МОНГОЛ ба Д.ТРАМП
- 2017-04-19 15:50:00
- Мэдээлэл
- 657
Б.ЕРЭНТЭЙ. Үндэсний шуудан.
Төрд ажлын долоо хоногийн 40 байтугай, нэг өдрийн найман цаг ажиллаж үзээгүй, хувийн хэвшлээс төрсөн тэрбумтан Д.Трамп Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Ирэх арванхоёрдугаар сарын 19-нд АНУ-ын Конгрессын дээд танхимын 100 сенатч, доод танхимын 438 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй Electoral College хуралдаж Д.Трампыг төлөөллийн 290 саналаар сонгуульд ялсан болохыг баталгаажуулсан тогтоол гаргана. Энэхүү тогтоолыг Конгресст ирэх 2017 оны нэгдүгээр сарын 6-нд өргөн барих бөгөөд түүнээс 14 хоногийн дараа нэгдүгээр сарын 20-нд Д.Трамп тангараг өргөснөөр Америкийн төрд алба хаших ажлын гараагаа эхэлнэ.
Сонгууль бол тайван замаар төрийн “эргэлт” хийж байгаа нэг хэлбэр болохоор 70 жил 7 сар 6 хоногтойдоо Төрийн тэргүүн болж буй тэрбээр Барак Обамагийн засаглалын үеийн 4100 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөрийн хүмүүсээ тавина. Одоогоор Цагаан ордны захиргааны тэргүүн буюу Тамгын газрын даргаар БНН-ын Үндэсний зөвлөлийн ахлагч Рейнс Прибус, Ерөнхийлөгчийн стратеги бодлогын ахлах зөвлөхөөр, сонгуулийн багийнх нь ажилтан Стефен Баннон нарын нэр тодроод байна. Шинээр төрд алба хаших дөрвөн мянгатын жагсаалтад Д.Трампын гурван хүү, нэг хүргэн нь бичигдэж буй. Дашрамд онцлоход манай Монгол Улсыг гайгүй сайн мэдэх нэгэн эрхэм гайгүй дээд тушаалд тавигдах сайн мэдээ дуулдаж байна. Их гүрний гадаад бодлогыг гардаж хариуцдаг, АНУ-ын төрийн албан тушаалын зэрэглэлээрээ гуравт бичигддэг Төрийн нарийн бичгийн даргаар ноён Ньют Гингрич болох магадлал маш өндөр байна. Эдүгээ 73 настай энэ эрхэм нь БНН-ыг Төлөөлөгчдийн танхимын сонгуульд 1994 онд ялахад гол үүрэг гүйцэтгэж тус танхимд 1954 оноос 40 үргэлжилсэн АН-ын давамгайллыг зогсоосон “баатар” юм. Тэрбээр 1995 онд “Тайм” сэтгүүлийн шалгаруултаар “Оны хүн” болж, 2000 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, БНН-ын сунгаанд өрсөлдөж байсан юм. Америкт төдийгүй дэлхийд үнэлэгддэг дипломатч улстөрч Ньют Гингрич нь 1995-1999 онд Төлөөлөгчдийн танхимын спикер байхдаа албан ажлын шаардлагаар төдийгүй хувийн сонирхол итгэл үнэмшлээрээ манай Монгол Улс, монголчуудын талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй болсон байдаг.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, БНН-ын Ньют Гингрич нар. АНУ. 2014.9.26
Харин Америкийн 45 дахь Ерөнхийлөгч Д.Трамп нь өнгөрсөн 2015 оны наймдугаар сарын 5-нд “Fox News Channel”-ын нэвтрүүлэгт орсноосоо хойш монголчуудын талаар сонирхох болсон гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Тэр нэвтрүүлгээр хөндөгдсөн сэдвийн нэг нь Мексик улсаас орж ирдэг мексик болон Латин Америкийн бусад орны цагаачдын урсгалыг хааж хоёр тэрбум ам.долларын өртөгтэй ханан хаалт хил дээр бариулах тухай байлаа. Д.Трамп уг ханыг барих зардлыг Мексик Улсаас өөрсдөөс нь гаргуулна гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ. “Fox News Channel”-ийн сэтгүүлч Билл О'Рейлигийн хөтөлсөн тус нэвтрүүлгийн талаар тухайн үед Америкийн хэвлэлээр гарсан бичвэрүүдээс нэгийг уншигчдадаа сонирхуулъя.
