр хоёр хөгшин биднийг угтлаа. Н.Шаравжамц гуайнх зургаан хүүхэдтэй бөгөөд хамгийн бага хүү Ш.Эрдэнэбаяр нь хөдөөх мал хуйгаа адгуулдаг гол хүн тул хүүхдүүдийг нь эрдэм ном сургах үүргийг тэд хүлээн, Бор-Өндөрт аж төрж буй гэнэ. Гэхдээ энэ ажлыг эхнэр Г.Түмэндэлгэр нь ихэвчлэн нугалж, Н.Шаравжамц гуай бол голдуу хөдөө мал дээрээ байдаг дуртай гэсэн.

100 хонь бэлэглэх гэсэн биш...

“Улс орны эдийн засаг хүнд байна гээд дөрвөн тэрбум доллар гадаадаас зээлэх гэж байгаа бололтой юм. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж үгтэй. Тиймээс төр, засгийнхныг болж өгвөл бага л өр тавиасай гэж би боддог. Тэгээд жаахан ч гэсэн нэмэр тус болбол болог гээд 100 хонь бэлэглэе гэсэн юм.  Малын буян их шүү дээ. 1000 хониноосоо 100-г нь улсдаа өгчихөд үлдсэнээр нь бид хангалттай сайхан амьдарч дөнгөнө” хэмээн Н.Шаравжамц гуай мал хандивлах болсон шалтгаанаа хуучиллаа. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид Дархан суманд ирж,орон нутгийн иргэдтэй уулзах үеэр нь тэрбээр ийн амлажээ. Тухайн үед эхнэр нь ч энэ тухай мэдээгүй байтал тал талаас хүмүүс утасдан “Шаравжамц улсад 100 хонь бэлэглэнэ гэсэн юм уу. Монгол ардын намын гишүүн биш байж яагаад тэгж байгаа юм бэ” гэх мэтээр шалгааж эхэлсэн байна. Зарим малчид “Энэ хэнхэг нөхөр биднийг хөлдөө чирэх нь” гэж хүртэл ундууцсан гэнэ. Хариуд нь Г.Түмэндэлгэр гуай “Би энэ хөгшнийг дотроо юу бодож санаж явдгийг яаж мэдэх вэ. Бусад хүн дуурайгаад юм өгнө үү, байна уу өөрсдийнх нь дурын хэрэг. Гэхдээ өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг. Зөвхөн малчид ч гэлтгүй, өндөр цалинтай төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа улсад хандивласан ч болохгүй гэх газаргүй” гэжээ. Хэлдэг л үг. Өөрсдийнх нь хоттой малаас туугаад явах гэж байгаа юм шиг хүмүүс юунд тэгтлээ сандарсан юм бол. Бас дээрээс нь намын гишүүнчлэл ярьж л байдаг, тийм завхарсан улс байх гэж.

“Манай нэг хүүхэд эмч нарын буруугаас болоод саажилттай болчихсон юм.  Өвчтэй хүүхдээ асарч тойлохын хажуугаар хувь, хувьсгалын хэдэн малыг өсгөх гэж  нэг охиноо зургадугаар ангиас нь, бас нэгийг нь долдугаар ангиас нь сургуулиас гаргаж байлаа. Бага хүү маань өөрөө саналаараа сургуулиас гарсан. Тэглээ гээд айхтар буруудаагүй ээ. Малын буянаар хэдэн хүүхдүүд минь одоо сайн сайхан амьдарч байна” хэмээн гэрийн эзэгтэй ярилаа. Ингэж өсгөсөн мал сүргээсээ улс орондоо тус нэмэр болъё гээд хандивлах гэсэн биш хүмүүст элдвээр хэлүүлсэндээ Н.Шаравжамц гуай харин огт юм бодоогүй гэв. “Тэртээ тэргүй намайг хэрхэн хөдөлмөрлөж, яаж амьдарч ирснийг энэ нутаг усныхан андахгүй” гээд тэрбээр том мөнгөн аягатай цайгаа хэдхэн сороод хоосолчихов. 70 хүрч яваа гэхэд бөгтийх янз ер ороогүй өндөр нуруутай, ханагар өвгөн Зүүнбаянд гурван жил цэргийн алба хааж явсан галтай залуу насныхаа тухай яриа дэлгэхэд хажуугаас хөгшин нь орж, “Одоо ингээд “Би залуудаа танхай явсан” гээд хөөрцөглөөд эхэлнэ ээ” хэмээн өвгөнөө цаашлууллаа. Н.Шаравжамц гуайг цэргийн алба хаагаад ирсний дараахан тэд тоонот гэрт толгой холбон, өдгөө 40 гаруй жил ханилан сууж буй гэнэ. 

