Амины үнэтэй халуун тогоо
- 2017-04-17 14:55:00
- Мэдээлэл
- 487
Б.Баярмаа, Б.ГАНБАЯР. "Засгийн газрын мэдээ”
2017.03.30. № 050/596/
-Халуун тогоотой зүйлд түлэгдвэл биеийнх нь 40-өөс дээш хувь нь шалзардаг-
Тонгочин тоглодог насандаа эмнэлгийн бүгчим өрөөнд дусал залгуулж, ээж аавынхаа өвөр дээр өвчиндөө шаналан хэвтэх хүүхдүүдийг эгцэлж харах ч хэцүү. Тоглоомынхоо хойноос гүйж яваад халуун тогоотой усанд түлэгдсэн гурван настай охин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтээд зургаа хонож байна. Түүний ээж Б.Уянга үүнд өөрийгөө буруутган, эмнэлэгт охиноо сахих хугацаанд сэтгэл нь хямарч, нойргүй шахуу хэд хоножээ. Тэд Сэлэнгэ аймгаас хотод ирсэн даруйдаа эхний өдөр охиныхоо эмчилгээнд 100 мянга гаруй төгрөг өгсөн аж. Харин одоо боолт, тос зэрэг ойр зуурын хэрэгцээнд өдөрт 20 орчим мянган төгрөг зарцуулж байна. Хэдийгээр ор үнэгүй, улсын төсвөөс эмийг нь даадаг ч зардал үүгээр тогтохгүй нь ойлгомжтой.
Өнгөрөн онд ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэж буй 0-5 насны хүүхдүүдийн зөвхөн эмийн зардалд улсын төсвөөс 417 сая төгрөг олгожээ. Тодруулбал, нэг хүүхдэд дунджаар 436 мянган төгрөгийн эмийн зардал ногдож байна. Хэрэв өндөр хувийн түлэгдэлттэй бол эцэг, эхчүүд хагалгааны зардлын 25 хувийг халааснаасаа гаргана.
Түлэнхийн тасагт хүүхдүүд дунджаар ес хоног хэвтдэг байна. Эцэг, эхчүүд эхний хоногт 100 мянга, дараагийн найм хоногт 20 мянган төгрөг зарцуулдаг гэж үзвэл улсын төсвийн эмийн зардалтай нийлээд 600 мянга гаруй төгрөг нэг хүүхдийн эмчилгээнд зарцуулдаг байна. Хэдийгээр бага сонсогдож болох ч энэ бол зарим айлын бүтэн сар амь зуух мөнгө. Хэрэв хүүхдийн бие тааруу бол зардал үржихийн хүрдээр өснө.
ГССҮТ-д сүүлийн дөрвөн жилд түлэгдсэн шалтгаанаар 14,372 хүүхэд ханджээ. Мөн 0-5 насны 160 хүүхэд хорвоог орхисон гашуун мэдээ байна. Тэдний 35 хувь нь халуун тогоонд буцалж байсан зүйлд түлэгдсэний улмаас амиа алдсан нь эмгэнэлтэй.
Импортын халуун тогоотой хоол, цайнд түлэгдсэн хүүхдүүд ихэнхдээ 40-өөс дээш хувиар түлэгддэг учир бяцхан үрсийн аминд хүрэх хамгийн эрсдэлтэй ажээ. Түүнчлэн доороо суурьтай тул гэр хорооллын айлууд ихэнхдээ газар тавьдаг нь бага насны хүүхдүүдийн түлэгдэх том шалтгаан болдог ажээ. Халуун тогооны зах зээлийн үнэ 30-40 мянган төгрөг. Гэвч импортын энэ хямд бүтээгдэхүүн хурдан буцалдгийг эс тооцвол эрүүл мэндэд хортой, хүүхдийн аминд халтай хэрэггүй эд. Ийм бүтээгдэхүүнийг худалдан авч, бяцхан үрсийнхээ амийг халуун тогоогоор сольсоор байх уу.