“Fox News”-ийн захирал Билл О'Рейли АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамптай Америк, Мексикийн хил дээр хана босгоно гэж амласан сонгуулийн амлалтынх нь тухай ярилцжээ.
Харин үл хөдлөх хөрөнгийн магнат барина гэж амлаж буй ханаа Хятадын цагаан хэрэмтэй зүйрлээд, Билл О'Рейлид “Олон мянган жилийн өмнө баригдсан 13 мянган миль урт Хятадын Цагаан хэрмийг мэднэ биз дээ. Үүнтэй харьцуулах юм бол “газрын самар” шиг зүйл шүү дээ. Их амархан” хэмээн тайлбарлажээ.
Билл О'Рейлигийн “Та хана барих зардлыг Мексикийн Засгийн газраар төлүүлнэ гэсэн. Тус улсын Засгийн газар болон Ерөнхийлөгч Энрике Пена Нието энэ зардлыг гаргана гэдэгт итгэлтэй байна уу. Та үүнийгээ Ерөнхийлөгч Энрике Пена Ниетод юу гэж тайлбарлах вэ. Магадгүй Энрике Пена Нието танд хандаж “Энэ тухай мартаж үз, Трамп” гэж хэлэх байх” гэв.
Харин Трамп “Мексикүүд Америкт амьдрахаар ирж байна. Тэд манай худалдааны салбарыг “шинэ хятадууд” шиг эзэлж байна. АНУ, Мексикийн хил дээр тэд америкчуудыг алж байна. Би мексикчүүдийг хүндэлдэг. Өнгөрсөн жилүүдэд олон мянган мексик хүн миний удирдлага дор ажиллаж байсан. Гэхдээ энэ байдал цаашид үргэлжлэхгүй. Хэрэв би хана барих зардлыг Мексикийн Засгийн газар гаргана л гэсэн бол тэд гаргах ёстой” гэв.
Билл О'Рейли Цагаан хэрэм болон Мексик, АНУ-ын хил дээр барих ханын талаар ярьж байснаа үргэлжлүүлэх санал тавихад тэрбээр “Хятадууд Цагаан хэрмээ гаднын хүмүүсийг буюу цагаач дүрвэгчдийг нэвтрүүлэхгүйн тулд барьсан юм. АНУ ч гэсэн мөн адил хууль бус цагаачдыг оруулахгүйн тулд энэхүү ханыг барьж байгаа юм” гэж хариулжээ.
Харин Билл О'Рейли “Үгүй ээ. Хятадууд Монгол дайчдын довтолгооноос хамгаалахын тулд уг ханыг босгосон юм шүү дээ. Хэрэв та Цагаан хэрмийг хятадуудтай адилхан зорилгоор ашиглахыг хүсч байгаа бол маргааш ч хамаагүй монгол цэргүүд хүрээд ирнэ гэж бодож байгаа хэрэг үү” гэв.
Дээрх бичвэрээс харахад хүн төрөлхтөний түүхэндээ бүтээсэн хамгийн том байгууламжийн нэг Цагаан хэрэмийг 13 мянган миль гэсэн нэг эндүүрэл гарчээ. Энэ хэрэм нь 5499 миль урт байсан бөгөөд өнөөдөр ердөө 3889 миль нь үлдсэн байгаа. Нөгөөтэйгүүр Цагаан хэрэм босгосон шалтгаан, зориулалтыг бүр эсрэгээр нь тайлбарлажээ. Эерүүлж бодон Д.Трампыг зөвтгөхөд энэ нь зориуд санаатайгаар хэлсэн үгс биш, харин тус байгууламжийн талаар анхан шатны мэдлэггүй байсанд оршино. Энэ 2016 оны нэгдүгээр сарын 18, гуравдугаар сарын 1-нд Виржиниа мужийн Либерти их сургууль, Флоридо мужийн зүүн хойд хаяаны Линсбург дэх өөрийн Мар-а-Лаго ордондоо хийсэн хэвлэлийн хурлын үер Мексикт босгох ханан хаалтын талаархи сэдвийг дахин хөндөхдөө түүний хэлсэн ярьсныг анзаарахад Цагаан хэрэм босгосон зориулалтын бодит үнэнийг олж мэдсэн нь мэдрэгдэж байна лээ.
Америкийн Ерөнхийлөгчдөөс, 1949 онд байгуулагдсан БНХАУ-д айлчилж Цагаан хэрэмийг үзэж сонирхсон хамгийн анхных нь Р.Никсон. Дэлхийн II дайнаас хойшхи “хүйтэн дайн”-ы үед үзэл суртлаараа хоёр хуваагдсан дэлхийд улс төрийн зөөлрөлийг бий болгоход асар нөлөө үзүүлж түлхүүр “тоглогч” болж байсан АНУ-ын -37 дахь Ерөнхийлөгч Р.Никсон тус улсад 1972 оны хоёрдугаар сарын 21-28-нд айлчилсан. Түүний айлчлалыг БНХАУ, АНУ -ын хооронд 1979 оны нэгдүгээр 1-нд дипломат харилцаа тогтоох түүхэн үйл явдлын шав тавьсан алхам гэж улс төр судлаачид дүгнэдэг. Тэрбээр манай урд хөршид долоо хоног зочлохдоо Бээжин, Гуанжоу, Шанхай хотоор орж, улмаар Түмэн газрын урт хэрэм-Ваньли Чанчэнийг үзэж сонирхон ертөнцийн гайхамшигуудын нэг болохыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Ерөнхийлөгч Р.Никсон айлчлалынхаа үеэр Цагаан хэрэмний талаархи “Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” гэсэн алдарт үгээ хэлсэн.
Монгол Улсын төрийн шагналт Баабар Батбаяр цаг хугацааны хувьд нэлээд хожуу ч гэлээ дээрхээс үл дутах утга төгс үг хэлсэн билээ. Түүний “Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна” гэсэн үг нь “XX зууны Монгол. Нүүдэл суудал” номынх нь өмнөтгөлийн хуудсанд бий. Ерөнхийлөгч Р.Никсоны үг ч бас байгаа.
1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Цагаан хэрэм Төв Азийн нүүдэлчдийн довтолгооноос батлан хамгаалах зориулалтаар МЭӨ VII-IV зуунд анхлан баригдсан бөгөөд МЭӨ III зуунд Цинь Ши хуанди хамгаалалтын хэрмүүдийг холбож харуулын цамхагууд бүхий цогцолбор болгосон. Харуулын цамхагууд нь умардын нүүдэлчид хэрмийг байлдан эзлэхээс хамгаалах стратегийн, түүнчлэн тухайн үеийн нийслэл Сяньян хоттой өдөр нь утаа тавьж, шөнө нь гал гаргаж дохиогоор харилцахад чухал үүрэгтэй байлаа. Хэрмийг анхлан чулуун өрлөг ба элс шавраар хийж байгаад, хожим нь зүүн хэсгийг нь тоосгоор өнгөлжээ. Бүүр хожмоо XY, XYI зуунд маш сайтар сэргээн засварласан. МЭӨ 199 онд манай Хүннү гүрний Модунь шаньюй, Хятадын Хань улсын (МЭӨ 206-МЭ 25) хаан Лю бан хуанди нар найрамдлын гэрээ байгуулж, Цагаан хэрэмээр тус тусын албат иргэдийн нутаглах хилийн зурвасыг тогтоосон нь дэлхийн түүхэнд Хятад болон Төв Азийн нүүдэлчин монголчуудын хооронд хийсэн анхны, хилийн демаркац гэж бичигддэг. “Цагаан хэрэмээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь хуандид захирагдана...Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд” гэх мэт тодорхой заалт бүхий “Энх ургийн гэрээ” гэж олон улсад нэрлэгддэг энэхүү хилийн демаркацаас хойш 2205 жил өнгөрчээ.
Төгсгөлд нь хэлэхэд, бидний монголчууд Цагаан хэрэмийг бариулахад хүргэсэн өвөг дээдэс Хүннү нарын байгуулсан тулгар төрийн түүхийг үргэлжлүүлэн 2225 дахь жилдээ “бичиж” байгаа гэдгээрээ нэг бахархъя. Бас 240 жилийн түүхтэй, өнөөгийн их гүрэн АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампад хүннү, монгол ёсоор хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.