“Туугаад явна гэвэл тоолоод өгөх мал нь бэлэн байна”

1990 оны ардчиллын дараа өмч хувьчлалаар эднийх 100 нэлээд гаруй мал авч байсан бол арав хүрэхгүй жилийн дотор мянгат малчин болжээ. “Нэгдлийн мал хариулдаг байхад ялгаагүй л өдөр шөнөгүй зүтгэдэг хэрнээ амьдрал нэгэн хэвийн үргэлжилдэг байлаа. Харин одоо бол өөр. Хүн ажилтай, арчаатай, овсгоо самбаатай, зорьсондоо тууштай байвал ариун цагаан хөдөлмөрөөрөө юу ч бүтээж болдог сайхан нийгэмд бид амьдарч байна. Гэхдээ би малаа 1000-аас хэт дээш гартахыг боддоггүй” хэмээн Н.Шаравжамц гуай Бор-Өндөрөөс 18 км-т орших Хонгорын хашаат хэмээх газарт намаржиж буй хүүгийнх рүүгээ явахдаа хуучлав. Үр хүүхдүүддээ өмч хөрөнгийг нь тасалж өгөөд, цөөнгүй айлыг малтай болгосон Улсын сайн малчин маань эзэн хүн юмаа мэдэж, эрэг усаа хашдагийн үлгэрээр буянт сүргээсээ зарж үрэхдээ ч нэг их гар татдаггүй гэнэ. “Би зургаахан хүүхэдтэй “ядуу” хүн. Хүн бүл цөөтэй болохоор хэт олон мал өсгөх дэмий юм. Одоогийн залуусыг цалинтай мал маллуулъя гэхээр зугтаад байдаг. Зарим нь ганц нэгхэн сар ажиллаад, цалингаа авангуутаа алга болчихно. Хийх ажилгүй, гадуур сэлгүүцэж байгаа нөхөд юу боддог юм мэдэхгүй” гээд нийгмийн асуудалд санаа зовнидгоо ч хашир малчин нуусангүй. Тэрбээр өнгөрсөн хавар өөрийн 1000 гаруй хонио төллүүлэхдээ хотоос уран гартай оёдолчин охиноо хүртэл дуудаж, Бор-Өндөрөөс бас нэгийг нь авчирч, гурвуул элбэн байж их ажлын ард гарсан гэнэ лээ.   

Хэнтий рүү цас их орсон тул Ш.Эрдэнэбаярынх өвөлжөөндөө хараахан бууж амжаагүй байв. Өвсний сөл татрах тийшээ хандсан тул адуу, үхрээ эндээс 40-өөд км-т буй өвөлжөөний бэлчээр рүүгээ залжээ. Өдгөө 28 настай тэрбээр Дархан сумын хамгийн залуухан мянгат малчин юм билээ. Тэднийх аавынхтайгаа нийлүүлээд 2000 гаруй хонь хариулдаг аж. Биднийг очиход хонио эм, сувайгаар нь ялгачихсан, эхнэр, нөхөр хоёул хоёр талд бэлтээрт явж байлаа. Дээшээ өгсөөд өвөлжөөндөө буучихаар тэр олон хонийг худгаас услахаас эхлээд хийх ажил бүр их нэмэгдэх ч мал дагасандаа огт харамсаж байгаагүй гэдгээ Ш.Эрдэнэбаяр, М.Солонго хоёр хэлсэн юм. Н.Шаравжамц гуайн дээрх санаачилгын тухай хүүгээс нь асуухад “Аавыгаа би зөв зүйл санаачилсан гэж бодож байгаа. Зурагтаар харж байхад манай улс нэлээд хэцүүхэн байдалд орсон юм шиг санагддаг. Тиймээс бусад малчид ч гэсэн үүнийг дэмжээсэй” гэлээ. Харин энэ үед Г.Түмэндэлгэр “Манайхны хувьд ямар ч байсан туугаад явна гэвэл тоолоод өгөх мал нь бэлэн байна. Улс энийгээ авах юм бол мал тооллогоос өмнө аваасай билээ. Юмыг яаж мэдэх вэ, энэ жил зуд турхан болох ч юм бил үү” хэмээн үгээ нэмэрлэв.

Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхийн учир юу вэ

 “Май, энэ халзан цагаан хонинуудыг туугаад яв” гээд байхад уухайн тас ухасхийгээд хөдөлдөггүй дарга нар байдаг л юм байна. Хачин юм шүү. Н.Шаравжамц гуайг улсад 100 хонь бэлэглэхээр болсныг сумын Засаг дарга болоод ИТХ-ын даргаас эхлээд жирийн иргэд нь хүртэл мэдэж байна лээ. Тэр бүү хэл, аймгийн Засаг дарга Н.Ганбямба ч мэдэхийн цаагуур мэдэж байсан. Тэгсэн хэрнээ яагаад Улсын сайн малчнаас гарсан мяндсан ухааныг дэмжээд, санаачилгыг нь ажил хэрэг болгоход анхаарахгүй байгаа юм бол. “Танай нутгийн Улсын сайн малчин Н.Шаравжамц гуайнд очиж сурвалжилга хийнэ. Тэр хүний улсад бэлэглэх гэж буй 100 хонийг хэрхэх талаар орон нутгийнхан нь ямар нэг санаа шийлэл олсон уу” гээд утсаар ярьнаас хойш сумын Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр хоёулаа усанд хаясан чулуу шиг алга болсон. Аймгийн Засаг дарга ч мөн адил. Хэнтий бол хамгийн олон мянгат малчинтай аймгуудыг эрэмбэлэхэд айргийн тавд ордог газар. Зөвхөн Дархан суманд л гэхэд 40 гаруй мянгат малчин байдаг юм билээ. Яагаад тэднийгээ уриалан хөдөлгөж, “Манай нутгаас ийм сайхан санаачилга гарлаа шүү. Одоо үүнийг мянгатууд минь дэмжээд нутаг орныхоо нэрийг гаргацгаая”гэхгүй байгаа юм бол. Уг нь амбийцлах дуртай хүмүүст энэ бол зөв ашиглаж чадвал маш том боломж байхгүй юү. Гэтэл аманд нь бэлээхэн гулсаад ороод ирсэн шар тосыг хэлээрээ түлхэхийн учир юу байж болох вэ.

Тэд хүний урманд амлалтыг нь нэхэж эзэнтэй нь ч дахиж холбоо бариагүй гэсэн. Н.Шаравжамц гуайгаас “Таныг 100 хонь амлахад гишүүн юу гэсэн бэ” гэхэд “Баярлалаа” гээд дараагийн сум руугаа талийж өгсөн гээд хэнэггүйхэн инээмсэглэв. “Хүн эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай байх нэг хэрэг. Гэхдээ хамгийн гол нь амьдралын ухаантай, хүн чанартай байх хэрэгтэй” гэдэг зарчмыг амьдралдаа тэр баримталж ирсэн гэнэ лээ. Биднийг явахад нэлээд гөлөмцүү үлдсэн тэрбээр сөөнгөдүүхэн хоолойгоор “Зөв явбал Зөөлөн зөөлөн замбуулин” хэмээн дуулсаар ард хоцорсон юм.

(2016.10.13-ны өдрийн “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн)